Өмнөговь аймагт орших Ухаахудагийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation нэгдүгээр улирлын үйл ажиллагааны урьдчилсан тойм мэдээллээ танилцууллаа. Уг мэдээлэлд дурдсанаар тус компани оны эхний улиралд 1.64 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом өссөн дүн боллоо. Тус компани мөн улиралд баяжуулах үйлдвэртээ 1.54 сая тонн нүүрс боловсруулж, 797 мянган тонн угаасан коксжих нүүрсний гарцтай ажиллажээ. Харин борлуулалтын хувьд 798 мянган тоннд хүрсэн байна. Дээрх үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийнхтэй жишихэд бүгд их хэмжээгээр нэмэгдсэн дүнтэй гарлаа. Гэхдээ MMC эдгээр сайн үзүүлэлт нь компанийн ирээдүйн төлөвийг илтгэхгүй болохыг онцолсон байна. Учир нь компанийн үйл ажиллагаа зах зээлийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлээс хамаарна гэж тайлбарлажээ.
Компанийн үйл ажиллагааны мэдээлэл (2017 оны эхний улирлын байдлаар)
|
Нэгж |
2016 (1-р улирал) |
2017 (1-р улирал) |
Жилийн өөрчлөлт (%) |
Олборлосон түүхий нүүрс |
мян.тн |
431.1 |
1644.8 |
282% |
Боловсруулсан түүхий нүүрс |
мян.тн |
521.0 |
1547.8 |
197% |
Бүтээгдэхүүний гарц |
мян.тн |
255.3 |
797.3 |
212% |
Борлуулсан бүтээгдэхүүн |
мян.тн |
211.5 |
798.1 |
277% |