Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан боллоо


Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн нэгдсэн хоёрдугаар хуралдаан энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Хуралдаанд Монголын талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн дарга Ж.Мөнхбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн, хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Б.Дашдорж болон албаны бусад төлөөлөл оролцсон бол Хятадын талаас БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жи Жэ тэргүүтэй холбогдох яам, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл болох нийт 50 гаруй хүн оролцлоо. 



Зөвлөлийн хуралдааныг нээж БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жи Жэ хэлсэн үгэндээ “Монгол Улс олон жилийн туршид хамтын ажиллагааны итгэлтэй түнш, бүс нутгийн нягт холбоотой байсаар ирсэнг дурдаад хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж, бололцоо их байгаа” гэлээ.



Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Сүүлийн жилүүдэд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаа нь хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Хуралдаанаар:

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Шэнхуа” групптэй хамтран Тавантолгойн төслийг уурхай, төмөр зам, боловсруулалт гэсэн цогц байдлаар хэрэгжүүлэх, энэ хамтын ажиллагааны эхний алхам болгож нүүрсний худалдааг эхлүүлэх ажлыг хүлээн авч, хоёр талын Ажлын хэсгийг хуралдуулах 

- Жилдээ 1 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадал бүхий зэс хайлуулах үйлдвэр барих, гаргасан бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд борлуулах, хөрөнгө оруулалтыг зээл тусламжид хамруулах

- Нүүрсний нийлэг хий гаргах төслүүдэд Хятадын аж ахуйн нэгжтэй хамтрах

- Тавантолгойн нүүрс угаах, боловсруулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц болон Зэс баяжуулах үйлдвэр байгуулахад говийн усан хангамжгүй хангалтгүй байгаа учир “Хэрлэн гол” төсөл хэрэгжүүлэх

- Олон жил яригдаж буй Ганц мод, Гашуунсухайт зэрэг боомтыг олон улсын статустай, 24 цаг үйл ажиллагаатай болгох

- Зам, тээвэр, хөгжлийн чиглэлээр “Шэнхуа” групптэй хамтран “Хөөт-Бичигт”-ийн чиглэлийн төмөр зам болон бусад замыг Зүүн коридорын болон Хойд коридорын төмөр замуудыг барих төслийн хамтран хэрэгжүүлэх

- Агаарын хаалгыг нэмэгдүүлэх

- Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн “Эрчим хүчний экспортын цогцолбор” төсөлд хамтрах

- Хятадын талаас авах газрын тосны бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүлэх

- Хятадын Ардын банкны юаны своп хэлцлийн хугацааг сунгах, хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Эдгээр асуудлын хүрээнд хоёр орны холбогдох яам, аж ахуйн нэгжийн төлөөлөл өөрсдийн салбарт тулгамдаад буй асуудал болон өнөөгийн байдал, хамтран ажиллах боломжийн талаар санал, байр сууриа илэрхийлсэн юм.

Ирэх 5 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно. Уулзалтаар Зөвлөлийн нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн зарим асуудлыг эцэслэн шийдэж, хамтын ажиллагааны чухал баримт бичиг, Санамж бичгүүдэд гарын үсэг зурах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.