Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоно


Монгол улсын их сургууль болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Их сургууль аж үйлдвэрийн хамтын хөгжил” форумыг өнөөдөр МУИС-ийн Номын санд зохион байгууллаа. Уг форумд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон МУИС-ийн удирдлагууд, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон юм.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа төр, их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоо сайжирч байж Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг цогц утгаар бий болгоно хэмээн онцоллоо. МУИС-ийн дэд захирал Ч.Ундрам “Кластерийг хөгжүүлэх хамтын ажиллагааны алхмууд” илтгэлдээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан өрсөлдөөнийг бий болгох зайлшгүй шаардлага үүсч байгааг дурьдаад, улс орнуудын өрсөлдөх чадвар нь салбар бүрийн  инновацийг хэр сайн хийж байгаагаас шууд хамааралтай байна гэлээ.

Монгол улсад компаниуд бие биедээ итгэхгүй байгаасаа шалтгаалж, кластер бүрэн утгаар хөгжихгүй байгааг Ч.Ундрам захирал мөн  тодотгосон. Уг форумд МУИС-ийн дэд захирал Б.Очирхуяг “Их сургуулийн оюуны өмч, технологи дамжуулалтын менежмэнт”, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ “Төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар баримтлах бодлого”, МҮХАҮТ-ын дэргэдэх Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлийн дарга Л.Оюунцэцэг “ШУТ, Инновацийн хамтын ажиллагааны интеграцид МҮХАҮТ-ын оролцоо” гэсэн сэдвээр тус тус илтгэлээ.

МУИС-ийн 2021 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд “Судалгааны их сургууль” болох зорилт тавьжээ. Тус сургууль нь 2011 онд Оюуны өмчийн  талаар баримтлах бодлого”-оо баталсанаар МУИС-ийн оюуны өмчийг бүтээх, хамгаалах, аж үйлдвэрт шилжүүлэх, олон нийтийн хүртээл болгох боломж бүрдсэн байна. 

МУИС-ийн инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийн судалгаа, түүний төлөвлөлтөд хувийн хэвшлийн байгууллагуудын технологийн хэрэгцээ, саналыг тусгах нь судалгааны үр дүнг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн тус форумыг зохион байгуулагчид үзэж байна.

Ийм судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний байгууллага, мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоход их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд хэрэгжүүлж болох шинэ санал санаачлага дэвшүүлэх, МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийг эргэлтэд оруулахад хэлэлцүүлгийн ач холбогдол оршиж байгаа аж.

Форумын хэлэлцүүлгийн дараагийн хэсгүүдэд уул уурхайн салбарт хэрэглэгдэх технологийн талаархи мэргэжлийн нарийвчилсан илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тухайлбал, “Ширхэглэг багатай алт агуулсан хүдрийг цахилгаан исэлдэлтийн аргаар уусган алт ялгах судалгаа”, “Сэргээгдэх эрчим хүчний технологийн зохистой хэрэглээ”, “Уул уурхайд зориулсан эко үйлдвэрлэлтэй хосолсон, судалгаа, технологи хөгжүүлэлтийн лаборатори хөгжүүлэх төсөл” зэрэг илтгэлийг салбарын мэргэжилтнүүд танилцууллаа. 



Г.Идэр