Хурал чуулган
“Өрөмдлөг-2017” онол-практикийн бага хурал боллоо
2017-12-25
Үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн Монголын Өрөмдлөгийн холбоо ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран олон улсын эрдэм шинжилгээний “Өрөмдлөг-2017” бага хурлыг энэ сарын 12-нд ШУТИС-ийн Төв номын санд зохион байгууллаа. Жил бүр зохион байгуулагддаг өрөмдлөгийн эрдэм шинжилгээ, онол-практикийн энэ удаагийн бага хурал нь уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог юм.
1990-эд оноос төрийн бус байгууллага, түүний дотор мэргэжлийн ТББ-ын үүрэг, ач холбогдол шинээр бий болсон он жилүүдэд буюу 1996 онд Монголын өрөмдлөгийн холбоо анх байгуулагдсан бөгөөд өдгөө тус холбоо мэргэжлийн 89 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Энэ удаагийн бага хурлаар хэд хэдэн онцлох эрдэм шинжилгээний илтгэлүүд тавигдаж, салбарын түвшинд анхаарах асуудлуудын талаар оролцогчид санал бодлоо хуваалцлаа. Уг хурлыг Монголын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер Л.Төвхөө нар удирдан явуулсан юм.
Бага хурлыг эхэнд Монголын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав “Ашигт малтмалын баялаг, нөөц ба тэдгээрийн ангилал, заавар” илтгэл тавьж, асуултад хариулсан. Тэрээр, илтгэлдээ ашигт малтмалын баялаг нөөцийн ангилал, хэрэглэх зааврын талаар олон улсын нийтлэг жишгийг дагах хандлага нь зөв зүйтэй байна.
Тухайлбал, ашигт малтмал ба ашигт малтмалын баялаг (reserve-ресурсы), ашигт малтмалын нөөц (resource-запасы) гэсэн тулгуур ойлголтуудыг Монгол улсад янз бүрээр ойлгож, дураар тайлбарладаг. Иймд Монгол улсын ашигт малтмал болох газрын тос, хий, газрын тосны уламжлалт бус эх үүсвэрүүд, газрын доорхи усны нөөцийн ангилал, хэрэглэх зааврыг “баялаг”, “нөөц” гэсэн үзэл баримтлал, томъёололтой уялдуулан шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай хэмээн илтгэлдээ дурдлаа.
Монгол улсад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1984 онд боловсруулагдсан “Геологи, хайгуулын ажилд мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг өрөмдлөгийн ажилд өнөөг хүртэл мөрдөж байгаа аж. 2000 оноос хойш буюу Монгол орны ашигт малтмалын эрэл хайгуулын ажил эрчимтэй хийгдэх болж, барууны болон Азийн орнуудын янз бүрийн өрмийн тоног төхөөрөмжүүдийг өргөнөөр ашиглах болсон. Хэдий тийм боловч эдгээр тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар одоо мөрдөж байгаа дээрхи журамд тусгагдаагүй байдаг.
Иймээс тухайн үеийн дүрэм заавруудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа болон орчин үеийн шаардлагыг хангаж буй эсэх, шинэчлэл хийх талаар зайлшгүй судалж үзэх шаардлагатайг “Litodrilling” ХХК-ийн мэргэжилтэн Ц.Болдбаатар илтгэлээ.
Одоогоор манай улсад ураны 12 ордын хэмжээнд 180.7 мянган тонн геологийн нөөц бүртгэгджээ. Үүнээс 9 ордын нөөц нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, баталгаажсан байдаг аж. Ашигт малтмал, газрын тосын газарт 14 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 33, ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байдаг аж. Энэ нь 9 аймгийн 28 сумын нутагт байрлаж байгаа ба үүнд ашиглагдахаар бэлтгэгдэж байгаа Дорноговь аймгийн нутаг дахь Дулаан-Уул, Зөөвч Овоогийн ордууд багтаж байна. Энэ хоёр орд нь элсэн чулууны хүдэржилт бүхий тунамал хурдас дахь исэлдэл ангижралын заагт үүсдэг ролл фронт төрлийн ордууд болохыг Р.Батхишиг судлаач илтгэлдээ дурьдсан. Ийм төрлийн ордуудын хайгуул болон ашиглалтыг өрөмдлөгийн аргаар явуулдаг байна.
Дулаан Уул, Зөөвч Овоо ордуудын болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд дээр “Арева” групп хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагааг 1997 оноос эхлэн явуулж ирсэн юм.
Геологийн салбарын хөгжил, үйл ажиллагаа “Урагшлах уу, ухрах уу” гэдэг нь салбарын эрх зүйн орчинд бодитой өөрчлөлт, шинэчлэлтийг хугацаа алдахгүй, оновчтой, үр дүнтэй хийхээс ихээхэн хамаарч байгааг судлаач Н.Баатар бага хурлын үеэр сануулсан. Тэрээр салбарын хэмжээнд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд “Газрын хэвлийн тухай” багц хууль боловсруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Энэхүү багц хууль нь Геологийн тухай, Уул уурхайн тухай, Кадастр бүртгэлийн тухай, Геомэдээллийн тухай, Хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай зэрэг хуулиудаас бүрдсэн байх учиртай хэмээн тэрээр тодотгосон.
Бага хуралд “Хайгуулын өрөмдлөгт чулуулгийн динамик хатуулгийг тодорхойлох аргуудын судалгаа”, “Өрөмдлөгийн үед чулуулгийн хөөлтийг багасгах судалгаа”, “Ураны ордууд дахь хайгуулын өрөмдлөг”, “Газрын гүний дулааныг ашиглах боломжийн судалгаа”, Бал чулууны өрөмдлөгийн нөхцлийн судалгаа, үнэлгээ” зэрэг илтгэлүүд тавигдлаа.
Г.Идэр