Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Эдийн засгийн коридор”-ын асуудлаар хэлэлцэж байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Бүс нутгийн-тээвэр логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт хоёр өдрийн олон улсын бага хурал “Шангри Ла” зочид буудалд өнөөдөр болж  байна.

 “Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа, эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Иймд  Монгол улс өөрийн газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтэд оролцох,  хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг өөрийн  улсаараа дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй нэгдэх эрмэлзэлтэй байна” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат  хурлыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.  

Уг хурлаар улс хоорондын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, бусад улс орнуудын шилдэг сайн туршлага, мэдлэгийг хуваалцах, зам, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор энэхүү хурлыг зохион байгуулж буйгаа Зам, тээврийн яамныхан  дуулгалаа.

НҮБ-аас гурван улсын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж өгөх, Беларусь улсаас дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлсэн сайн туршлагаас хуваалцах зэрэг олон асуудлыг энэ хурлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.  

Тус олон улсын хуралд БНХАУ, ОХУ-ын Тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, гааль, төмөр зам зэрэг салбарын төлөөллүүдээс гадна Олон улсын авто тээвэрлэгчдийн холбоо (IRU), Төмөр замуудын хамтын ажиллагааны нийгэмлэг (OSJD), Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, олон улсын хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид оролцож байна.

Хурлын эхний өдөр ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд “ Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн тухай танилцуулсан бол БНХАУ-ын Тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яамнаас эдийн засгийн коридороор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэхэд чиглэсэн тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. 

Уг хурлаар Монгол улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Монгол улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж, санал солилцож байна.

Мөн “Евроазийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийг “Эдийн засгийн коридор”-той уялдуулах, гуравдагч орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эдийн засгийн коридорын ач холбогдол, дамжин өнгөрөх тээврийн төв коридорын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал, төмөр замын төсөл хөтөлбөрүүд, тулгамдууда байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг илүү эрэлхийлэх аж.

Тус хурлын хоёр дахь өдөр  “Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр өрнөх бөгөөд НҮБ-ын АНДЭЗНК-ын Тээврийн хэлтсийн Тээврийг хөнгөвчлөх болон логистикийн хэлтсийн дарга Виржина Танас, Беларус улсын авто тээврийн холбооноос Дмитрий Яскевич транзит тээврийн коридорыг хөгжүүлэх  Беларусын шилдэг туршлагуудаасаа хуваалцах юм.

Мөн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа УБТЗ хөгжил шинэчлэлийн хөтөлбөр 2030, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга С.Пүрэвжав Монгол улсад хэрэгжүүлж байгаа “Шинэ төмөр зам” төслийн талаар тус тус танилцуулах юм байна.     


Г.Идэр