Катерпилларын Монгол дахь дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани “Харилцагчдаа сонсъё” уулзалт өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 20-нд “Корпорейт” зочид буудалд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдаа, түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр, тус компанийн Эрчим хүч ба Тээврийн хэлтсийн Худалдааны менежер М.Цэрэнчунт, “Caterpillar Qinzhou Ltd” компанийн Бүс нутаг хариуцсан менежер Эвгени Акинин, SEM-ийн Худалдааны төлөөлөгч С.Сайнбилэг нар болон тус компанитай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн, шинээр харилцаа үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцсон юм.
“Монголын зах зээлд болон Азийн түвшинд ихэнхдээ Хятадын техникүүд олноор нийлүүлэгдсэн. Ялангуяа, 2005 оноос хойш Монголын зах зээлд урд хөршийн техник, тоног төхөөрөмжүүд хүчтэй орж ирсэн байдаг. Тэр утгаараа, Катерпиллар нь өндөр үнэтэй, насжилт урттай техникүүд нийлүүлдэг ч эдгээрийг шууд худалдан авах боломжгүй, анхан шатны хөрөнгө оруулалт бага, төслийн хэмжээ богинотой аж ахуйн нэгжүүдэд зориулан Вагнер Ази групп SEM брэндийг санал болгож байгаа юм” Худалдааны менежер С.Сайнбилэг хэмээн танилцуулгадаа онцоллоо. Мөн “E and Т”-ийн менежер М.Цэрэнчунт уулзалтын дараагийн хэсэгт “E&T factory” болон уг үйлдвэрийн бүтээгдэхүүний талаар тодорхой мэдээллүүдийг өгсөн юм.
2016 онд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийхан өөрийн гол харилцагчид болох Өвөрхангай, Архангай, Заамарын алтны аж ахуйн нэгжүүдээр орж, танилцах аялал хийжээ. Ингэж явахдаа аж ахуйн нэгжүүдэд генераторын эрэлт хэрэгцээ нэлээд байгааг олж харсан бөгөөд тэдний ихэнх нь өмнө нь тусламжаар нийлүүлэгдсэн Япон, Хятадын генераторууд байсан аж. “Сум, орон нутаг өөрийн тог, цахилгаантай болонгуут өнөөх элэгдэж муудсан генераторуудаа алтны аж ахуйн нэгжүүдэд худалдсан байдаг. Өнөөдөр алтны салбарын компаниудын дийлэнх нь SEM-ийн хэрэглэгчид байдаг учраас бид энэ удаагийн уулзалтаараа генераторуудаа түлхүү танилцуулж байна” хэмээн М.Цэрэнчунт менежер ярилаа.
Харин “Caterpillar Qinzhou Ltd” компанийн Бүс нутаг хариуцсан менежер Эвгени Акинин “CQL-ийн танилцуулга болон машин тоног төхөөрөмжийн түүх” танилцуулгадаа “2005 онд Катерпиллар компани SEM брэндийг худалдаж авснаас хойш чанарын маш том ахиц дэвшил гарсан бөгөөд 2012 оноос үйлдвэрлэлийнхээ шугамыг өргөтгөж, илүү чанартай техникүүдийг хэрэглэгчдэдээ нийлүүлсэн” хэмээн онцлов.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-иас зохион байгуулсан энэ удаагийн “Харилцагчдаа сонсъё” өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд SEM техникийг хэрхэн үр ашигтай ажиллуулж, ажлынхаа бүтээмжийг дээшлүүлэх талаар тодорхой ойлголттой болсонд талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Э.Энхдэлгэр: Хэрэглэгчээ сонсох, мэдлэг олгох уулзалтуудыг бид жил бүр зохион байгуулж ирсэн
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдаа, түрээсийн газрын захирлаас зарим зүйлийг тодрууллаа.
“Харилцагчдаа сонсъё” уулзалт өдөрлөгийг Вагнер Ази компани жил бүр зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтын талаар та юу хэлэх вэ?
“Вагнер Ази” компани 1996 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч компаниудын анхдагч нь гэж хэлж болно. Монгол улс дэлхийн техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, зам барилга, уул уурхай, дэд бүтэц, хөдөө ахуйн салбарын хөгжилд манай компани өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
Зөвхөн орчин үеийн техник тоног төхөөрөмжийг оруулж ирдгээс гадна харилцагч нартаа нийлүүлэлтийн дараах бүтээгдэхүүн үйлчилгээ, дэмжлэгийг өгдөг. Эдгээр дэмжлэгийн нэг хэсэг нь тухайн техник, тоног төхөөрөмжөө үр ашигтай, хүчин чадлынх нь бүрэн хэмжээнд ашиглах явдал.
Бусад өрсөлдөгч компанитай харьцуулахад Вагнер Азийн тоног төхөөрөмжүүд үнэ, өртөг өндөртэй ч ашиглалт, технологи, мэдлэг ур чадвар, техникийн дэвшлүүд маань үнэ цэнээ баталгаажуулдаг юм.
1996 оноос үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш бид жил бүр хэрэглэгчээ сонсох, мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хоёр жилд Монгол улсын эдийн засгийн байдлаас шалтгаалаад уулзалт өдөрлөг маань ганц нэг удаа завсардсан тал бий. Гэхдээ энэ үйл ажиллагаагаа сэргээх, идэвхжүүлэх ажил руугаа орж байна.
Өнөөдрийн уулзалтын онцлог юу вэ. Ямар нэгэн шинэлэг зүйлийг санал болгох уу?
Өнөөдрийн өдөрлөгийг алтны жижиг болон дунд аж ахуйн нэгж, үйлчлүүлэгчдэд түлхүү зориуллаа. Шинэлэг зүйл гэвэл SEM буюу Катерпилларын Хятад брэндийн тоног төхөөрөмжүүдийг танилцуулсан. Манай цахилгаан үүсгүүрийн шийдлүүдийг бид харилцагчдадаа санал болгодог. Уул уурхайн компаниуд төв суурин газраас алслагдмал газарт үйл ажиллагаа явуулдаг учраас SEM болон генераторын шийдлийг танилцуулсан юм.
SEM нь Катерпилларын брэнд хэрнээ өмнөд хөршийн техникүүдтэй өрсөлдүүлэхээр гаргаж ирсэн өртөг багатай, бүтээмж өндөртэй байдаг. Тэр дундаа, SEM-ийн бульдозер нь өнгөрсөн жилээс үйлдвэрлэгдсэн шинэ бүтээгдэхүүн. Монголд энэ техникийг нийлүүлж хараахан амжаагүй байна. Харилцагч нар маань энэ талаар нэлээд мэдээлэлтэй болсон байх.
Түрүүн дурдсанчлан, Вагнер Ази компани зөвхөн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч биш, араас нь тусламж дэмжлэг, засвар үйлчилгээгээ үзүүлэхээс гадна тосны шинжилгээ, санхүүгийн шийдлүүд, салбар нэгжүүдээрээ дамжуулан хэрэглэгчидтэйгээ ойрхон ажилладаг. Энэ утгаараа бид бүхий л үйлчилгээгээ уулзалт өдөрлөгийн үеэр цогц байдлаар танилцуулж байгаа юм.
Г.Идэр