-“Expo Mongolia 2017” бизнесийн харилцаа тогтоох боломж олгоно-
“Монгол улсын ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриатай олон улсын “Экспо Монголиа” үзэсгэлэн, бага хурал 2012 оноос тогтмол зохион байгуулагдаж буй. Энэ жил тав дахь удаагаа болж байгаа “Экспо Монголиа-2017” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр “Мишээл Экспо” төвд 13 цагт эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд төр засгийн төлөөллүүдээс Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, Агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дүппэл, Монгол дахь Италийн Элчин сайд Андре Де Фэлипп болон салбарын яамдын удирдлагууд, “Экспо Монголиа 2017” компанийн Гүйцэтгэх захирал Инго Клойве, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ын дарга Герхард Вакенхут нарын хүмүүс оролцов.
“Экспо Монголиа 2017” компанийн Гүйцэтгэх захирал Инго Клойве үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Монгол улс нь зөвхөн уул уурхайд түшиглэсэн байхаасаа илүүтэй улс орны эдийн засагт давамгайлдаг бусад салбартаа ахиц дэвшил гаргах учиртай. Энэ бүхэнд бид дэмжлэг үзүүлж ажиллах шаардлага тулгараад байна. Ийм ч учраас олон салбарыг хамарсан олон улсын худалдааны урьдчилсан бага хурлуудыг зохион байгуулдаг” хэмээн тодотголоо.
Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, Агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа “Экспо Монголиа” үзэсгэлэнд оролцогчдод хандан Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг дамжууллаа.
“Монгол улс аж үйлдвэржсэн орон бүхий хөгжлийн тогтолцоогоо бүрэлдүүлэх хэтийн зорилготой. Энэ бүхэнд техник, технологийн дэвшил, ололт хөгжлийн хөдөлгүүр болох бөгөөд “Экспо Монголиа” үзэсгэлэн үүгээрээ ихээхэн ач холбогдолтой” хэмээн тэрээр тодотгосон юм.
Үүний дараа ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дүппэл “Олон улсын бизнесийн талбарт өөрсдийгөө харуулах боломж “Экспо Монголиа”-д олдож байна. Олон улсын хандивлагч байгууллагууд, тэр дундаа Герман улс тухайн улсын хөгжлийг тууштай дэмжиж, эдийн засаг нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө дэмжин ажиллаж байна. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгааг харахад таатай байна” хэмээлээ.
УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зочдод хандан “Эдийн засгийг хөгжүүлэх үндсэн суурийг жижиг, дунд үйлдвэрүүд бүрдүүлдэг. Өнөөдөр дэлхийн улс орнууд асар том үйлдвэрлэлээсээ илүүтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр анхаарч байна. Жижиг, дунд үйлдвэрлэл нь хамгийн олон ажлын байр бэлдэж, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Экспо Монголиагийн хувьд ноу хауг нутагшуулж, улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гарц юм” гэсэн юм.
Энэ жилийн үзэсгэлэнд ХБНГУ, БНСУ, БНХАУ, Беларусь, Монголын аж ахуйн нэгжүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
“Экспо Монголиа” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлдэг. “Экспо Монголиа-2017”-ийг зохион байгуулагчид үзэсгэлэнгийн тохижолт, менежментийн Европ стандартын дагуу зохион байгуулалт, гүйцэтгэл, тохижолтоо хийжээ. “Экспо Монголиа” нь цаашдаа дотоодыг чиглэх валютын урсгалыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг арга хэмжээгээр нэмэгдүүлдэг арга хэмжээ болох үндэс суурийг тавьсан гэж зохион байгуулагчид хэлж байна.
ХБНГУ-ын “Экспо Монголиа 21” группын охин компани “JV Consult” нь үзэсгэлэнгийн тохижилт, менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай, ОХУ, Африк, Зүүн Өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад жилдээ 27 үзэсгэлэн зохион байгуулдаг юм. Түүнчлэн “Экспо Монголиа” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлсээр ирсэн.
Монгол улсын Засгийн газар, яам, агентлагууд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Бизнесийн Зөвлөл, МҮХАҮТ, Франц-Монголын Худалдааны танхим, Монгол дахь Америкийн Худалдааны танхим, Монголын Барилгын Ассоциаци, Их Британи, Канад, Энэтхэг, Италийн Элчин сайдын яам, ХБНГУ-ын Хамтын ажиллагаа, Эрчим хүчний яам дэмжин ажилладаг.
Үзэсгэлэнгийн “Гоулд” ивээн тэтгэгчээр дэлхийд алдартай “Stiebel Eltron” фирм ажиллаж байгаа бөгөөд тус фирмийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр Ультрасоник ХХК 2004 оноос хойш ажиллаж байгаа. Ультрасоник ХХК нь найдвартай, шинийг эрэлхийлэгч үйл ажиллагаагаараа Монгол улсад тэргүүлсээр буй.
Мөн энэ удаагийн хэвлэл мэдээллийн дэмжигж байгууллагаар уул уурхайн, эдийн засгийн The Mongolian Mining Journal ажиллаж байгаа юм.
“Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэнгийн үеэр “Хөрөнгө оруулалт, Инноваци” сэдвийн дор тогтвортой хөгжлийн бага хурлыг зохион байгуулах аж. Тус үзэсгэлэнг зохион байгуулагчдын хувьд бага хурлын сэдвийг жил бүр сонгон хэлэлцдэг бөгөөд урьд жилүүдэд уул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлыг хэлэлцэж байв.
Бага хурлын үеэр “Экспорт, импортын санхүүжилтийн боломжууд”, “Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ба хөрөнгө оруулалт”, “Үйлдвэрийн гаралтай тоос, тооцонцрыг хянах, дарах шийдлүүд”, “Технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж”, “Барилгын халаалтын системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж” гэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр туршлагатай компаниуд болон төр засгийн байгууллагуудаас илтгэл тавих юм.
Г.Идэр