Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Оюутолгой” ХХК-иас зохион байгуулж буй  “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018” өнөөдөр Буянт-Ухаа дахь спортын цогцолборт нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх  үзэсгэлэнд тус компанид үйлчилгээ үзүүлдэг 1174 ханган нийлүүлэгчээс 124 ханган нийлүүлэгч, 1700 гаруй хүн оролцож байна. Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах өргөн  зорилго агуулсан тус үзэсгэлэнд ханган нийлүүлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн дэлгэн үзүүлж, оролцогчдод танилцуулж байлаа.  Үзэсгэлэнг  “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ын дарга Г. Батсүх нээсэн бөгөөд тус компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Г.Наранбаатар нар оролцож үг хэллээ.

“Оюутолгой компаниас санхүүжилт гаргаж Өмнийн говийн судалгааны ажлыг эхлүүлсэн. Цогтцэций, Ханбогд сумыг хэрхэн  хөгжүүлэх вэ, цаашид хаана юу хийгдэх вэ, зам тээвэр нь яаж уялдах вэ гээд олон цогц асуудлыг багтаасан судалгаа хийгдэж байгааг та бүхэн дуулгая” хэмээн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар онцолсон.         

Энэхүү үзэсгэлэн нь “Оюутолгой” компанитай хамтран ажилладаг ханган нийлүүлэгчид, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн харилцаа тогтоож, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх юм.  “Манай ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд 100 гаруй компани үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ бол өмнөх жилүүдийн чуулга уулзалтуудаас онцгой ялгаатай болж байгааг харуулж байгаа үйл явдал. Учир нь, Оюутолгой компанитай цаашид хамтарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй, боломж бололцоотой   аж ахуйн нэгжүүд эндээс маш их зүйлийг ойлгож  мэдэх болно” хэмээн “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх  онцоллоо. Тэрээр мөн  Оюутолгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс энэ оны зургаадугаар сард баталсан Бизнесийн хөгжлийн 10 жилийн стратегийн талаар товчхон дурьдсан юм. 

Стратегийн энэхүү бодлогоос үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжих, импортын бараа материал, үйлчилгээний нэр төрлийг оновчтой багасгах, дотоодын компаниудын чадамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой стратегид тусгасан төлөвлөлтүүдээ танилцуулахад үзэсгэлэнгийн ач холбогдол оршиж байгаа аж. Үзэсгэлэнгийн үеэр сонирхсон байгууллага, хувь хүмүүст “Оюутолгой” компанитай хамтран ажиллах суурь шалгуурууд болох аюулгүй ажиллагааны соёл, бизнесийн ёс зүйн зарчмуудыг танилцуулах сургалтууд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн дараа “Ханган нийлүүлэгчдийг чадавхижуулах төв”-ийн нээлт болж, “Монголд үйлдвэрлэв” стратегийн танилцуулга, “Монголд үйлдвэрлэв” багц бүтээгдэхүүний гэрээ байгуулах ёслолыг зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр нь  “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчдийн “Оюу” мэдээллийн сангийн танилцуулга, ханган нийлүүлэгчээр хэрхэн бүртгүүлэх тухай мэдээлэл, “Оюутолгой” төслийн эдийн засгийн үр өгөөж улс орны хэмжээнд үнэ цэнийг бий болгох нь  гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө.

“Оюутолгой” ХХК нь нийт худалдан авалтынхаа гуравны хоёроос илүү хувийг  Монголын компаниудаас худалдан авдаг. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийн зэрэгцээ дотоодын эдийн засгийг чадавхижуулдаг аж. Түүнчлэн тус компани дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжих, бараа үйлчилгээг нь худалдан авах зорилтоо биелүүлэхийн тулд ханган нийлүүлэгчдийг чадавхижуулах хөтөлбөрийг өөрийн санаачилгаар боловсруулан ажиллаж байгааг  тус компанийн төлөөллүүд онцолж байсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд баримтлах бодлого, компанийн стандарт, боломжит ханган нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа ил тод болгох чиглэлээр хамтран ажиллаж, тэднийг эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, чанар, байгаль орчны нөлөөллийн стандартуудыг мөрдөж ажиллахад нь туслалцаа үзүүлдэг байна.

Монголын Засгийн газар, Оюутолгойн төлөөлөн Удирдах зөвлөлийн дэргэдэх Хамтын ажиллагааны хороогоор дамжуулан уг хөтөлбөрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран ажиллаж буй аж. Ханган нийлүүлэгчдийн чадамжийг хөгжүүлэх үүднээс гадаадын хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллахаар түншлэлийн харилцаа тогтоожээ. Түншлэлийн зорилго нь ханган нийлүүлэгчдийн техникийн ур чадварыг хөгжүүлэх, бизнесийн ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх явдал  гэдгийг ч “Оюутолгой” ХХК-ийнхан хэлж байсан юм.   

“Оюутолгой” компани 2017 онд үндэсний 669 компаниас нийт 336 сая долларын өртөгтэй худалдан авалт хийсэн нь тухайн жилийн үйл ажиллагааны нийт зардлын 69 хувьтай тэнцэж байна. Цаг хугацааны явцад үндэсний ханган нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдийн ур чадвар гайхалтай сайжирч байгаа аж. Иймээс тус компани нь эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, чанар, байгаль орчин, техникийн стандартуудыг хангасан, үнийн хувьд өрсөлдөх чадвартай л бол  орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг илүүтэйгээр сонгодог болсон байна.

Үүнийн дунд 2010 оноос хойш Өмнөговь аймагт бүртгэлтэй компаниудаас хийсэн худалдан авалт 200 дахин нэмэгджээ. “Оюутолгой”  компани 2010-2017 онд үндэсний ханган нийлүүлэлтэд 2.25 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Г.Наранбаатар энэ талаар өөр байр сууриа тодотгон хэлэхдээ “2015 онд Оюутолгой компани Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ бид 78 төсөл хөтөлбөрийг орон нутагт 36.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлсэн” хэмээн дурьдлаа.  Энэхүү  хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Оюутолгой” компани Өмнөговь аймагтай хэд хэдэн Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Тус компани ажиллаж байгаа нийт ажиллагсдын 20% нь Өмнөговь аймгийн иргэд байна. Энэ тоог ойрын 10 жилд 50%-д хүргэх зорилт тавин ажиллаж байгааг Г.Наранбаатар засаг дарга хэллээ. 

Эдүгээ Өмнөговь аймгаас 105 аж ахуйн нэгж “Оюутолгой” компанид ханган нийлүүлэлтийг хийж байгаа бөгөөд тус аймгийн ханган нийлүүлэлт 60 сая ам.доллар байсан бол 2017 онд 93 сая ам.доллар болж өсчээ. 2018 онд Ханган нийлүүлэлтийн Ажлын хэсгийн зорилго бол Өмнөговь аймгийн ханган нийлүүлэлтийг 103 сая ам.долларт хүргэхээр ажиллаж байгаа юм байна.

Г.Идэр