Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Зүүн бүсэд эрдэс баялгийн төв байгуулах санал дэвшүүлжээ



The Mongolian Mining Journal 2017.10 /107

Г.Идэр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  энэ жил  салбарын чуулганыг дөрвөн бүсэд зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь Орхон аймгийн Эрдэнэт хотод болсон бол хоёр дахь хэлэлцүүлгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод есдүгээр сарын 26-27-нд зохион байгууллаа. Энэ жил Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буй.

Ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү хоёр өдрийн Зүүн бүсийн чуулганыг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Монголросцветмет” ХХК, “Цайрт Минерал” ХХК, “Шинь Шинь” компаниуд хамтран зохион байгуулж, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн 200 орчим төлөөлөгч оролцсон. Чуулган “Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хөгжил” сэдвийн дор өрнөсөн бөгөөд Зүүн бүсийн уул уурхайн асуудлаар хэд хэдэн чухал илтгэлүүд тавигдсан байна. 

Чуулганы эхний өдөр хариуцлагатай уул уурхай, салбарын нийгмийн хариуцлага, техник, технологийн хөгжлийн асуудлаар илтгэл тавьж, аймгийн удирдлагууд аймаг тус бүрийнхээ хөгжилд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөө, хамтын ажиллагаа, тулгамдсан асуудал, бэрхшээл сорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Зүүн бүсийн чуулганы үеэр шинээр боловсруулж буй Уул уурхайн хуулийн төсөлд тусгах санал, компанийн нийгмийн хариуцлагын сайн жишээ, талуудын хамтын ажиллагааны амжилт, алдаа дутагдал, тусгай зөвшөөрөл олголт, бичил уурхай эрхлэлт, тэдний сургамж зэрэг олон талт асуудлыг төлөөлөгчид хөнджээ. Чуулганд оролцогчдын дийлэнх нь Уул уурхайн тухай хуулийн төсөлд орон нутгийн оролцоог нэмэгдүүлсэн тодорхой заалтууд оруулж өгөхийг УУХҮЯ-ынхнаас хүсэмжилж байв.



УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Энэ удаагийн чуулган төрийн байгууллага, аймаг орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран тулгамдаж буй асуудлаа ярилцах, ойлголтын зөрүүгээ арилгах, бэрхшээлийг хамтдаа давах гарцыг эрэлхийлэхэд чиглэлээ.
Зүүн бүс нутгийн хувьд эрдэс баялгийн арвин их нөөцтэйгээс гадна геологи, хайгуулын ажил харьцангуй сайн хийгдсэн. Том уурхайнууд нь улс орон нутгийн төсвийн ачаанаас үүрэлцдэгийн хувьд уул уурхайн салбараа харьцангуй сайн ойлгож дэмждэг” хэмээн ярив.

Мөн хойд хөрштэй хатуу ашигт малтмалаар, өмнөд хөрштэй шингэн ашигт малтмалаар холбогдсон зүүн бүсэд Эрдэс баялгийн төв байгуулах саналыг чуулганд оролцогчид дэвшүүлжээ. Хил орчмын геологийн судалгааг  эрчимжүүлэх шаардлагатай төдийгүй ордуудаа ашиглах замаар хилийн хэвлийгээ хамгаалах нь юу юунаас чухал болоод буйг  иргэд илэрхийлсэн байна. 

Дорнод аймгийн хувьд 85 орд, 149 илрэл тогтоосон бөгөөд 1997 оноос ашигт малтмалын олборлолт эрчимжжээ. Аймгийн хэмжээнд 550 гаруй сая тонн нүүрс, газрын тосны XIX, XXI талбайд ашиглалтын баталгаат 42,2 сая тонн газрын тосны нөөцтэй.  Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 онд “Аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилго”  баримт бичгийг баталжээ. Тус баримт бичигт газрын тос, нүүрс, өнгөт төмөрлөг, барилгын материалын боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд нийлүүлснээр аймгийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Чуулган дээр аймгийн удирдлагууд энэхүү баримт бичгээ дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэгдүгээрт, газрын тосны олборлолтоос гарч байгаа илүүдэл хийг ашиглан бага оврын хийн үйлдвэр байгуулах талаар судалгаа хийх, Дорнод аймгийн Улаан цав, Мухар, Номинт, Авдар толгой, Алтан Цагаан-Овоо, Салхитын полиметалын ордуудыг Сүхбаатар аймгийн Төмөртийн Овоо, Холхудаг, Хэнтий аймгийн Мөнгөн-Өндөр, Тугалгатайн нуруун дахь ордуудтай хамтатган кластерийн хандлагаар хөгжүүлэхийг баримт бичигт чухалчлан тусгажээ. Түүнчлэн Чойбалсан хот орчимд өнгөт төмөрлөгийн боловсруулах үйлдвэр байгуулах, Адуунчулууны хүрэн нүүрсний бүлэг ордыг түшиглэн малын хүчиллэг тэжээл, газар тариалангийн бордоо болох гумины бордооны үйлдвэр байгуулах зэрэг ажлыг  үе шаттай хэрэгжүүлэх болсон тухайгаа Дорнод аймгийн удирдлагууд чуулганы үеэр танилцуулав. 
 
Харин Хэнтийн аймгийн тухайд ашигт малтмалын 62 орд, 259 илрэл, 360 эрдэсжсэн цэг илэрснээс чулуун нүүрсний нэг, хүрэн нүүрсний 10, шатдаг занарын 3, нефтийн 3, битумын 3, төмрийн хүдрийн 20, кбальт никелийн 5, хар тугалганы 9, цайр, зэсийн 25, цайрын 11, цагаан тугалганы 51, вольфрамын 40, молибдений 20, алт, мөнгөний 92, ураны 6, радигийн нэг, газрын ховор элементийн 3 илрэл тус тус бүртгэгджээ. Тийм ч учраас аймагтаа уул уурхайн салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн тулд 2016 онд баталсан “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичигтээ гурван томоохон зорилт дэвшүүлснээ Хэнтийн аймгийнхан дуулгалаа.   Нэгдүгээрт, байгалийн баялгаас олж байгаа ашиг орлогын тодорхой хувь болон учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг тухайн нөөцийг нөхөн сэргээх, байгаль орчны бохирдол доройтлыг арилгахад зарцуулж хэвших, үйлдвэр аж ахуйн болон уул уурхайн үйл ажиллагаанд бохир ус цэвэршүүлэх, саарал ус ашиглах, ус ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлсэн дэвшилтэт технологийг дэмжих, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтуудыг баримт бичигт онцгойлон тусгасан байна.

Зүүн бүсийн чуулганыг хамтран зохион байгуулагч Сүхбаатар аймгийн хувьд 2016 оны байдлаар нийт 140,3 тэрбум төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн, үүний дотроос 175,4 мянган тонн нүүрс, 100,2 мянган тонн цайрын баяжмал, 4 мянган тонн хайрга зэргийг үйлдвэрлэжээ. Тус аймгийн нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын нийт 122 тусгай зөвшөөрлийг 78 аж ахуйн нэгж эзэмшиж буйгаас газрын тосны хайгуулын 5, ураны хайгуулын 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байна.  Бичигт-Зүүн хатавчийн боомтоор дамжин БНХАУ-ын Жинжөү боомтоор Монгол улсаас бараа бүтээгдэхүүн экспортлохуйц хамгийн дөт дэд бүтцийг Сүхбаатар аймаг үүсгэх боломжтой ч  хүн ам сийрэг суурьшдаг, ажиллах хүчний хязгаарлагдмал нөөц, цөлжилт, ган зуданд түргэн нэрвэгдэх магадлалтай экологийн эмзэг байдал  нь сул тал болдгийг чуулганы үеэр илэрхийлжээ. 

Одоогоор орон нутгийн зүгээс “Цайрт Минерал” ХХК, “Бадмаараг хаш” ХХК-иудтай Хамтын ажиллагааны гэрээгээ байгуулсан бол “Эм эл цахиурт овоо” ХХК-тай хэлэлцээрийн түвшинд яваа аж. Чуулганы үеэр газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж буй компаниуд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу жил бүр орон нутагт олгох дэмжлэгийг дутуу олгож буйд шүүмжлэлтэй ханджээ.

Чуулганы төлөөлөгчид хурлын дараа  бүс нутгийн төдийгүй улсын хэмжээний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Цайрт минериал” ХХК-ийн Төмөртийн овооны цайрын баяжуулах үйлдвэр, ил уурхайн үйл ажиллагаатай танилцжээ. “Цайрт минерал” ХХК нь жилд дунджаар 400 мянган тонн цайрын хүдэр боловсруулж, 50 хувийн агуулга бүхий 100 орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргадаг. Одоогоор тус компанийн 371 ажилтнаас 327 нь монгол ажилчид бөгөөд 93 хувь нь Сүхбаатар аймгийн иргэдээс бүрдсэнийг компанийн удирдлагууд танилцуулсан юм.

“Цайрт минерал” ХХК болон орон нутгийнхны зүгээс дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний асуудлыг шийдэж өгөхийг УУХҮЯ болон холбогдох албаны хүмүүсээс хүслээ. “Цайрт Минерал” компани нь эрчим хүчний хомсдолоос шалтгаалан үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаар ажиллуулж чадахгүй байгаагийн улмаас 100 гаруй удаа үйлдвэрлэлийн зогсолт хийж, төлөвлөгөөт ажлууд нь саатжээ.

Зүүн бүсийн уул уурхайн чуулганы төгсгөлд хамтарсан уриалга гаргав. Тус уриалгад эрдэс баялгийн салбартай холбоотой хуулиудыг багц хуулийн хүрээнд авч үзэн хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай болон бусад холбогдох хуулиудыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах зэрэг хэд хэдэн асуудлыг онцгойлон тусгасан байна.
УУХҮЯ-ны зүгээс уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт арваннэгдүгээр сард зохиохоор төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа Баруун бүсийн чуулган болно.