Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2017 онд Хятадын төмрийн хүдрийн импорт “дээд амжилт” тогтооно

2017 онд Хятадын төмрийн хүдрийн импорт хэмжээ 1.08 тэрбум тоннд хүрч 2016 оны импортын хэмжээг давах төлөвтэй байна. Энэ тухай тус улсын “China Merchants Futures” компанийн шинжээч Жао Чаю таамаглал дэвшүүлжээ.

Хятадын Гаалийн Ерөнхий газрын мэдээллээр, зургаадугаар сард 94.7 сая тонн хүдэр импортолсон нь тавдугаар сарын 91.5 сая тонноос давж, 3.5%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ оны хагас жилийн байдлаар Хятадын төмрийн хүдрийн импорт өмнөх оны мөн үеэс 9.3%-иар өсч 539 сая тоннд хүрсэн аж. 2016 онд 1 тэрбум 24 сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Энэ нь өмнөх оныхоос 7.5%-иар өссөн үзүүлэлт юм.

Хятад руу нийлүүлэх төмрийн хүдрийн экспортоор Австрали, Бразил улс тэргүүлдэг. Австралийн тухайд тус улсын Засгийн газраас дэвшүүлсэн таамаглалаар Хятад руу нийлүүлэх төмрийн хүдрийн экспорт 2017 онд 851 сая, 2018 онд 885 сая болоод 2019 онд 897 сая тоннд тус тус хүргэхээр зорьж буй.

“Goldman Sachs Group”-ийн тандалтаар ирэх жил төмрийн хүдрийн дундаж үнэ 47 ам.доллар байх төлөвтэй гарчээ. “Metal Bulletin”-ийн мэдээллээр, долдугаар сарын 12-ны байдлаар Хятадын Циндао боомт дээр төмрийн 62%-ийн агууламжтай хүдрийн үнэ 64.5 ам.доллар байна. Он гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ 19%-иар буураад байна. 

Э.Од