Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ХХК 40 жилийн ойдоо зориулан  эрдэм шинжилгээний бага хурлыг Орхон аймагт зохион байгууллаа. “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулагдсан тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдах ажилтнууд, ахмад геологчид, уурхайчид, эрдэмтэн багш нар, инженер техникийн мэргэжилтнүүд оролцсон юм. 

“Газрын доорх байгалийн баялгийг хөрсөн дээр нь гарган үндэсний баялаг болгон хуваарилах нь уурхайчин бидний гол ажил. Бид Эрдэнэт үйлдвэрийг цаашид хэрхэн хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлээ боловсруулсан.Үндсэн чиглэлээ бодлоготой, хөтөлбөртэй, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Бид харилцан уялдаатай хэрэгжүүлэх таван бодлого гаргасан юм. Техникийн, технологийн, байгаль орчны, санхүү эдийн засгийн, хүний нөөцийн бодлогыг боловсруулсан” хэмээн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хурлын нээлтэд онцолсон юм. 


Тус эрдэм шинжилгээний бага хурал “Уул уурхайн ашиглалт, баяжуулалт”, “Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа”, “Уул уурхайн дэд бүтцийн хөгжил” зэрэг цогц сэдвийн хүрээнд өрнөлөө. Тухайлбал, “Оюутолгой” компанийн инженер Б.Даваа-Очир “ХӨН тээрмийн автомат удирдлагын сайжруулалтын замнал”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч  дарга, доктор Д.Нямдорж “Хүдрийн ил уурхайд тэсэлгээний цооногийн агаарын зайн тулгуур нэвтрүүлсэн судалгааны үр дүн”, ШУТИС-ийн зөвлөх, Техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжав “Зэсийн ордуудын өрөмдлөгийн нөхцөлийн судалгаа, төрөлжүүлэлт, түвшний үнэлгээ”, “Монголын алт” ХХК-ийн Технологийн судалгааны төвийн судлаач Х.Тамир “Жоншны хүдрийн үндсэн флотацийн горимыг математик туршилт төлөвлөлтийн аргаар оновчлох нь” сэдвээр тус тус илтгэлээ. 

Г.Идэр