Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо үүсэн байгуулагдсан цагаасаа хойш эдүгээ 20 жилийн ойтойгоо золгож байна. Хоёр жил тутамд уламжлал болон зохион байгуулагддаг “Эрдэс боловсруулалт” (Mineral Processing) онол-практикийн бага хурал өнөөдөр эхэллээ. Ойн хүрээнд болж буй энэ жилийн “Эрдэс боловсруулалт-2018” бага хуралд зориулж ОХУ, БНХАУ, Япон, БНХАУ, Франц, Австрали, Монгол Улсаас нийт 80 орчим судлаачид30 гаруй эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлжээ.
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч (Ph.D) Б.Чинзориг ”Монгол Улсын өнөө цаг үеийн хөгжлийн түшиц нь эрдэс баялгийн нөөцийг тогтоож, зүй зохистой ашиглах асуудал болж байна. Ашигт малтмал баяжуулах технологийн дэвшил, түүнийг нутагшуулах, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн газруудыг чадварлаг хүний нөөцөөр хангах, шинэ түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж бизнес, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь Монголын ашигт малтмал баяжуулагчдын үйл ажиллагааны үндсэн чиглэл юм” хэмээн бага хуралд оролцогчдод хандан хэллээ.
Мөн Ашигт малтмалын баяжуулалтын техник, технологи, бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Х.Лхагвабаатар “Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал”-ын талаар товч танилцуулга хийсэн бол “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үе дэх Ашигт малтмалын баяжуулалтын технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэгч Д.Энхбат тодорхой мэдээллүүдийг өглөө.
Дэлхийн хэмжээнд өрнөж байгаа мега өөрчлөлтүүдийн нэгжийг Аж үйлдвэрийн 4-р хувьсгал буюу аж үйлдвэр 4.0 гэж нэрлэдэг болсон билээ. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалын үед үйлдвэрлэл явуулахад ус ба уурын хүч ашиглаж байсан бол хоёрдугаар хувьсгалын үед цахилгаан эрчим хүч ашигладаг болсон аж. Гуравдугаар хувьсгалын үед электроник ба мэдээллийн технологи ашиглаж, үйлдвэрлэлийг автоматжуулж эхэлсэн байна. Харин дөрөвдүгээр хувьсгал нь технологиудын нэгдлээр тодорхойлогдож байгаа ба энэ цаг үед материаллаг, виртуаль ба биологийн орчны хил зааг бүдгэрч байгааг илтгэгч Д.Энхбат тодотгож байлаа. Аж үйлдвэр 4.0 нь Монгол Улсын хувьд хөгжлийн том боломж бөгөөд энэ хөгжлийг уулын баяжуулах үйлдвэрүүд, баяжуулагч нар эхлүүлэх ёстой ч тэрээр мөн хэллээ.
Бага хурал нь “Ховор болон металл бус ашигт малтмалын боловсруулалт” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Уг хэсэгт “Газрын ховор элементийг исэлдсэн хүдрээс хүчлээр боловсруулах нь”, “Халзан бүргэдэйн газрын ховор элементийн ордын шинж чанар болон хүдэр бэлтгэх технологийн сонголт” сэдвээр илтгэл тавигдсан.
Хайлуур жоншны нөөц болон үйлдвэрлэлийн хэмжээгээр Монгол орон дэлхийд дээгүүр байр эзэлдэг бөгөөд жоншны төрөл бүрийн баяжмал үйлдвэрлэж экспортод гаргадаг хамгийн том үйлдвэр нь “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр юм. Сүүлийн жилүүдэд хүдрийн нөөц багасахын зэрэгцээ хүдрийн технологийн шинж чанар өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор баяжмалын чанар, метал авалт буурах, бүтээгдэхүүний өөрийг өртөг өсөх зэрэг хүндрэлүүд тулгарч байгаа аж. Тухайлбал, жоншны хүдрийн үлдэгдэл нөөцийн 50 орчим хувийг кальцитын өндөр агуулгатай хүдэр эзэлж байгаа нь баяжуулалтын уламжлалт технологид өөрчлөлт хийх, шинэ төрлийн урвалжууд, шинэлэг технологи нэвтрүүлэх шаардлагатайг харуулж буй гэдгийг П.Галтчандмань илтгэгч дурьдлаа.
“Монголын анхны хүнд орчны модулийн нүүрс баяжуулах үйлдвэр” гэсэн илтгэл ч мөн оролцогчдын сонирхлыг татаж байв. “Монголын алт” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших Нарийнсухайтын уурхайгаас жилд 5-6 сая тонн нүүрс олборлон экспортлодог. Тус компанийн мэргэжилтнүүд борлуулалтын нүүрсний чанарыг сайжруулах, нүүрсийг боловсруулах чиглэлээр туршилт судалгаа, эрэл хайгуулыг эрчимтэй хийж ирсний дүнд орчин үеийн технологитой, жилд 1 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай модулийн үйлдвэрийг 2018 оны долдугаар сард залгаж ашиглалтад оруулсан юм. Энэхүү жилд 1 сая тонн хүчин чадалтай үйлдвэрийн практик үйл ажиллагаа, техник-эдийн засгийн үзүүлэлт нь цаашид Нарийнсухайтын уурхайд баригдах томоохон хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн технологийг сонгох үндэс болж байгааг илтгэгч Г.Даваацэрэн онцолж байсан.
Монгол Улсад нүүрсний салбарт гүн боловсруулалтыг нэвтрүүлэх, түүнийг нутагшуулах нь баяжуулагчдын өмнө тулгарсан том зорилтын нэг болжээ. Хэдийгээр нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг эрт боловсруулсан боловч манай улсад энэ чиглэлийн үйлдвэрүүд 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулах болсон. Ордын онцлог байдлаас шалтгаалан хуурай баяжуулах үйлдвэрийн технологийн зарим нэг үзүүлэлт болон хийц дээр анхаарал тавьж ажиллах шаардлагатай болж байгаа аж.
2014 оны арванхоёрдугаар сараас эхлэн анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гаргасан Хөшөөтийн баяжуулах үйлдвэр гэхэд цагт 120 тонн нүүрсийг баяжуулах 4 ширхэг баяжуулах ширээнээс бүрддэг. Нийт хүчин чадлын хэмжээ нь 480 тн/цаг бөгөөд Монгол Улсад ажиллаж байгаа үйлдвэрүүдээс хүчин чадлын хувьд хамгийн өндөр юм байна. Баяжуулах ширээ нь үйлдвэрийн үндсэн хэсэг болдог аж. Ширээний тохиргоо болон хийцийн байдал нь бүтээгдэхүүний шинж чанарт чухал нөлөөтэй байдаг гэдгийг илтгэгч хэлж байлаа.
Бага хурлын үйл ажиллагаа хоёр өдөр үргэжлэх бөгөөд маргааш “Баяжуулах процессийн загварчлал, оновчлол”, “Төмөрлөгийн боловсруулалт”, “Зэсийн боловсруулалт” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд өрнөх юм. Уг хэсгүүдэд систем дэх гидродинамикийн өгөгдлөөр реологийн шинжийг шуурхай тодорхойлж, булинга тээвэрлэлтийн динамикийг загварчлах нь“, “ОТ хагас өөрөө нунтаглагч тээрмийн автомат удирдлагын сайжруулалтын замнал”, “Жоншны хүдрийн үндсэн флотацийн горимыг математик туршилт төлөвлөлтийн аргаар оновчлох”, “Зэсийн баяжмалын чанар ба металл авалтын математик загвар” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны олон илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.
Хурлын арга хэмжээнд эдүгээ 40 жилийн ойгоо тэмдэглэж буй зууны манлай бүтээн байгуулат “Эрдэнэт үйлдвэр” ХХК, гадаадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр, олон улсад магадлан итгэмжлэгдсэн “Геологийн төв лаборатори”, Эм Си Ти Ти ХХК, алтны ашиглалт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон аж ахуйн нэгж болох “Монгол Болгар Гео” ХХК ивээн тэтгэгчээр оролцож байгаа аж.
Г.Идэр