Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Vision Zerо буюу ослыг тэглэх хөдөлгөөнд Монгол улс нэгдэнэ




The Mongolian Mining Journal /2018.004/

Г.Идэр

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин бол хувь тавилан биш. Гарцаагүй тохиолдох зүйл ч бас биш. Аливаа осол, өвчин бүр тодорхой шалтгаантай. Гэхдээ үр ашигтай урьдчилан сэргийлэх соёлыг бүрдүүлэх замаар учирч болзошгүй эрсдэл дагуулсан шалтгааныг арилгах боломжтой гэсэн зарчмыг хөдөлмөр, аюулгүй ажиллагааны асуудлаар мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд баримталдаг.

Тиймдээ ч гуравдугаар сарын 29-30-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Уурхайчин” соёлын ордонд болж өнгөрсөн “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо-2018” долдугаар форум  нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг  уриагаа болгожээ. Энэхүү зорилгыг эрхэмлэн, ХАБЭА-н салбарт тулгамддаг бэрхшээл, шинэ боломж, гарц, сайн туршлагаа харилцан солилцож түгээх, Монгол улс олон улсын “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэх гэсэн гурван багц зорилтыг хэлэлцэхээр уул уурхайн болон бусад томоохон аж үйлдвэрийн 400 гаруй төлөөлөгчид Эрдэнэт хотноо цуглав.

Энэ удаагийн форум “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн түүхт ойн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” компаниудын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн санамж бичгийн дагуу Монголын мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо (MOSHPA)-той хамтран зохион байгуулагдлаа.

“Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо” форумын үүсгэл санаачилга уул уурхайн салбараас эхлэлтэй ч сүүлийн жилүүдэд эрчим хүч, барилга, байгаль орчин, зам тээвэр, боловсролын салбарын төлөөллүүд идэвхтэй оролцох болжээ. Чуулганд оролцсон хүндтэй зочдын дунд “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Олон улсын Нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар (ISSA Mining)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гельмут Энэс нар байв.

“Бид хэрхэн аюулгүй ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгч болсноо нэг үгэнд багтаан хэлэх бол би “Хамтдаа” гэж томьёол­но. Бид нэгдмэл зорилгын тө­лөө хамтдаа явах аваас аюулгүй ажил­лагааны бат бэх соёлыг бий болгож чадахыг “Оюутолгой” үлгэрлэн харуулсан. Аюулгүй ажиллагаа нь үйлдвэрлэл, төлөвлөгөө болон санхүү­гийн гүйцэтгэлээс ч чухал. Энгийнээр хэлбэл, бидний бизнесийн аливаа зорилт гэр бүлийн аль нэгэн гишүүн ноцтой аюулд орохоос илүү үнэ цэнтэй байж болохгүй” хэмээн ноён Армандо Торрес хурлын  төлөөлөгчдөд хандан хэлсэн юм.

Харин Гельмут Энэс, Монгол улс дэлхийн олон оронд дэлгэрч буй “Ослыг тэглэх” хөтөлбөрт нэгдэж, олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа 2017 онд батлагдсан Монгол улсын ХАБЭА-н Үндэсний тав дахь хөтөлбөртөө тунхагласан нь ХАБЭА-н салбарт томоохон үйл явдал боллоо гэдгийг тодотгосон. 

“Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” гэдэг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах шинэ хандлага, арга зам бөгөөд хөдөлмөрийн бүх үе шатанд Хөдөлмөрийн аюулгүй байдал (Safety), Хөдөлмөрийн эрүүл мэнд (Health), Хөдөлмөрийн таатай байдал (Wellbeing) гэсэн гурван чиглэлийг нэгтгэн багтаасан ойлголт юм. 

Олон улсын нийгмийн хамгааллын ассоциацийн боловсруулсан “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хэмээх энэхүү үзэл баримтлал, стратеги нь уян хатан бөгөөд түүнийг аливаа салбарын онцлог, ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, таатай байдлыг хангахад чиглэсэн урьдчилан сэргийлэх асуудлыг шийдвэрлэхэд тохируулан хэрэглэж болдог онцлогтой. 

“Vision Zero” хөдөлгөөн анх Шведед үүссэн байна. Хөдөлгөөний суурь зарчим болох “7 алтан дүрэм”-ийг санаачлан хэрэгжүүлсэн ба Герман улс уг хөдөлгөөнийг уул уурхайн салбартаа нэвтрүүлж хэрэгжүүлжээ. Улмаар 2014 онд Германы Франкфурт хотноо ХАБЭА-н асуудлаар зохион байгуулагдсан Олон улсын их хуралд оролцогчид “Vision Zero”  хөдөлгөөнд нэгдэх, бүх салбарт нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан  өвчлөлийг бууруулах үндсэн эрмэлзэл мөн гэдэгт санал нэгдсэн байна.

2017 оны мэдээллээр 640 орчим компани, 90 гаруй улс орон уг хөдөлгөөнд нэгджээ. Энэ удаад MOSHPA болон Олон улсын Нийгмийн хамгааллын ассоциацийн Уул уурхайн салбар хариуцсан удирдлагууд хамтын ажиллагааны гэрээнд харилцан гарын үсэг зурав.
“VISION ZERO” буюу “Ослыг тэглэх” хөдөлгөөнд Монгол улс нэгдэх асуудлаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх талаар зөвлөгөөний эхэнд хөндөж, төлөөлөгчид хэлэлцсэн юм. Үйлдвэрийн ослыг тэглэж, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулахад хувь хүний хандлага маш чухлыг хуралд оролцогчид тодотгож байсан. Хэдийгээр хөдөлмөр хамгааллын чиглэлээр олон дүрэм, журам, стандарт, хөтөлбөр бий ч үүнийг хэрэгжүүлэх ухамсар, хандлагыг өөртөө төлөвшүүлээгүй ажилтан, албан хаагч эрсдэл гаргадаг учир  “Та өөрөө өөртөө эзэн” гэсэн зарчмыг баримтлах нь нэн хэрэгтэйг сануулж байлаа.

Уул уурхайн салбарт осол буурч байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) гаргасан судалгаанаас харахад жилд дунджаар 2.3 сая хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр амь насаа алддаг бол  310 сая хүн ажлын байрандаа бэртэж гэмтдэг байна. Өөрөөр хэлбэл 15 секунд тутамд 1 хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинд өртөн нас барж, 150 гаруй хүн ажлын байрандаа ямар нэг осол бэртэлд ордог аж.

Эдүгээ Монгол улсад, тэр дундаа уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарт өнөөдрийн байдлаар 753 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 22 мянга гаруй хүн шууд харьяалах ажил хөдөлмөр эрхэлж байна.  Гэтэл улсын хэмжээнд 2016 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 332 тохиолдол бүртгэгдсэнээс 288 буюу 86.7% нь үйлдвэрлэлийн осол, 44 буюу 13.3% нь хурц хордлого байна. Үүнээс 55 тохиолдол нь уул уурхайн салбарт хамаарна.

Ерөнхийдөө унаж бэртэх, хальтрах, эд зүйлд цохигдох, суурин тоног төхөөрөмжинд өртөх, хүчтэй хөдөлгөөн, цахилгаанд цохиулах, бусад гэсэн ослын хэлбэрүүд 2016-2017 онд харьцангуй бууралттай гарсан ч хортой бодис, цацрагт өртөх явдал ихэсчээ. Энэ нь сүүлийн жилүүдэд баяжуулах үйлдвэр олноор баригдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотой аж.




Насны хувьд ангилахад 25-34 насныхан үйлдвэрлэлийн осолд өртөх нь их байна. Энэ нь уул уурхайн салбарт ажлын гараагаа эхлүүлж байгаа залуус дадлага туршлагагүй, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэг тааруутай холбоотой. Түүнчлэн уул уурхайн салбарын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд 2013-2017 онд нийтдээ 64 аж ахуйн нэгж, байгууллага хамрагджээ. 2013 онд 40 байгууллагаас 23 нь хамрагдсан бол 2017 онд 87 аж ахуйн нэгжээс ердөө 8 нь хамрагдсан нь үнэлгээ ямархуу түвшинд явж буйн тод илэрхийлэл юм.

Салбарын ХАБЭА-н нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, тодорхой үе шаттай ажил зохион байгуулах үүднээс УУХҮ-ийн сайдын тушаалаар ХАБЭА-н салбар хороог яамны дэргэд байгуулж, бүрэлдэхүүнд нь төр, хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийг тэгш оруулжээ. Салбарын түвшинд ХАБЭА-н хууль, тогтоомж, стандартыг мөрдүүлж, хэрэгжилтийг хангах, ажиллагсдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар бодлого боловсруулан УУХҮ-ийн сайдад танилцуулж шийдвэр гаргуулахаар салбар хороо ажиллаж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж, тодорхой зорилтууд дэвшүүлсэн. Үүний хүрээнд Засгийн газрын тогтоолоор ХАБЭА-н үндэсний тав дахь хөтөлбөр батлагдсан. Тиймээс УУХҮЯ үндэсний хөтөлбөрийн хүрээнд салбарын дэд хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер зарлаж, аюулгүй ажиллагааны дүрмүүдийг шинэчлэн боловсруулж байгааг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал онцолж байлаа.

Салбарын яамдын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан бол Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх асуудлаар Ажлын хэсэг байгуулагдаад байна. 

Энэ удаагийн чуулганд Монголын уул уурхайн салбарыг түүчээлж яваа хоёр том уурхай болох Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнууд туршлагаа хуваалцсан нь хуралдааны сонирхолтой, шинэлэг хэсэг боллоо.
“Оюутолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Техник, ур чадвар хөгжүүлэлтийн хэлтсийн зөвлөх Ц.Бүжин аюулгүй ажиллагааг хөгжүүлэхэд манлайлал маш чухал үүрэгтэй болохыг тодотгосон. Ялангуяа “Оюутолгой” компанид тулгарч байсан манлайллын бэрхшээл нь ажилчдын туршлага дутмаг, захиран тушаах удирдлагын арга барил зонхилсон, олон улс орны янз бүрийн соёл, зан заншилтай хүмүүс хамтран ажиллах өвөрмөц орчин, “Рио Тинто” компанийн соёлыг сайтар таньж мэдэх эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байжээ. Иймд тус компани ажилчдын манлайлах чадварыг нэмэгдүүлэх нь маш чухал гэж үзээд  2017-2021 он хүртэл  авьяас, ур чадварыг хөгжүүлэх стратеги боловсруулан чиглэсэн сургалтууд хийж эхэлжээ. “Ажлын бүтээмж сайтай, эерэг дулаан уур амьсгал бүрдүүлдэг, аюулгүй ажиллагааг цаг ямагт ажлын хуваарь, төлөвлөгөө, бүтээмжийн өмнө тавьж ажилладаг манлайлагчийг бий болгох нь бидний зорилго” хэмээн “Оюутолгой” компанийн ХАБЭА-н ажилтнууд ярилаа. 

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн  дарга, Монгол улсын гавьяат уурхайчин Д.Цагаан-Эрдэнэ тус компани 1988-1998 онд “Хөдөлмөр хамгааллын удирдлагын систем”-ийг хэрэгжүүлсэн нь Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл хөгжих, мэргэжилтэй боловсон хүчин бүрэлдэн бий болох бааз суурь тавигдах чухал нөхцөлийг бүрдүүлсэн гэв. Тэрээр “Нэн түрүүнд-Хөдөлмөрийн аюулгүй байдал” гэсэн суурь зарчмыг хэрэгжүүлж, ОHSAS 18001:2007, MNS ОHSAS 18001:2012 стандартад нийцүүлэн үйл ажиллагааны үндсэн бодлогоо хэрэгжүүлэн ажилласнаар ихээхэн үр дүнд хүрч буйгаа онцолсон юм.