Австралийн төмрийн хүдрийн томоохон экспортлогч компаниуд төмрийн олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор уурхайгаа өргөжүүлэн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
“Рио Тинто” группын хувьд Баруун Австралийн Пилбара мужид 338 сая ам.долларын өртөгтэй төмрийн хүдрийн төсөл Silvergrass уурхайг энэ долоо хоногт нээж буй. Энэ тухай тус группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак мэдэгджээ. Ийнхүү “Рио Тинто” нь 16 дахь уурхайгаа нээж байгаа юм. Silvergrass уурхайгаас жилд 10 сая тонн төмрийн хүдэр олборлох тооцоотой. Уурхайд шинээр 500 ажлын байр бий болж байгаа юм.
Цаашид нөөц нь буурч байгаа уурхайн төслүүдээ орлох шинэ үйл ажиллагааны зардалд 100 сая ам.долларын төсвийг “Рио Тинто” групп баталсан байдаг. Тэгвэл энэ үйл ажиллагаандаа нэмж 1 тэрбум ам.долларыг ирэх гурван жилд зарцуулах төсвийг батлахаар хэлэлцэж байна. Тус групп нь 2009-2016 онд Пилбара муж дахь уурхайнуудынхаа өргөтгөл, дэд бүтцийг хөгжүүлэхэд нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
“BHP Billiton” компанийн тухайд Хятадын төмөрлөгийн үйлдвэрлэл удааширч буй байдал ажиглагдахгүй байгааг онцолж байна. Тиймээс багаар бодоход ирэх 12 сарын хугацаанд төмрийн хүдрийн худалдаа муугүй байхаар төсөөлж буй ажээ. Тус компани нь South Flank уурхайн үйл ажиллагаанд 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах урьдчилсан төсвийг гаргажээ.
Харин Fortescue Metals группын Ерөнхий захирал Нев Пауэр “Ойролцоогоор 20 жилийн нөөцийг хангахад шаардлагатай баялгийг тооцоолж шаардлагатай төслүүдэд өнөөдөр хөрөнгө оруулалт хийж байна” гэж мэдэгдсэн байна. Компанийн хувьд Firetail уурхайн төсөлд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар тооцоолжээ.
2017-2018 онд томоохон үйлдвэрлэгч гурван компани нийт 100 сая тонн төмрийн хүдэр зах зээлд нэмж нийлүүлэх боломж байгааг Рио Тинто группын төмрийн хүдрийн салбар хариуцсан захирал Крис Салисбари тэмдэглэжээ.
2019 онд дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн 56%-ийг Австрали дангаар хангана гэж тус улсын Засгийн газар тооцоолж байна.
Э.Од