Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Петро Матад” 45 сая доллар хүртэлх санхүүжилт босгоно

Газрын тосны хайгуулын чиглэлээр ажилладаг “Петро Матад” компани хайгуулын ажилд зарцуулахаар 20-45 сая ам.долларын санхүүжилт босгох гэрээ байгуулсанаа зарлав. Нью Йоркт төвтэй Bergen Asset Management хөрөнгө оруулалтын сантай хийсэн уг гэрээгээр санхүүжилт нь хэд хэдэн үе шаттай хэрэгжих юм байна.

Эхний ээлжинд “Петро Матад” компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгах ёстой бөгөөд хугацааг сунгасны дараа Bergen Asset Management компаниас эхний 2 сая долларын санхүүжилтийг өгөх юм байна. Уг 2 сая долларын санхүүжилт нь 2 жил хүүгүй, барьцаагүй бөгөөд төлж чадаагүй тохиолдолд хувьцаанд хөрвөх боломжтой юм.

Үүний дараа сардаа 1.2-3 сая ам.доллар хүртэлх санхүүжилт авах боломжтой бөгөөд тухай бүр нэмэлт хувьцаа гаргах юм байна. Гэхдээ өөр ашигтай санхүүжилт олох юм бол энэхүү санхүүжилтээс татгалзах боломжтой аж. “Петро Матад Лимитед” компанийн зүгээс төслийн хамтрагч хайж байгаа бөгөөд хэд хэдэн талтай яриа хэлэлцээ хийж байгаа гэжээ.

“Энэхүү мөнгөөр бид 2017-2018 онд хайгуулын 4 цооног өрөмдөж, 300 км2 талбайд 3D чичирхийллийн судалгаа хийх болно” хэмээн “Петро Матад Лимитед” компанийн Гүйцэтгэх захирал Ridvan Karpuz мэдэгдсэн байна. Богд IV болон Онги V талбай дээр хайгуулын ажил хийх бөгөөд энэ жилдээ багтаан цооногийн өрөмдлөгийг эхлүүлнэ гэжээ. Компанийн зүгээс энэхүү төлөвлөгөөгөө “амбицтай” төлөвлөгөө хэмээн тодотгожээ.

“Петро Матад Лимитед” компани Лондоны хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бөгөөд Монголд газрын тосны хайгуулын чиглэлээр ажилладаг. Тус компани хайгуулын 3 талбайд нийт 60 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдгаас 20 орчим сая долларыг нь Богд IV, Онги V талбайн хайгуулд зарцуулжээ.

Энэхүү мэдээллийг Лондоны хөрөнгийн биржийн арилжаа нээгдэхээс өмнө олон нийтэд зарласан бөгөөд биржийн өчигдрийн хаалтын арилжаагаар компанийн хувьцааны үнэ огцом буурчээ. Нэгж хувьцааны үнэ 23.95 пенс болж өмнөх өдрийн хаалтын ханшаас 24 орчим хувиар буурсан байна. Гэхдээ сүүлийн 6 сар тус компанийн хувьцааны үнэ бараг 10 дахин өсөөд байсан юм. 11 дүгээр сарын эхээр 3 пенсийн ханштай байсан нэгж хувьцаа 2 дугаар сард 36 пенс болтлоо өсчээ.



С.Болд-Эрдэнэ