Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Expo Mongolia 2017” бизнесийн харилцаа тогтоох боломж олгоно


Герман, Монголын бүх салбарын компаниудыг өргөнөөр оролцуулж, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулдагаараа танигдсан “Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэн аравдугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдана.  Энэ талаар “Expo Mongolia 2017” компанийн Гүйцэтгэх захирал Инго Кловер, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ын дарга Герхард Вакенхүт нар өнөөдөр  “Бодь” цамхагт мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй үзэсгэлэнд ХБНГУ, БНСУ, БНХАУ, Беларусь болон Монголын аж ахуйн нэгжүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологийн шийдлүүдээ танилцуулах юм.

Тус үзэсгэлэн нь Монгол, Германы үйлдвэр, аж ахуйн нэгжүүд харилцан бизнесийн холбоо тогтоох, Монгол улсад төдийгүй ойр орчмын улс орнуудын мэргэжил нэгтнүүдэд өөрийн үйлдвэрлэл үйлчилгээний шинэ шинэлэг технологиудыг танилцуулах, борлуулахад зориулагдсан олон улсын өндөр зэрэглэлийн үзэсгэлэн гэдгээрээ хэдийнэ танигдсан.   

Энэ удаагийн “Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэнгийн үеэр “Хөрөнгө оруулалт, Инноваци” сэдвийн дор тогтвортой хөгжлийн бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Төр засаг болон бизнесийн байгууллагуудыг холбож, мэдээлэл солилцох боломжийг олгодогоороо  манай үзэсгэлэн ихээхэн онцлог. Монгол улс ашигт малтмалаараа нэн баян  ч цаашдын бизнесийн боломж  зөвхөн уул уурхай бус, бусад салбарт  ч бий гэдгийг манай үзэсгэлэн харуулдаг. Монгол компаниуд энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээнд идэвхитэй оролцож,  гадаадын компаниудтай маш сайн уулзалт хийгээсэй, бизнесийн гарцаа сайн тодорхойлоосой гэж хүсч байна” хэмээн  “Expo Mongolia 2017” компанийн Гүйцэтгэх захирал Инго Кловер тодотголоо.

Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ын дарга Герхард Вакенхүтийн хувьд  “Expo Mongolia 2017”-д  тус байгууллагыг урьж оролцуулж  буйд талархаж  илэрхийлээд, Герман-Монголын бизнесийн харилцааг дэмжих чиглэлээр багагүй зүйлийг хийж, хэрэгжүүлэхээр зорьж байна гэлээ. Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ын дарга Герхард Вакенхүт онцолсон юм.       

Бага хурлын үеэр “Экспорт, импортын санхүүжилтийн боломжууд”, “Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ба хөрөнгө оруулалт”, “Үйлдвэрийн гаралтай тоос, тоосонцрыг хянах, дарах шийдлүүд”, “Технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж”, “Барилгын халаалтын системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж” гэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр туршлагатай компаниуд болон төр засгийн байгууллагуудаас илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.

Тухайлбал, тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд төр засгийн төлөөллүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль Орчин, Хот, Хөдөөгийн Хөгжлийн бодлого, Агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дүппэл, Монгол дахь Италийн Элчин сайд Андре Де Фэлипп нар оролцож, үг хэлэх аж.   

Монгол улсын Засгийн газар, яам, агентлагууд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Бизнесийн Зөвлөл, МҮХАҮТ, Франц-Монголын Худалдааны Танхим, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, Монголын Барилгын Ассоциаци, Их Британи, Канад, Энэтхэг, Италийн Элчин сайдын яам, ХБНГУ-ын Хамтын ажиллагаа, Эрчим хүчний яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогдох Германы “Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн холбоо (VDMA) нь  “Expo Mongolia 2017” үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа гэдэг утгаараа илүү цар хүрээтэй  болжээ.

“Монголын компаниудын тэр бүр уулзаж, танилцаад байж чаддаггүй нэр хүндтэй компаниудын брэнд бүтээгдэхүүнийг үзэх, шинэ шинэ технологиос танин мэдэх, тэдгээртэй хамтын ажиллагаа, холбоо тогтоох боломж үзэсгэлэнд оролцогчдод нээлттэй байх болно” гэдгийг  “Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэнгийг зохион байгуулагчид хэлж байна.

Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэн яармагийн хүрээнд “Германд үйлдвэрлэв” сэдвийн дор хамтарсан эдийн засаг, бизнесийн уулзалтыг жил бүрийн аравдугаар сард тогтмол зохион байгуулдаг ч энэ удаад Монголд өрнөсөн сонгуулийн улмаас хойшлуулж, ирэх оны дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөжээ.

Г.Идэр