Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Ж.Мядагмаа: Бид шилдэг техник технологи нэвтрүүлж байж л хурдацтай хөгжинө



“Би Эм Монголиан Партнерс” компанийн санаачилгаар “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал 4 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд ШангриЛа зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол улсыг хөгжилд хөтлөх тэргүүний салбаруудын дэвшилтэт технологи, шилдэг тоног төхөөрөмжүүдийг танилцуулахаас гадна үндэсний аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хамтын ажиллагааны үүдийг нээх нэг боломж болох юм. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” арга хэмжээний онцлог хийгээд зохион байгуулалтын талаар “Би Эм Монголиан Партнерс”  ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Мядагмаатай ярилцлаа.


Үзэсгэлэн нээгдэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Ямар улсын хэчнээн компани бүртгүүлээд байна вэ?

Бэлтгэл ажлууд төлөвлөсний дагуу сайн явж байна. Одоогийн байдлаар ХБНГУ, Австри, Швейцарь зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орны 20 гаруй компани оролцож, тоног төхөөрөмж, технологио танилцуулахаар албан ёсоор бүртгүүлээд байгаа. Бүртгэлийн ажиллагааны хувьд 80 гаруй хувь нь хэдийнэ  баталгаажуулсан.

“Технологи, Хөрөнгө Оруулалт Монголд-2017” нь ижил төстэй бусад үзэсгэлэн, хурлаас юугаараа ялгарах онцлогтой вэ?
Монгол улсад жил бүр салбар бүрээр олон төрлийн үзэсгэлэн зохион байгуулагддаг. Эдгээр нь олон улсын компаниуд болон бизнес эрхлэгчид Монголын зах зээлд нэвтрэх, бодит байдлыг судлах томоохон гүүр болж өгдөг нь сайшаалтай. “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хуралд уул уурхайн салбараас гадна  барилга хот байгуулалт, хог хаягдал, эрчим хүч, агаарын тээвэр, мах сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг оролцуулж байгаа. Ийм өргөн хүрээний компаниуд техник, технологио Монгол улсад танилцуулах болно. 

Яагаад “Технологи, хөрөнгө оруулалт” гэж тодотгон нэрлэх болов?
Ер нь технологитой холбоотой томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт маш чухал байдаг. Тиймээс бид Щвейцарь, Хонконг, Австрийн банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг албан ёсоор урьсан. Үзэсгэлэнгийн үеэр салбар хуралдаанууд зохион байгуулагдах бөгөөд тэдгээрийн нэг нь “Хөрөнгө оруулалт”-ын салбар хуралдаан юм.

Салбар хуралдаанууд сонирхолтой санагдаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй сонирхуулаач?
Уул уурхай, барилга хот байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, зам тээвэр, мах сүүний үйлдвэрлэлийн талаар салбаруудын өнөөгийн байдал, ойрын хугацааны үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөний талаарх мэдээллийг гадны оролцогчид төдийгүй дотоодын тухайн салбарынхан, төрийн байгууллагууд хамтран танилцуулах юм. Мөн дээр дурдсан чиглэлүүдээр үзэсгэлэнг зорин ирсэн олон улсын компаниуд дэвшилтэт технологиудаа танилцуулж, олон улсад хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцах болно.

Үзэсгэлэнд оролцох олон улсын томоохон компаниудаас онцолж нэрлэвэл?
Нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, элс хайргыг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “Allmineral”, “Steinert” компанийн Австрали дах салбар, уурхайн хаягдал усыг шүүж, дахин ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Австри улсын “Andritz”, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore”, “Prime Drilling” зэрэг олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд Монголын уул уурхайн салбарынханд зориулж дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдээ дэлгэнэ.  

Сонирхолтой шийдэл санал болгох компаниуд оролцох уу?
Жилийн ихэнх өдрүүд нь нартай байдаг Монгол орны хувьд сэргээгдэх эрчим хүч хөгжих нэн таатай нөхцөлтэй. Тиймээс Австри улсын “Дас Энержи” шилэн бус фотоволтайк хавтан үйлдвэрлэгч компани шинэ технологио танилцуулна. Агаарын бохирдлын асуудал тулгамдсан өнөө үед тус компанийн хаана ч тогтоож болохуйц нарны эрчим хүчний хавтан нь шилэн хавтанг бодвол хөнгөн, уян хатан төдийгүй бүхэл бүтэн хорооллыг эрчим хүчээр хангах боломжтой. Мөн нарнаас эрчим хүч гарган авах томоохон парк болгон ашиглаж болдог.

Мөн Австрийн мах, сүү боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн “Берч Ласка” компани үзэсгэлэнд оролцож, салбар хуралдаанд илтгэл тавих гэж байгаа нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татаж байна. Түүнчлэн Австрийн бага оврын онгоц үйлдвэрлэгч “Даймонд Эйркрафт” компанийн захирал, ноён Кристиан Дрийс үзэсгэлэнгийн үеэр Монголд ирж байгаа нь бидний хувьд олзуурхууштай үйл явдал юм. Эдгээрээс гадна хог хаягдал ангилах, томоохон хот суурин газрын хаягдал усыг шүүх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай эх орондоо уулзах боломжтой болж байна.

Аливаад үр дүн хамгийн чухал. Энэхүү арга хэмжээнээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
Үзэсгэлэнгийн үр дүнг манай арга хэмжээнд оролцох гадаад, дотоодын зочид төлөөлөгчид үнэлэх байх. Бидний хувьд маш олон салбарын олон улсын компаниудтай Монголдоо танилцах боломжийг олгох  болсондоо баяртай байна. Өндөр хөгжилтэй орнуудын олон компани зориод ирэхээ мэдэгдсэн нь Монгол улсыг гадны хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр байгааг харуулж байна. Үр дүнд нь бизнесийн байгууллагууд хоорондоо холбогдон, дээрх салбаруудын хамтын ажиллагаа идэвхжинэ гэж найдаж байна.

Ерөнхий зохион байгуулагч “Би Эм Монголиан Партнерс” компанийг манай уншигчдад танилцуулна уу?
Манай компани уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Европын хэд хэдэн компанийг Монголд албан ёсоор төлөөлж ажиллахаас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа улам өргөжиж байна. Уул уурхайгаар хязгаарлагдахгүй сэргээгдэх эрчим хүч, мах сүү боловсруулалт, барилгын материал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудыг Монголд ажиллах гүүр болж ажиллаж эхэллээ. Бидний туршлагаас харахад гадны дэвшилтэт технологийг Монгол улсад нутагшуулан, төслийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь санхүүжилт юм. Тиймээс төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлд цаашид илүүтэй төвлөрөн, судалгаа хийж ажиллахыг зорьж байна. Мөн Монголд хэрэгжсэн томоохон төслүүд болон дэвшилтэт технологиудыг Монголын уншигчдадаа танилцуулах зорилгоор “Modern Technology” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.

Ярилцсанд баярлалаа.