Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Сангийн яам: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн худалдаанд татвар тавих нь зүйтэй

Монголын эдийн засгийн чуулганы 9 дэх удаагийн арга хэмжээний “Уул уурхай ба үр өгөөж” салбар хуралдааны үр дүнгийн талаар модератор Г.Дамдинням танилцуулсныг  тоймлон хүргэж байна.

“Уул уурхайн салбарын асуудлыг хөндөж хэлэлцсэн “Уул уурхай ба үр өгөөж” хуралдаанд УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Эрдэнэс Монгол” компанийн санхүү, удирдлага хариуцсан дэд захирал Г.Ганболд болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд  нар илтгэл тавьсан юм.

“Уул уурхай ба үр өгөөж” хуралдааны үеэр Сангийн яаманд хаяглагдсан асуултуудад мөнгө олдог уул уурхайн салбарын орлогын зарцуулалтыг сонирхож байлаа. Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн салбараас хамааралтай байдлыг хөндсөн. Энэ тал дээр Сангийн яамны зүгээс дэд бүтцийн төслүүдэд нэлээд хөрөнгө оруулж байгаа. Уул уурхай нь ажлын байрыг олноор бий болгодог салбар биш тул Монгол улсын Засгийн газрын “Гурван тулгуурт бодлого”-ын хүрээнд гол хөрөнгө оруулалтыг ажлын байр бий болгодог үйлдвэрлэлийн салбарт чиглүүлж буйг онцоллоо. Бенефициар эзэн гэсэн ойлголттой холбоотой ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаанд тавигдах 30%-ийн татварын асуудал яригдсан. Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа тодорхой, дэлгэрэнгүй хариултыг өгч байлаа. Уул уурхайн тусгай зөвшөөрлийн худалдаа, ялангуяа хилийн гадна явагдаж байгаа наймаанд ямар ч татвар тавигдаж чадахгүй байна. Тиймээс дараагийн эзэмшигч дээр хяналт тавьснаар энэ 30%-ийн татварыг авах боломжтой гэсэн Сангийн яамны байр суурийг тэрээр илэрхийлсэн юм. Одоогоор энэ асуудал зөвхөн ярианы түвшинд хэрэгжиж байгаа аж. Дашрамд дурдахад татварын багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд тусгай зөвшөөрлийн худалдаанд тавигдах татварын хувь хэмжээ одоогоор тухайн арилжаанаас олсон орлогын 30% байгааг буулгаж ашгийн 10% болгохоор холбогдох хуулинд өөрчлөлт оруулах төлөвтэй байгаа билээ.

УУХҮЯ-нд хамааралтай асуултуудад алтны асуудал давамгайлжээ. Тэр дундаа, “Алт 2” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болоод салбарын яамны зүгээс дотооддоо алт боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарах шаардлагыг чуулганд оролцогчдын зүгээс дэвшүүлсэн юм. Орон нутагтай холбоотой хэлэлцэгдсэн асуудал нь байгалийн баялгийн нөөц ашигласны татвар, хураамжийг орон нутагт хуваарилна гэдэг ч бодитоор хэрэгждэггүй. Энэ нь цаашаа асар их асуудлыг дагуулдаг учир орон нутгийнхан уул уурхайг эсэргүүцдэг. Тус хөрөнгийн хуваарилалтад Сангийн яам тусгай журам гаргах, аль эсвэл хууль санаачлах арга замаар энэ асуудлыг бодлого тодорхойлогчид шийдвэрлэж өгөхийг компаниудын төлөөлөл хэлж байлаа.

Уул уурхайн салбар дахь төрийн өмчийн оролцоо байх ёстой, оролцох нь зүйтэй гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа бол хэр хэмжээтэй оролцоо байх ёстой вэ, үр бүтээл нь ямар байх вэ гэсэн асуулт “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын төлөөлөгчдөд тавигдсан юм.

Э.Од