Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд Төсвийн зөвлөл байгуулах нь зөв



Монгол улс төсвийн тогтворгүй байдлын хүндрэл бэрхшээлийг туулж байна. Энэ цаг үед манай улсад төсвийн тогтвортой байдлын талаар мэдээлэлтэй, судалгаатай  салбар бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотой өрнүүлсэн хэлэлцүүлэг тун ховор байгаа. Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн хувьд төсвийн тогтвортой байдал ирээдүйд ямар дүр зурагтай байж, алдаа дутагдлаас хэрхэх сэргийлэх талаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс судалгаа шинжилгээ хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын эхлэл болж “Гэрэгэ партнерс” байгууллагатай хамтран хийсэн эхний томоохон судалгаа болох “Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тайлан”-г танилцуулах арга хэмжээ Туушин зочид буудалд боллоо.

“Эдийн засагт маань бороо орвол бид шүхрээ бэлдэх хэрэгтэй” хэмээн Natural Resource Governance Institute (NRGI) буюу Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн (ББЗХ) Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь арга хэмжээг нээхдээ хэлсэн юм. 2013 оноос үйл ажиллагаа явуулж буй ББЗХ нь байгалийн баялаг ихтэй, тэр дундаа газрын тос болон байгалийн хийн нөөцтэй улс орны иргэд тухайн баялгийн үр шимийг хүртээхэд нь туслах зорилготойгоор ажилладаг. Ингэхдээ 11-12 оронд байнгын үйл ажиллагаа явуулдгийн нэг нь Монгол улс юм. ББЗХ нь манайд төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, уул уурхайтай холбоотой хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, уул уурхайн орлогыг зөв удирдах, дүн шинжилгээнд суурилсан судалгааг бодлого боловсруулагчдад хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.   

Судалгаанд гар бие оролцсон доктор Г.Рагчаасүрэн “Гэрэгэ партнерс” байгууллагыг төлөөлж, Монгол улсын төсвийн тогтвортой байдлын өнгөрсөн 5-6 жилийн туршлага, Олон улсын Валютын сангийн (ОУВС) хөтөлбөр хэрэгжсэнээр төсвийн тогтвортой байдалд үзүүлэх үр нөлөөг шинжилсэн загварын үр дүнг суурь төсөөлөлтэй харьцуулсан илтгэл тавилаа. ББЗХ-ийн эдийн засгийн шинжээч Дэвид Михайли төсвийн тогтвортой байдлын олон улсын туршлага болоод төсвийн зөвлөлийн үүрэг оролцооны талаар зөвлөмж өгсөн юм. 

Уул уурхайн салбар Монгол улсын экспортын 80 гаруй %-ийг,   төсвийн орлогын 25%-ийг, ДНБ-ий 20%-ийг бүрдүүлдэг. Гэтэл зах зээл дэх ашигт малтмалын түүхий эдийн үнийн савлагаатай байдлаас үүдэн манай улсын эдийн засаг, төсвийн орлого ихээхэн хэлбэлзэлтэй болдог. Энэ хэлбэлзлээс хамгаалж, эдийн засгийн савлагааг бууруулах зорилгоор манай улс 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ) батлан гаргаж, 2013 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. 

2011-2016 оны байдлаар манай улсын төсвийн зарлага өссөн ч 2013 оноос орлого бараг өсөөгүй байна. Өнгөрсөн онд төсвийн зарлага хамгийн өсөлттэй гарсан. Үүний гол шалтгаан нь Хөгжлийн банкаар дамжуулан төсвийн шинжтэй янз бүрийн зардлуудыг санхүүжүүлдэг байсныг улсын төсөвт нэгтгэн оруулснаар зардал нэмэгдсэн.

2012 оны эхээр Засгийн газрын өр 5.2 их наяд төгрөг байсан. Тэгвэл 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 19.4 их наяд төгрөгт хүрч 14.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Тухайн оны төгсгөлд бараг 22 их наяд төгрөгт хүрснийг мэдэж байгаа. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Засгийн газар 9.4 их наяд төгрөгийн шинэ өр үүсгэсэн байна. Жил бүр төсвийн зарлагад тусаад байгаа зээлийн үйлчилгээний төлбөр гэж бий. Зээлийн үйлчилгээний төлбөр нь 2016 онд ДНБ-ий 5.2%, төсвийн зарлагын бараг 15%-ийг эзэлсэн. Төсвийн зарлагын 15% гэдэг тухайн жилийн эрүүл мэндийн салбарт зарцуулсан зардлаас их гэсэн юм.

Энэ жилийн зээлийн үйлчилгээний төлбөр нь эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулж байгаа зардлаас ч илүү давах юм. Жил болгон валютын ханш нэмэгдэж, төгрөгийн ханш суларч байгаа учир урьд нь ам.доллараар авсан зээлүүд одоо төгрөгийн ханшаар илэрхийлэгдэх илүү үнэтэй болж буй. Тэгэхээр 4.7 их наяд төгрөгийн нэмэлт өр зөвхөн ханшийн зөрүүнээс үүсээд байгаа юм. 2016 оны байдлаар 5.8 их наяд төгрөгийн дотоод өр бий.   Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан шинэ төсвийн тодотголоор 2017 оны төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөг байгаа. Төсвийн алдагдал бүрт өр үүсч байдаг. Өнөөдөр Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий бараг 90%-тай тэнцэж, дэлхий дээр хамгийн өндөр дүнтэй зээлийн хүү төлдөг орнуудын нэг боллоо.

ББЗХ-гээс Монголын макро эдийн засаг, уул уурхайн салбарын орлого болон улсын төсвийн хэсэг гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүнтэй Монголын макро-төсвийн загварыг (ММЗ) боловсруулсан   байна. Энэ нь 2000-2015 оны Монгол улс дахь тоон мэдээллүүдийг цуглуулж, мэдээллүүдийн хоорондын уялдаа холбоо, хамааралд дүн шинжилгээ хийн гаргаж ирсэн загвар аж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт, хөгжлийн төлөвийг гаргах загвар гэж ойлгож болох юм. Загварын уул уурхайн бүрэлдэхүүн хэсэгт 6 том үйлдвэрийг оруулсан нь “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Гацуурт”, “Цагаансуварга”, “Эрдэнэс Таватолгой”, “Энержи Ресурс”-ийн төслүүд юм. Эдгээр уурхайн төслийн шатны мэдээллийг ашиглан жил жилийн үйлдвэрлэлийн хэмжээ, үйлдвэрлэлээс үүсэх нэмүү өртөг зэрэг тооцооллыг макро эдийн засгийн загварт оруулж эдийн засгийн төсөөлөл, тандалтыг хийнэ гэсэн үг. Энэ загвараар “Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тайлан”-гийн судалгааг хийж, Засгийн газрын өрийн динамик гаргаж, төсвийн дүрэм хэр үйлчилж байгааг тодорхойлжээ.

ММЗ-аар гаргасан төсөөллөөр 2017-2019 онд Монгол улсын эдийн засаг дунджаар 5%, 2020-2025 онд 6%, цаашдаа урт хугацаанд 4%-иар өсөхөөр байна. Монголбанкны бодлогын хүү аажмаар буурсаар 8 орчим хувь болно. Төгрөгийн ханш жилд дунджаар 3%-иар суларна. Төсвийн алдагдал ДНБ-ий 6.5%-тай байна. Засгийн газрын өр ДНБ-ий 80-90%  буюу өнөөгийн түвшинд хадгалагдана.

Өрийн хямралаас үүдэн эдийн засгийн хямралд өртөж, үр дүнд нь Монгол улс   ОУВС-тай хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол улс 3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа. Энэ зээлийг одоогийн ханшаар тооцвол 7 их наяд гаруй төгрөг. Уг хөрөнгө нь төсвийн алдагдал болоод зарим төслүүдийг санхүүжүүлэх зориулалттай  ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн Онцгой албан татвар нэмэгдсэнээр төсөвт нэмэгдэх орлогуудыг ММЗ-т төсөөлжээ. Зөвхөн шатахуунаас гэхэд 2017 онд 66 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэх тооцоо гарсан байна. Гэхдээ Онцгой албан татварыг нэмснээр ДНБ-ий өсөлтөд бараг нөлөө үзүүлэхгүй. Бүх барааны татвар нэмэгдэж байгаа учир инфляци тодорхой хэмжээнд өснө. Өр болон ДНБ-ий харьцаа 2030 он гэхэд 15%-иар буурахаар байна. Гэхдээ энэ нөхцөл байдалд татвараас зайлсхийсэн хууль бус худалдаа, татвар нэмэгдэхээс өмнө барааг нөөцөлснөөр тооцоолсон татварын орлого орж ирэхгүй байх эрсдэлүүд гарч болзошгүй.

ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амын орлогын албан татвар шатлалтай болж, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. ММЗ-аар хүн амын орлогын хуваарилалтын тархалтын функцийг ашиглан янз бүрийн орлоготой иргэдийн тоог гаргажээ. Энэхүү тооцоогоор 0-18 сая төгрөгийн орлоготой иргэн 900 мянга бөгөөд энэ нь татвар төлөгчдийн 94%-ийг эзэлж байна. Ийн иргэд нь хүн амын орлогын албан татварын 80%-ийг бүрдүүлж буй. Энэ тооцооллыг нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнийг нэгтгэн тооцоолсноор Засгийн газрын төсөвт орж ирэх орлого нь 2018 онд 109 тэрбум төгрөг, 2019 онд 166 тэрбум төгрөг, 2021 онд 314 тэрбум төгрөг байх төсөөлөл гарчээ.

Бүхэлдээ ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2021 он гэхэд ажлын байр 47 мянгаар буюу 3%-иар буурах төлөвтэй байна. Ажлын байрны энэ бууралт ихэнхдээ төрийн салбарыг хамарна. Засгийн өр болоод ДНБ-ий харьцаа урт хугацаандаа 50%-иар буурах төсөөлөлтэй байна. Төсвийн алдагдал буурснаар төрийн алдагдлыг тогтвортой түвшинд барих боломж бүрдэнэ.

Тайлангийн үр дүнд төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлөх, төсвийн таамаглалыг хараат бусаар боловсруулах, хөндлөнгийн шинжээч, мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсох, тусгах, төсвийн тооцооллын өнөөгийн арга хэрэгслийг шинэчлэх, тохирч байгаа эсэхийг нягтлахыг мэргэжилтнүүдийг зүгээс зөвлөж байлаа.

ББЗХ-гийн эдийн засгийн шинжээч Дэвид Михайли илтгэлдээ  Төсвийн зөвлөлийн талаар сонирхолтой санаа дэвшүүлсэн. Төсвийн зөвлөл нь Засгийн газраас төсөв үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавьж, учрах эрсдэлийг тооцоолох, төсөөлөл боловсруулах бие даасан бүтэц гэж тодорхойлжээ. Энгийнээр, төсвийн тогтвортой байдлыг “манах” үүрэгтэй. Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд академич, экс улстөрчид, төрийн болон хувийн хэвшлийн шинжээчид багтдаг туршлага бий. Унгар улсын туршлагаар Төсвийн зөвлөл нь 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэрхүү бүрэлдэхүүнд Дэвид Михайли багтан ажиллаж байжээ. Түүнийг Төсвийн зөвлөлд ажиллаж байх үед Тэтгэврийн санг зогсоох асуудлыг эсэргүүцэх ажил өрнөж байжээ. Тухайн үед Унгарын Засгийн газар Тэтгэврийн санд хуримтлагдсан бүх хөрөнгийг авах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээс хойш нэг жилийн дараа Унгарын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байсан юм. Яг ийм тохиолдолд Төсвийн зөвлөлийн үүрэг оролцоо тун чухал байдаг. Монгол улс ч гэсэн төсвийн тогтвортой байдлаа хангаж, ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа энэ үед Төсвийн зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн юм.
Э.Од