Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Инвест Монголиа: Уул уурхай, уул уурхайн бус салбарын хөгжлийг хэлэлцэж байна

Монголд болдог хөрөнгө оруулалтын чухал хурлын нэг “Инвест Монголиа” өнөөдөр эхэллээ. Японы Фронтиер Секуритис байгууллагаас 11 дэх жилдээ зохиогдож буй уг хуралд төрийн байгууллага, санхүүгийн томоохон байгууллагуудын төлөөлөл, хөрөнгө оруулагчдаас бүрдсэн нийт 1000 гаруй хүмүүс оролцож байна.

Өнөөдрийн хурлын эхний илтгэлийг Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар тавьсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах талаар төр тэргүүлэх бодлогоо болгож ажиллах болно гэдгийг дахин дахин тодотголоо. Энэ удаагийн чуулганд Засгийн газар нэлээд хүч тавьж оролцож байна. Энэ онд Монголын эдийн засгийн чуулган болж амжаагүй явсаар Инвест Монголиа чуулган болж буй нь оны хөрөнгө оруулалтын чуулганы салхийг хагалсан хэрэг боллоо.

Ж.Мөнхбат сайд энэ оны эхний хагасын байдлаар эдийн засгийн өсөлт 5.3%-д хүрээд байгаа нь чамлахааргүй үзүүлэлт болохыг тэмдэглээд энэ нь дан ганц нүүрс бус, мөн уул уурхайн бус салбарын өсөлт үүнд хамаарч буйг тодотголоо.

Өнөөдрийн хурлаар Монгол улсын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал болон хөрөнгө оруулалтын орчинд голлон төвлөрлөө.

Түүнчлэн хурлын бас нэгэн сонирхолтой хэсэг нь уул уурхайд төвлөрсөн хэсэг байлаа. Уг хэсэгт "Оюутолгой", "Эрдэнэс Монгол", "Эрдэнэ Ресурс"-ын төлөөлөл компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Армандо Торрес далд уурхайн бүтээн байгуулалтад 1 тэрбум долларын гэрээ хэлэлцээрийг дотоодын компаниудтай хийгээд байгааг мэдээллээ. Мөн цаашид гадаадаас авч буй худалдаа үйлчилгээгээ бууруулахаар ажиллах болно гэдгээ мэдээллээ. Компанийн төлөвлөж буйгаар Оюутолгой уурхайн нийт нөөцийн 80% нь орших далд уурхайн олборлолтыг 2020 онд эхлүүлэх бөгөөд 2027 онд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөж байгаа талаар Армандо захирал онцоллоо.

“Эрдэнэс Монгол” компанийн хувьд Тавантолгой, Оюутолгой, Багануур, Шивээ-Овоо зэрэг үйл ажиллагаа нь бүрэн эхэлсэн уурхайнуудтай боловч уран, нүүрс шингэрүүлэх, кокс-ган, метан гээд олон чиглэлийн төслийг эхлүүлэхээр ажиллаж байгаа төрийн өмчийн томоохон компани юм. Тус компанийн нийт төлөвлөж буй төсөл нь 14.6 тэрбум доллараар хэмжигдэж буйг тус компанийн Дэд захирал Г.Ганболд хурлын үеэр тавьсан илтгэлдээ тэмдэглэлээ. Компанийн тухайд энэ онд 1.46 их наяд төгрөгийн орлого, 1 их наяд төгрөгийн зарлагатай, 311 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 265.9 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

“Эрдэнэс Ресурс Девелопмент” компанийн хувьд Баян хөндий хэмээх алтны хайгуулын төсөл дээр нэлээд хүч тавин ажиллаж байна. Энэ онд тус компани 24 мянган тууш метр өрөмдлөг хийхээр хайгуулын ажлаа өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлээд байгаа юм. Түүнчлэн тус компанийн хайгуулын ажлаар Баян хөндийн хэсэгт алтны өндөр илэрц бүхий дээжийг илрүүлээд байгаа нь тус хэсэгт алтны нөөц илрэх магадлалыг улам нэмэгдүүлж байна. Компани мөн эрчим хүчний ногоон шийдлийн боломжийг судалж байгаагаа танилцууллаа.

Маргаашийн хурлаар дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний хөгжил, компанийн засаглал, уул уурхайн бус салбарын хөгжлийн талаар хэлэлцэхээс гадна элчин сайд нарын цагаар хөрөнгө оруулалтын сэдвээр хэлэлцэнэ. Мөн Бүс ба зам санаачлагын түүхий эдийн эрэлтэд болон Монголд үзүүлэх нөлөөлөл сэдвээр CRU байгууллагын төлөөлөл илтгэл тавихаас гадна Оюутолгой, Тавантолгой төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 


Б.Төгс