Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхайн салбарын бүсийн чуулган болно

Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн зохицуулалт зэрэг олон асуудлыг хөндсөн чуулгануудыг энэ онд улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулах гэж байна.

Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 4-нд Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг Орхон аймагт зохион байгуулах бөгөөд хуралд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөл оролцох юм байна. Хурлыг УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэт үйлдвэр”ХХК хамтран Орхон аймагт зохион байгуулж байна. Цаашид Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт 9 дүгээр сард, Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт 10 дугаар сард, Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр бүсийн чуулганд 21 аймгийн бүх сумын төлөөллийг хамруулах зорилго тавьж байна.

Ийнхүү бүсийн чуулган зохион байгуулж буй нь манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотой юм. Энэ талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ирэх сарын эхэнд зохиогдох Төвийн бүсийн чуулганаар “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр нэгдсэн хуралдаан болох юм. Түүнчлэн “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”, “Үйлдвэрлэл, техник технологи хөгжлийн бодлого”, “Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”, “Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” зэрэг чиглэлээр салбар хуралдаан хийж, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлэх юм байна.

Бүс бүсийн чуулганаар яригдах олон асуудлын шийдлийг шинээр боловсруулж буй “Уул уурхайн хууль”-д тусгахаар төлөвлөжээ. Манай улс салбарын хэмжээний цогц хуультай болсноор геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уурхайн хаалт дуусах хүртэл бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалттай болох юм.

Чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын их хурлын гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид болон Уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нар оролцоно. 

Анх 1922 оны Засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүх эхэлсэн хэмээн үздэг. 2016 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 18%, экспортын 86%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71%, Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэг хувийг тус тус бүрдүүлж буй уул уурхайн салбартай эдүгээ 40 мянга гаруй хүн ажил, амьдралаа холбон хөдөлмөрлөж байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ