Долоо дахь жилдээ болж буй “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы эхний хэсэгт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Орос улсын боомтоор дамжуулан Монгол улс нүүрсээ Япон, Солонгос руу экспортлох боломж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцолж буй нь сүүлийн өдрүүдэд энэ сэдвийг дахин анхаарлын төвд оруулах болсон. Гэвч энэхүү мэдэгдэл нь хариуцлагагүй, тооцоогүй үйлдэл болж буй тухай салбарын мэргэжилтнүүд хурлын үеэр онцоллоо.
Монголын Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Наран ”Японы судалгааны байгууллага Монголын нүүрсийг авах цорын ганц гарц нь (эдийн засгийн талаасаа) Тянжины боомтоор дамжуулан авах явдал гэдгийг судлаад тогтоочихсон. Үүн дээр төр засаг мэдээлэлгүй гэж бодохгүй байна... Энэ асуудлыг дахин дахин ярих нь үнэхээр утгагүй, эмгэнэлтэй хэрэг болж байна” гэж хурлын үеэр тайлбарлалаа.
Монголын коксжих нүүрсний гол тоглогчдын нэг “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Оросын боомтоор нүүрсээ экспортлох тохиолдолд коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд доод тал нь 150 ам.доллар байх нөхцөлд зөвхөн зардлаа нөхөх болно” гэдгийг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн “Монголын одоо байгаа төмөр замын ачаа тээврийн хэмжээ жилдээ ойролцоогоор 10 гаруй сая тонноор хэмжигдэж буй. Тэгвэл Монголын нийт экспортын талаас илүү хувийг бүрдүүлж буй Гашуунсухайтын боомтоор он гарсаар аль хэдийнэ үүнээс илүү хэмжээний ачаа бараа гарчихаад байна” гэж хурлын хэлэлцүүлгийн үеэр хэллээ.
“Энержи Ресурс” компанийн хувьд оны эхний найман сарын байдлаар 2.6 сая тонн боловсруулсан нүүрс борлуулаад байгаа ч хилийн боомтын нэвтрэлт удааширсантай холбоотойгоор илүү их бүтээгдэхүүн худалдаалах боломжийг ашиглаж чадахгүй байгаа ажээ. Тус компани он гарсаар сард дунджаар 300 мянган тонн нүүрс борлуулсан байгаа ч зах зээлийн эрэлтийг авч үзвэл энэ тоог 500-600 мянган тонн болгож өсгөх боломж буй ажээ. Гэвч борлуулалт тээвэрлэлт, ложистикийн асуудлаас болж гацаж буй нь өнөөдөр эрдсийн экспортын өрсөлдөх чадварт чухам юу сөргөөр нөлөөлж буйг дахин санууллаа.
Наадмаас өмнө зургадугаар сарын байдлаар Гашуунсухайт, Ганцмодны боомтоор өдөртөө нүүрс ачсан 1500-1600 хүнд даацын машин нэвтэрч байсан бол наадмын дараанаас энэ тоо хоёроос гурав дахин буурсан билээ. Энэ нь Хятадын гаалийн хяналт шалгалт чангарсантай холбоотой юм. Хятадын талаас Монголын нүүрсний тээвэрлэлтийн компаниуд хориотой бараа тээвэрлэж байна гэсэн шалтгаанаар ийнхүү шалгалтаа чангатгах болсон тухай салбарын яамны төлөөлөл хэлж байгаа юм.
Монголын нүүрсний хоёр гол суваг болох Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг олон улсын статустай болгохоор олон жил ярьж буй ч бодит ажил хэрэг болоогүй хэвээр байна. Үүнээс гадна нүүрсний борлуулалтад нэг цонхны бодлого баримталж, үнэ ханшаа тогтвортой барих санаачлага ч хоосон мөрөөдөл төдий хэвээр байгаа нь нүүрсний салбарын өсөлтийг хазаарлах бас нэг хүчин зүйл болж байна.
Б.Төгс