Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Орос, Монгол, Хятадын эдийн засгийн тойрог буюу Төмөр замын зүүн коридор



The Mongolian Mining Journal /2018.№001 /110/

Э.Од

2016 онд Ташкент хотноо үзэглэгдсэн Орос, Монгол, Хятад улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тодорхойлсон 32 төслийн нэг нь “Төмөр замын Зүүн коридор буюу Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян-Жинжоу/Панжин” чиглэл юм. Уг төслийг судалж үзээд, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлэхээр баримт бичигт туссан байдаг. Уг чиглэлийн дагуух бүс нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон “Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхай” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг “Монголын төмөр зам” компаниас нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.  



“Борзя-Соловьевск”
ОХУ-ын Транссибирийн төмөр замын хэсэг Борзя-Соловьевсктай холбогдох Монгол улсын Дорнод аймгийн Баянтүмэнгийн өртөө хүртэл нийт 324 км өргөн цариг бүхий төмөр зам бэлэн бий. 1939 онд тавигдсан уг төмөр зам хуучирсан тул шинэчлэн сайжруулж, хүчин чадлыг нэмэх  шаардлагатайг Оросын “Мосгипротранс” ХН-ийн Ерөнхий захирал И.В.Мицук хүлээн зөвшөөрч байсан юм. 85 жилийн түүхэндээ 19 мянган км төмөр зам барьж, дэлхийн 43 орны төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон тус компани Улаанбаатар төмөр замыг шинэчлэх хөтөлбөрийг боловсруулж байна. Оросын талаас төмөр замын Зүүн коридорыг ачаа тээврээр хангах талаар тавьсан илтгэлдээ тэрээр “Норникель” компани жилд 20 сая тонн төмрийн хүдэр олборлож, 10 сая тонныг нь Хятадын зах зээлд нийлүүлэхээр төмөр замын шинэ салаа замыг 2017 онд ашиглалтад оруулж Борзя өртөөтэй холбогдсоныг дуулгав.

“Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт”
2010 онд УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталж, Монгол Улсад ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөсөн.

Эхний үе шатанд барьж эхлэх (нийт 1100 орчим км) чиглэлд:
1.Даланзадгад-Тавантолгой-Цагаан­суварга-
  Зүүнбаян- 400 км;
2. Сайншанд-Баруун-Урт - 350 км;
3. Баруун-Урт-Хөөт - 140 км;
4. Хөөт-Чойбалсан - 150 км.

Хоёр дахь үе шатанд барьж эхлэх (нийт 900 орчим км):
1.Нарийнсухайт-Шивээхүрэн - 45.5 км;
2.Ухаахудаг-Гашуунсухайт - 267 км;
3.Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг - 380 км;
4.Хөөт-Бичигт - 200 км
гэж тодорхойлсон юм.


“Хөөт-Бичигт”
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Тавантолгой–Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасан юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хөөт-Бичигт“ чиглэлийн төмөр замыг барьж ашиглалт оруулах ажил туссан билээ.

Уг чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын төмөр замын 4 дүгээр товчоо нь “Байшинь төмөр зам” компанитай хамтарч, консорциум хэлбэрээр Ерөнхий гүйцэтгэгчээр оролцохоор ТЭЗҮ-ийг гүйцэтгэн дуусч байна.

Монголын тал Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх талаар яригдаж байна.

“Чойбалсан-Хөөт”
Чой­бал­сан хотын зүүн хэсгээр Баянтүмэн өртөөтэй холбох 177.2 км төмөр замын ТЭЗҮ-ийн судалгааны танилцуулгыг Хятадын төмөр замын инженер консалтингийн групп танилцуулсан. Уг чиглэлийн төмөр замын төсөл 700 сая ам.долларын өртөгтэй. Хөрөнгө оруулалтын 80%-ийг зээлээр, 20%-ийг компанийн хөрөнгөөр хийнэ. Бүтээн байгуулалтад 2.5 жил зарцуулахаар тооцжээ. Төмөр замын гол ачаа тээврийг хүрэн нүүрсний экспорт гэж үзэж байна. “Чойбалсан-Хөөт” чиглэл Хятадын Зүүн хатавч, цаашлаад Баян-Уулын төмөр замтай холбогдсоноор Ляонин, Жилинь, Хэбэй гурван муж руу хүрэн нүүрсний экспорт хийх боломж бүрдэнэ. Энэхүү чиглэлийн төмөр замын ачаа тээврийн тухайд жилд 13 сая тонн ачаа тээвэрлэхээс 6 сая тонн нь нүүрс, үлдсэн нь бусад ачаа байхаар төсөөлжээ. Тус тооцоололд үндэслэн төслийн хөрөнгө оруулалтыг 28 жилд нөхөх тооцоог хийсэн байна.  

“Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян–Жинжоу/Панжин”
Хятадын нутагт хамараалтай энэ чиглэл нь Зүүн хатавч-Улаанхад, Байшинь төмөр зам /Улаанхад-Чаоян/ гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх аж. 266 км урттай “Зүүн хатавч-Улаанхад” чиглэл нь нийт 3.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Нийт 487 км урттай “Байшинь төмөр зам”-ын хэсгийн 330 км зам 2014 онд ашиглалтад орж Хятадын төмөр замын сүлжээнд холбогджээ. Үлдсэн 157 км замыг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин Панжин боомт хүртэлх гуравдугаар хэсгийн 176 км төмөр замын ТЭЗҮ одоо хийгдэж байна.

“Орос, Монгол, Хятадын эдийн засгийн тойрог”
2017 онд Орос, Хятадын удирдагчид уулзахдаа Сибирь, Алс Дорнодын байгалийн баялгийг хамтран боловсруулах, тээвэрлэхээр тохиролцсон юм. Тиймээс хоёр улсын ирээдүйн худалдаа, хамтын ажиллагаанд төмөр замын Зүүн коридор чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Зүүн коридор ашиглалтад орсноор Монгол улсын Эрээнцав-Бичигт, ӨМӨЗО-ны Зүүн-Хатавч, БНХАУ-ын Ляонинь мужийн Байшинь төмөр зам, ОХУ-ын Транссибирийн төмөр зам, БНХАУ-ын Хэйлунжан мужийн Харбин-Манжуур төмөр замууд багтсан тойрог үүсч байгаа юм. Үүнийг Хятадын талаас “Орос, Монгол, Хятадын эдийн засгийн тойрог” хэмээн нэрийдсэн санаачилга дэвшүүлж байна.

Төмөр замын энэ дэд бүтцэд тулгуурлан Орос, Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүн  БНХАУ-ын зүүн өмнөд нутаг, тэр дундаа Ляонин мужийн аж үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах суваг  нээгдэх юм. Нөгөөтэйгүүр, төмөр замын давуу тал, БНХАУ-ын зүүн хойд нутгуудын аж үйлдвэрийн түүхий эдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан Монгол улсын хил залгаа Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн ашигт малтмалыг нээн илрүүлэх, боловсруулж эдийн засгийн шинэ эргэлтэд оруулах боломжтой аж. “Орос, Монгол, Хятадын эдийн засгийн тойрог”  битүүрч холбогдох  Монгол улсын “Чойбалсан-Хөөт-Бичигт”, БНХАУ-ын “Фүшин-Панжан” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтаас хамаарч байгаа юм.


Хөөтийн Аж үйлдвэ­рийн парк

БНХАУ-ын Ляонин мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Би Дөли нь Орос, Монгол, Хятадын эдийн засгийн тойрог санаачилгын хүрээнд Хөөтөд аж үйлдвэрийн парк байгуулах боломжтой тухай урьдчилсан таамаглал судалгаагаа танилцуулав.

Монгол улсын зүүн бүс нутгийн ашигт малтмал, хөдөө аж ахуйн баялагт тулгуурлан шинэ төмөр зам байгуулахын зэрэгцээ Дорнод аймагт Хөөтийн аж үйлдвэрийн парк байгуулах нь зүйтэй. Аж үйлдвэрийн паркийн бэлэн бүтээгдэхүүн Монгол улсын дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ “Бичигт-Хөөт-Чойбалсан” чиглэлийн төмөр замаар дамжин Хятад, Зүүн өмнөд Азийн орнууд, далайн Панжин боомт хүрэх, Транссибирийн төмөр замаар Зүүн хойд Азийн зах зээлд нийлүүлэх, Зарубино боомтод гарах эдийн засгийн өндөр үр ашигтай гэж үзжээ. Орос, Хятадын тал хамтран Зарубино боомтод 15 зогсоол нэмж байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Монголын зүүн бүс нутгийн эрдэс баялгийн төрлөөс хамаарч Хөөтийн аж үйлдвэрийн парк нь нүүрснээс хий, шингэн түлш гаргах, газрын тос боловсруулах үйлдвэр болон хөдөө аж ахуйн арьс шир боловсруулах хөнгөн үйлдвэрлэлээс гадна чөлөөт худалдааны бүс, үл хөдлөх, газрын худалдаа явуулах боломжтой гэж үзжээ. Хөөтийн аж үйлдвэрийн паркийг 15-20 жилийн хугацаанд аж үйлдвэрийн төв болтол хөгжүүлснээр зүүн бүсийн томоохон хот байгуулах үндэслэлийг судалгаанд тодорхойлжээ. 

Зүүн коридорын гол зангилаа цэгүүдийн нэг Ляонин мужийн Фүшин хотын нүүрсний нөөц шавхагдаж буйн улмаас уул уурхай түшиглэсэн хотоос эдийн засгийн өөрчлөлт хийх туршилтын загвар хот болгон Хятадын Засгийн газраас зарлажээ. Гэсэн хэдий ч Ляонин мужийн эрчим хүчний үйлдвэрүүдийн гол түүхий эд нүүрс хэвээр байна. Нүүрсний нөөц шавхагдаж байгаа ч хэрэглээ өндөр байгаа аж. Тэгэхээр төмөр замын Зүүн коридор Ляонин мужийн хувьд нүүрсний хэрэгцээг нийлүүлэх чухал зам байх бөгөөд Монгол улс, ӨМӨЗО-ноос нүүрс импортлох бодит боломж үүсч байгаа юм.