Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Сэргээгдэх эрчим хүч рүү тэмүүлсэн Герман орны уул уурхайн гэрэл, сүүдэр



 Г.Идэрхангай  
(ХБНГУ-ын Бонн-Норд Рейн Вестфален муж. 2018.06.14)
Гэрэл зургийн сурвалжлагыг Б.Рэнцэндорж /ГАММА/


Герман орон ой модод, үзэсгэлэнт ногоон төглийн эх орон юм. Уул толгод,тал хээр, хот тосгодыг өвч бүрхсэн ногоон өмсгөл нь нүд хужирлана. Хуучнаар Баруун Германы  Норд Рейн Вестфален мужийн Рейн мөрний сав газар ч мөнхүү өтгөн шигүү ой моддоор битүү хучигджээ. Хэдэн мянган жилийн тэртээгээс энэхүү үржил шимт сав газар ургаж төлжсөн хөвч ой өнөөдөр байгаль дэлхийн гоо сайхныг гайхуулах нь ер бусын.  Рейн мөрний дагуу, уулын эгц энгэрээр үргэлжилсэн усан үзмийн тариалангийн талбай, гайхалтай гоё хотхонууд, сэтгэл хөдөлгөсөн том цайз хэрмүүд, аж үйлдвэрлэлийн гайхамшигт хөгжлийг харуулсан дэд бүтэц, олон зууны түүхтэй фермерүүд... Энэ бүхэн Германд хөл тавьсан хэн бүхний  сэтгэлийг ховсдон татах ажээ. 
  
Бонн хотоос өглөө эртлэн хөдөлсөн бид хурдны замаар довтолгосоор Германы эрчим хүчний хамгийн том компаниудын нэг RWE-гийн эзэмшлийн GarzweileII-ийн уурхайд хүрэлцэн ирлээ. Өмнөх гурван өдөр нь дэлхийн 100  гаруй орны хэвлэл, мэдээллийн байгууллагуудын 2000 гаруй төлөөлөгчийг нэг дор цуглуулсан “Global Media Forum”-д номын дуу сонссон бидний дараагийн сургалт-аялал Германы уул уурхайн үйл ажиллагаатай танилцахад чиглэсэн.
Бид гэдэг нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ)Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, The Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Сэтгүүлчдийн менторшип хөтөлбөр”-т багтсан ментор сэтгүүлчид юм.

Гарзвейлерийн уурхай 2050 онд олборлолтоо зогсооно

Норд Рейн Вестфален мужийн Дюссельдорф (нийслэл), Кёлн, Ахен гэсэн гурван хотын дундах, доод Райны өргөн уужим сав газар анх 100 гаруй тэрбум тонн нүүрсний  нөөцтэй байсан бол олон арван жилийн олборлолтын явцад өнөөдөр 55 тэрбум тоннын нөөцтэй үлджээ. Ерөнхийдөө энэ хавийн хөрс элсэрхэг учраас ил уурхай ажиллах боломжтой. Энд үйл ажиллагаа явуулж байгаа хүрэн нүүрсний (лигнит төрлийн) Гарзвейлер (Garzweiler), Хамбах (Hambacher), Инден (Inden) гурван ил уурхайгаас жилдээ 95 сая тонн нүүрс олборлодог. Үүний 90% нь эрчим хүчний зориулалттайгаар ашиглагддаг. Хамгийн сонирхолтой нь уурхайн ам бүртээ томоохон цахилгаан станцуудтай. Өмнө нь дундаа нэг том цахилгаан станцтай байсан ч эрчим хүчний дутагдалд орж ихээхэн хүндрэл бэрхшээл учирснаас үүдэн уурхай  тус бүр дээр байгуулах шийдэлд хүрсэн гэдэг.

Энэ туршлагаас харахад Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур зэрэг томоохон уурхайг түшиглэн Цахилгаан станц барихаар  зүтгэж буйг буруутгах аргагүй ч  эцсийн шийдэлд хүрэхийн тулд гадны туршлагуудыг сайн судлах хэрэгтэйг Германы уурхайнуудын түүх харуулна...





RWE компани Германдаа хүрэн нүүрсний хэд хэдэн ил уурхайг эзэмшдэг. Гарзвейлер   уурхайг 1987 оноос албан ёсоор ашиглаж эхэлжээ.  
Норд Рейн Вестфален муж 20 сая хүн амтай. Түүний тал хувийг Гарзвейлерийн уурхайн цахилгаан станц эрчим хүчээр хангаж байна. Германд хүрэн нүүрсээ бүхэлд нь лигнит (lignite) гэж нэрлэдэг. Эндхийн лигнит нүүрс илчлэгийн хувьд 1200 ккал/кг-аас хэтэрдэггүй. Чанарын хувьд тийм ч хангалттай биш гэсэн үг. Тэгэхэд Багануурын уурхайн эрчим хүчний хүрэн нүүрс 3200-3600 ккал/кг илчлэгтэй. Мэдээж энэ хоёрыг шууд харьцуулах боломжгүй ч манай хүрэн нүүрс 65%-ийн чийгшилтэй, муу шаталттай, дулаан бага ялгаруулдаг гэдгийг Гарзвейлерийн уурхайн олон нийттэй харилцах ажилтан  Михаел Фунгелин бидэнд танилцуулав.

Хүрэн нүүрсний үнэ цэнэ бага тул   эдийн засгийн хувьд зөв ажиллаж,  ашиг олохын тулд Гарзвeйлерийн уурхайн удирдлага бүхий л  анхаарлаа хандуулдаг аж. Зардал хэмнэх эхний арга нь уурхайн аман дээр барьсан цахилгаан станц бол хоёр дахь арга нь  өөрийн эзэмшлийн төмөр зам. Төмөр замаар нүүрсний бүх тээвэрлэлт явагдана.
Энэ бүс нутагт анх Ромын эзэнт гүрний үед буюу 2000 жилийн өмнө хүрэн нүүрс илрүүлж, олборлож байж. Яг уурхайн хэлбэрт оруулаад ашиглаж эхэлсэн нь 200 орчим жилийн тэртээгээс яригдана. u
Цаашид энэ хэмнэлээр олборлолт явуулбал 500 жилийн настай уурхай гэдгийг тэд хэлж байлаа. Гэхдээ хэдий хүсэвч ийм урт хугацаанд ашиглалт явуулах боломжгүй. Учир нь 2050 он гэхэд Гарзвейлерийн нийт лицензтэй талбайд олборлолт хийгдэж дуусах хатуу төлөвлөгөөтэй.

Үүнээс гадна ХБНГУ 2050 оноос хойш бүх салбартаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлж,  нүүрсний олборлолтыг зогсоох бодлого хэрэгжүүлж байгаа.  Түүний дагуу  Гарзвейлерийн уурхай 2050 он гэхэд уурхайн хаалтаа хийчихээд эндээсээ хэрхэн гарах стратегиа боловсруулж буйг дуулгалаа. Бодоод үзэхэд, энэ байдлаар 30 жилийн дараа Герман орон нүүрснээс бүрэн татгалзах нь. Харин Монгол улс 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, лав 100 жил ашиглах Тавантолгой ордыг бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах гэж хэдэн Засгийн нүүр үзэж буй. Цаашид ч дахиад   зуу зуун жил ашиглах нүүрсний ордууд бий гэдэг.

Уурхайтай танилцах аялал маань нүүрсний ачилтын хэсэгт үргэлжиллээ. Нүүрс хадгалалтын хэсгээс урт конвейерээр дамжин ирсэн нүүрсийг эндээс ачдаг. Нэг цуваа галт тэргэнд 15 минутын хугацаанд нүүрс ачдаг ба   нэг удаадаа  нийт 1400 тонн нүүрс ачдаг гэсэн үг.

Гарзвейлерийн уурхайд бүх зүйл технологийн өндөр түвшинд шийдэгджээ. Урт урт конвейер, өндөр хүчин чадалтай ганц хоёр техник л ажиллахаас биш энд хүний оролцоотой зүйл тун бага. Уурхайн нүүрс ачилтын цэг дээр гэхэд ердөө хоёр  хүн л ажиллаж байна. 1500 орчим ажилтантай гэх боловч ихэнх нь эдгээр туузан дамжуулагчийн засвар үйлчилгээ зэргийг хариуцсан инженерүүд юм.

Ачилтын туузан дамжуулагчийн хажууханд нисдэг тэрэгний буух талбай харагдана. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг манай уурхай маш сайн сахиж ажилладаг ч болзошгүй аваар ослоос сэргийлэх үүднээс нисдэг тэргүүдийг бэлэн байдалд байлгадаг хэмээн уурхайн ажилтнууд ярьж байлаа.
Конвейерээр ирсэн нүүрсийг доош асгахдаа хажуу талаас нь усаар сайтар шүршиж байгаа нь тоосжилтыг бууруулж, байгаль экологио хамгаалсан шийдэл юм. Ингэж тасралтгүй ус ашиглахдаа нүүрс олборлох явцад шүүрч гарсан усыг ашигладаг байна.

Жилд дунджаар 600 сая шоо метр усыг сорж гарган нүүрсээ шүршдэг. Нэгэнт ашигласан усаа дахин дахин цэвэршүүлж хэрэглэдэг бүхэл бүтэн систем  манайд бий хэмээн ам бардам танилцуулж байлаа. Уурхайн цахилгаан станц 95 тэрбум кВт эрчим хүч үйлдвэрлэдэг хэрнээ өөрсдөө үүний ердөө 4%-ийг хэрэглэдэг аж. Уурхайн бүх техник, тоног төхөөрөмж цахилгаанаар ажилладаг болохоор шатахуун түлш гэж огтоос санаа зовдоггүй бололтой.
Ерөөс энэ уурхайд манай нүүрсний уурхайнууд шиг бужигнасан олон техник, тоос шороо алга. Өндөр хүчин чадалтай техник, үргэлж найдвартай ажилладаг урт, томоохон конвейеруудаар асуудлаа бүрэн шийджээ.

Уурхайн орчимд 1961 оноос ашиглаж эхэлсэн  аварга том эргэгчтэй ухагч роторт экскаваторыг үзмэр болгон байршуулжээ. Өдөрт 70 мянган тонн нүүрсийг хөрснөөс нь салгаж авдаг энэхүү техник өнөөдөр хамгийн ахмад төдийгүй хамгийн жижигтээ орох болжээ. Томууд нь өдөртөө 240 мянган тонн нүүрс олборлож тээвэрлэнэ. Бараг 40 мянган уурхайчны өдөрт хийх ажлыг нэг роторт экскаватор гүйцэтгэж байна гэсэн үг.
Нүүрсээ их хэмжээгээр олборлохын тулд германчууд дэлхийд хамгийн томд тооцогдох  Bagger 288 хэмээх аварга техникийг бүтээжээ. Экскаваторын урт 220 м  (721 фут), ойролцоогоор 96 м  (315 фут) бөгөөд нийтдээ 13.5  мянган тонн жинтэй.

Гарзвейлерийн уурхайг өндөрлөг тавцангаас бүхэлд нь тольдон харах боломж тохиов. Тусгайлан засч бэлдсэн урт төмөр тавцангийн эхэнд нь зогсоход уурхай алган дээр тавьсан мэт тодхон.

Өнөө ухагч аварга  экскаваторуудаас ирсэн нүүрсийг хүлээж аваад нүүрс хадгалах хэсэг рүү хүргэх аварга конвейерүүд алсаас томоохон төмөр замын өртөө мэт нүсэр харагдана. Эдгээр конвейерийг компьютерийн товчлуураар л удирдана.

Уурхайг үзэхээр ирсэн хэн бүхэнд тавцан нээлттэй. Оюутнууд, жуулчид гээд хол ойроос зорин ирсэн бүхэн энд ирж уурхайтай танилцана. Хэсэг жуулчид уурхайг үзээд буцаж байхтай таарлаа. Уурхайн олборлолтын явцад карьер нь жилдээ нэг км-ээр өргөсөж байдаг ч буцаагаад нөхөн сэргээдэг учраас  энэ хэмжээгээ төдий л алдаад байдаггүй.

“Уурхайн карьерын эргэн тойрон битүү мод ургамал, ногоон төгөл байгаа биз. Бидний  хийсэн нөхөн сэргээлт. Байгалийн унаган төрхөнд оруулж, хэн ч энд уурхай байсан гэж итгэхээргүй болтол нөхөн сэргээдэг. Зуун жилийн хугацаанд хийгдсэн нөхөн сэргээлт мэдээж сайхан харагдахдаа гол нь биш. Ирээдүй хойч үе маань энд  аж амьдрал, эдийн засгаа сайжруулж байх ёстой” хэмээн Михаел Фунгелин ярилаа. Уурхайн зүгээс нөхөн сэргээлтэд жилдээ 140 сая евро зарцуулдаг бөгөөд хиймэл нуур бий болгож, байгаль орчинд эерэг өөрчлөлт авчрахаар хичээж байна.

Гарзвейлерийн уурхайн бүсээс гарах замд томоохон цахилгаан станцуудын бараа харагдав. Станцын яндангаас утаа савсана. Тус уурхай нүүрсний олборлолтоо жил жилээр багасгаж буй тул нэг цахилгаан станцаа бүрэн зогсоожээ. Яваандаа үлдсэн хоёроо зогсоох гэнэ.

Уурхайн замтай нийлсэн хурдны замаар хэсэгхэн давхиад жижигхэн сууринд ирэв. Өөрийгөө Германы Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах холбооны тэргүүн гэж танилцуулсан Дирк Жэнсен сонирхолтой яриа дэлгэснээр бидний аялал Хамбахын уурхайн орчимд үргэлжиллээ. Тус холбоо байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Германы хамгийн том төрийн бус байгууллага. Өдгөө 600 мянга гаруй гишүүнтэй. Төр засаг, уул уурхайн компаниудын эсрэг хамгийн хүчтэй дуугардаг холбоо юм байна.

Хамбахын уурхай монголчуудад хэдийнэ танил болжээ. 2006 онд тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс Хамбахын уур­хай­тай танилцаад тэргүүлэх технологи, шилдэг турш­лагыг Монголдоо нэвтрүүлнэ гэж баахан “сурталчилсан”.

Үнэн чанартаа энэ уурхай байгаль орчинд ямар хор хөнөөл учруулж буйг Дирк Женсен шүүрс алдан ярьсан юм.
Өндөр саглагар ойн төгөл рүү зурайх жимээр алхсаар хүчтэй салхи, шуурганы улмаас үндэстэйгээ ховхорч унасан аварга модны дэргэд очиж зогсов. 12 мянган жилийн настай, Х зууны үед онцгой хамгаалалттай байсан Хамбахын ой уурхайн нөлөөлөл, өргөжин тэлэлтийн улмаас ихээхэн сүйрчээ. Өнөөдөр 7000 га ой модны ердөө 10% нь үлдэж. RWE-ийн Хамбахын уурхай нүүрсний шинэ давхаргад хүрэхийн тулд жил бүрийн дүн өвлөөр 70 гектар талбай бүхий “ой цэвэрлэдэг” гэж Байгаль хамгаалах холбооны тайланд дурджээ.

Үлдсэн жаахан ойгоо ан амьтан, ургамал ногоотой нь авч үлдэхийн тулд байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн 20 жил шаргуу тэмцсээр өнөөдрийг хүрчээ. Тэд тэмцлээсээ хэзээ ч ухрахгүй  гэлээ.
Хэдэн зууны түүхтэй ой  устахаас гадна 140 төрлийн шувуу, нэн ховор төрлийн сарьсан багваахай ч мөхлийн  ирмэгт иржээ. Хэдийгээр амьтдыг  байгаль орчинд нутагшуулдаг гэх боловч энэ ажилдаа  Хамбахын уурхай тун хайнга ханддаг гэв. Жишээ нь, хурдны замын дэргэд амьтдыг аваачаад тавьчихдаг тул тэд  төдий л хол явж чадалгүй үхэж үрэгдэх нь элбэг гэнэ. Норд Рейн Вестфален мужийн захиргаанаас  үлдсэн жаахан ойг хамгаалах талаар арга хэмжээ авахгүй байгаа болохоор байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнийхөн тэмцэхээс өөр аргагүй гэдгээ тэрээр давтан хэлж байлаа.   

Байгаль орчинд хөнөөлтэй бас нэг асуудал нь гүний усны зүй буй ашиглалт. Бид замдаа хэд хэдэн гүний ус татдаг насосуудтай таарав. “Нүүрсээ олборлохын тулд усыг их хэмжээгээр татаж авдаг ч цааш нь дахин ашиглалт явуулдаггүй муу хүмүүс бол Хамбахынх” хэмээн Дирк Жэнсен шуудхан хэллээ.

Эндхийн тусгай хамгаалалттай газар чийг ихтэй байж ургамал ногоо нь төлжин ургах ёстой. Гэвч гүний ус багассанаас үүдэн олон янзын сөрөг үр дагавар гарах болжээ. Зарим тохиолдолд хиймлээр услах шаардлага ч гарч байгаа аж. Гүний ус нөхөн сэргээгддэггүй, тодорхой хэмжээний түвшиндээ очиход наад зах нь 500 жил шаардлагатайг байгаль хамгаалах мэргэжилтнүүд хэлж байна. Уурхайн бүс орчмоос гурван метрийн гүнээс ус татаж авдаг байсан бол одоо илүү гүн рүү нэвтрэх болжээ. Уурхайнууд ашиглалтад орсноос хойш энэ нутаг орны гүний усны нөөцийн 10% нь хорогджээ.

Буцах замд өнөөх аварга цахилгаан станцуудын бараа алсад жирэлзэн өнгөрөв. “RWE-ийн энэ цахилгаан станц жилд 31 сая тонн СO2 гаргадаг. Германдаа хамгийн эхэнд, Европтоо хоёрт орох муухай станц” гэсэн үг Диркийн амнаас унав. Хэрэв RWE үйл ажиллагаагаа зогсоохгүй энэ байдлаараа яваад байвал Хамбахын уурхай 2045 он гэхэд 1.4 тэрбум тонн лигнитийн нүүрс олборлож, уурхайн ойр орчмын байгаль экологио сүйтгэн, цахилгаан станцууд нь хүлэмжийн хийг нэмэгдүүлэх хорт утаагаа ялгаруулсаар байна гэдгийг Байгаль хамгаалах холбоо мэдээндээ дурджээ. Тиймээс тэд “Save the “Hambacherforst”, stop coal mining!” уриатайгаар тэмцлээ үргэлжлүүлсээр байна...  


Тосгодыг нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэн амиа хорлох тохиолдол гардаг

Уурхайн суурьшлийн бүсээс холгүй Керпен-Манхейм хэмээх жижиг тосгонд ирлээ. Үнэндээ тосгон нэртэй ч   манай сумын төвүүдээс хавьгүй том, засмал зам, байшин барилга ихтэй тохижсон суурин юм. Гэвч эндхийн оршин суугчид гэр орноо орхиж, хүнгүй хоосон хот болж үлджээ. Эзэнгүй үлдсэн сүмийн хонх хааяахан дуугарах ч үүнийг сонсох хүн ховор.
 




Цонхоо том гэгчийн хавтангаар дарж хадсан, зарим нь хөшгөө унжуулж, хаалгуудыг цоожилсон эрт үеийн хийц загвартай байшингуудыг RWE компани нураахаар төлөвлөж байна. Гудамжаар ганц нэг унадаг дугуйтай хүн шурхийн өнгөрөх, хааяахан байшингийн шатан дээр шанаагаа тулан сууж буй хүнээс өөр хүний бараа  харсангүй.  
RWE компани уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд ойр орчмын тосгодын айлуудыг нүүлгэхдээ иргэдийн 80%-ийн хүсэл шийдвэрээр асуудлыг шийддэг гэх боловч бодит байдал дээр өөр байлаа. Олон жил  үе удмаараа амьдарч ирсэн хүмүүс, тэр дундаа  настайчууд ижил дасал болсон орон гэрээ орхин нүүнэ гэдэгтэй үл эвлэрч  амиа хорлох тохиолдол ч гарч байсан гэнэ.
Доод Рейн мөрний байгалийн үзэсгэлэн цогцолсон энэхүү сав газар 7000 жилийн тэртээгээс суурин соёл иргэншил бий болж, эртний түүхэн дурсгалт, уран гоёмсог  байшин барилга сүндэрлэж эхэлжээ. Соёлын асар их үнэт зүйлс энд хадгалагдан үлдсэн байна. 1950-иад оны дунд үеэс уул уурхайн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр Рейн мөрний сав газар дахь хот, тосгодыг нүүлгэх ажил өрнөж, өнөөдрийн байдлаар 100 гаруй тосгоны 40 мянга гаруй оршин суугч орон гэрээ орхин явжээ. Нүүлгэн шилжүүлэлт дуусах болоогүй бөгөөд 2050 он хүртэл лавтайяа үргэлжилнэ.       


1978 онд RWE компани Хамбахын уурхайг анх нээснээс хойш Керпен-Манхейм, Моршенич гэсэн хоёр тосгоны иргэдийн амьдрал эрс өөрчлөгдөх болжээ. Одоогоор  мөн Манхейм хэмээх өөр нэгэн  тосгоны оршин суугчдыг нүүлгэх яриа хэлэлцээ хэдэн жилээр  үргэлжилж байгаа ч  нүүлгэн шилжүүлэлт 2022 онд  дуусах төлөвтэй байгаа аж.  Түүнчлэн Нью-Манхейм тосгоны оршин суугчдын ихэнх нь нүүчихэж. Энд мөн л хоосон гудамж талбай, хагархай цонхтой байшингууд  үлдсэн. Уурхайн ойр орчмын бусад хот, тосгодыг яг л ийм хувь тавилан хүлээж байна.

RWE компани 2016 оны сүүлээр Керпен-Манхейм тосгоны эхний сууцуудыг буулгаж, иргэдийг нь нүүлгэн шилжүүлж эхэлжээ. 2050 он гэхэд энэ тосгоныг бүрэн нурааж, нүүрсний олборлолт явуулах төлөвлөгөөтэй. “Тосгоныг маань сүйтгэж байна. Бид үүний эсрэг байгаа” хэмээн Дирк Жэнсен сүмийн үүдний шатан дээр сэтгэл зовнин өгүүлж байв. Уугуул иргэд нь ийн хөөгдөж байх зуур Ирак, Иран, Сирийн цагаачдын түрүүч  эндхийн хоосон үлдсэн байшингуудад  ирж амь зуух болжээ.




Хэдийгээр орон байраа орхиод явсан хүмүүс өөр газар очоод ипотекийн зээлэнд хамрагдаж  сууцанд ордог ч  зарим   нь  хаашаа явсан нь тодорхойгүй ор сураггүй  болдог тухай  Дирк хэллээ.

“Бидний тэмцэл байгаль орчноо хамгаалахад чиглэдэг. Мэдээж иргэдийн амьдралын төлөө бас тэмцэнэ. RWE компанитай бид Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэж, ялсан. Иргэд яагаад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, орон гэрээ чимээгүйхэн  орхиод явдаг юм бэ гэж та бүхэн бодож магадгүй. Үнэндээ энэ нь манай Уул уурхайн тухай хуультай холбоотой” хэмээн Дирк Женсен хэллээ. Олон мянган гишүүнтэй, Германы байгаль хамгаалах  хамгийн том холбооны хувьд иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хүчтэй дуугарч, шүүхийн маргаанд удаа дараа ялалт байгуулдаг ч компаниудын эрх ашигт давуу байдлаар үйлчилдэг Уул уурхайн хуулийг өөрчилж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч байх шиг.

Учир нь, 1864 онд батлагдсан Уул уурхайн тухай хууль нь бага зэрэг өөрчлөгдсөөр 1980 онд сүүлийн өөрчлөлтөө хийжээ. Үүнээс өмнө буюу 1934 онд Гитлерийн засаглалын үед хийгдсэн концепцийн томоохон өөрчлөлт нь газар доорх ашигт малтмалыг олборлохдоо ойролцоох хот тосгодыг нүүлгэн шилжүүлэх эрхийг компаниудад олгосон явдал. 1980 онд хуульд бага зэрэг засвар оруулсан ч компанийн эрх ашигт илүү үйлчилсэн энэ заалтад огт гар хүрээгүй аж.

Хэдийгээр Гарзвейлерийн уурхай нүүлгэн шилжүүлэлтэд жилд 11 тэрбум евро зарцуулдаг гэдэг ч энэ нь  хамгийн их цаг хугацаа,  зардал, чирэгдэл шаардсан ажил болдог байна. Тухайлбал 25 жилийн өмнө  3500 хүн амтай тосгоныг нүүлгэхэд бүтэн 5 жил зарцуулсан ба томоохон хувийн эдлэнтэй, фермерийн аж ахуй эрхэлдэг айл өрхийг нүүлгэхэд төлөвлөснөөс хамаагүй их зардал гардаг байна.

“Нэг өрхийг нүүлгэхэд дунджаар 200-300 мянган евро зарцуулагддаг. Мэдээж бид шүүхэд очихгүйг хичээдэг. Хэлэлцээрийг компани төлөөллийн хуульчдаараа дамжуулж хийдэг. Хэлэлцээрийн 98% нь амжилттай шийдэгддэг бол үлдсэн 2% нь мөнгөө авч байж асуудал дуусдаг. Компанийн зүгээс иргэдийн одоогийн амьдралын түвшинтэй ижил нөхцөлтэй газар, орон сууцыг санал болгож, очсон хот суурин, гудамж талбайг нь хуучин дасал болсон нэрээр нэрлэдэг” хэмээн Михаел Фунгелин хэлж байсан юм.

Гэхдээ тосгоны иргэд олон жил үе дамжин амьдарч ирсэн байр сууцаа хэт өндрөөр үнэлж, компанийн санал болгосон үнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол гардаг аж. Иргэдийн 100 мянган еврогоор үнэлээд байгаа байшинг компани элэгдэл хорогдлыг нь тооцож үзээд 150 еврогийн нөхөн төлбөр үзүүлэх тохиолдол ч бий гэнэ. Зарим хүмүүс уурхайн удирдлагуудтай уулзалт хийхийн өмнөхөн байр сууцаа засч, тохижуулчихаад “Миний байшин ийм гоё, үнэ цэнэтэй” гээд үнээ өсгөөд гэдийчихдэг ч тал бий.

1970-аад оны үед оршин суугчид уурхайн олборлолтыг цонхоороо хараад байшингаасаа гарахгүй гүрийгээд суудаг байсан бол сүүлийн жилүүдэд арай зөөлөрч, үр хүүхдүүдээ дагуулаад чимээгүйхэн явчихдаг болж.
Монгол улс уурхай дагасан цөөнгүй хот, сууринтай. Гэхдээ уурхайн үйл ажиллагаа саарахад дагаад  суурьшмал иргэдийн амьдрал ч хэцүүддэг тал ажиглагддаг. Нэгэн жишээ татахад, “МонЭнКо” компанийн Хөшөөтийн нүүрсний уурхай өргөжиж буйн улмаас 1500 гаруй хүн амтай Хөшөөт багийг нүүлгэх асуудал одоо хүчтэй яригдаж байгаа.

Оюутолгой компанийг томоохон хот суурин байгуул гэж хэдэн жилийн өмнөөс шахаж, шаардсаар ирсэн.
Мэдээж дэлхийн хэмжээний энэ том уурхайн нөлөөгөөр Ханбогд сум  улам өргөжин хөгжих нь эргэлзээгүй. Гэхдээ цаашид томоохон орд, уурхайг дагалдуулан хот босгоно гэдэг монголчуудын мөрөөдлийг Германы уул уурхайн жишээтэй дүйцүүлж харахад ихээхэн асуудалтай бололтой.  Германд эрт үеийн суурин хотуудаа буулгаж байхад Монголд  уурхай дагасан хот шинээр байгуулах тухай яригдаж байгаа.

Хэдийгээр Герман орон ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бүрэн нэвтрүүлэх зорилго тавьж, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа татан буулгахаар төлөвлөж байгаа ч бүрэн зогсоох нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хугацаанд эрчим хүчний   аварга RWE  нь Хамбах уурхайгаа өргөжүүлж, тосгоныг ой модтой нь залгисаар байх нь.

“Гарзвейлерийн уурхай нээгдсэнээр энэ хавийн байгалийн тогтоц өөрчлөгдөж,  аятайхан хиймэл нууруудтай ч болсон. Өмнө бол тэгш талд газар тариалан л эрхэлдэг байсан” гэж уурхайн олон нийттэй харилцах ажилтан хэлсэн нь яалт ч үгүй уурхайгаа өмөөрсөн үг юм. Тус уурхай нийтдээ 28 мянган хавтгай дөрвөлжин талбайд байгалийн нөхөн сэргээлт хийж, түүний тал хувийг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглаж буй аж. Нөхөн сэргээлтийн зардалд жилд дунджаар 140 сая евро  зарцуулдаг ба  компани өөрийн ойжуулалтын мэргэжилтнүүдтэй. 

Бидний дараагийн аялал ирээдүйд томоохон  хиймэл нуур болгохоор төлөвлөж буй уурхайн аварга том карьер дээр ирлээ. RWE нь уг уурхайн үйл ажиллагааг 2040 он хүртэл явуулах бөгөөд лигнит хүрэн нүүрсийг бүрэн олборлож дуусгах юм. Ингээд 2085 он гэхэд карьерыг Рейн мөрнөөс 4 тэрбум шоо метр  ус татаж дүүргэх бөгөөд Германд хоёрт тооцогдох томоохон хиймэл нуур болох юм байна.

Ирээдүйд бий болох Гарзвейлер хиймэл нуурын эрэг хавийг жуулчдад зориулан тохижуулах ажил хэдийнэ эхэлжээ. Саравчтай сандал дээр суугаад уурхайн олборлолтын явцыг харж болно. “Нэгэн нэртэй гэрэл зурагчин уурхайн карьерыг хараад “Яг л харь гариг дээр ирсэн мэт санагдана. Тэртээ доор хүчирхэг техник, урт конвейер, нүд алдам элсэн давхарга” хэмээн бичсэн нь бий. Гэхдээ Германы түүхэнд бичигдэх энэ агуу төлөвлөгөө хэрхэн биелж, 60 жилийн дараа хиймэл нуур хэрхэн мэлтэлзэхийг бидний үеийнхэн үзэхгүй” хэмээн Дирк санаашрангуй хэлэв.

Эцэст нь хэлэхэд, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орны нэг Германд өнөөдөр  ч уул уурхайн шийдвэрлэгдээгүй асуудлууд байсаар байна. Байгаль орчинд халтай, иргэдийн эсэргүүцлийг идэвхжүүлж, дургуйцлийг хүргэсэн үйлдлүүдийг томоохон уурхайнууд гаргаж  буй нь очсон зарим газраас тодорхой харагдав. Монголчууд бид  бусдаас авах гээ­хийн ухаанаар суралцах л хэрэгтэй байна.