Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани “Gobi Customer Care” өдөрлөгийг зохион байгууллаа



Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийг(Сomponent  Rebuild Center) саяхан нээсэн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК говийн бүсийн нүүрсний компаниудад зориулан   “Gobi Customer Care” өдөрлөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сэлбэг түгээх төвд  амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 23-нд болсон тус өдөрлөгт  Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн “Тавантолгой” ХК болон бусад гэрээт олборлогчдын төлөөллүүд өргөнөөр оролцож, дэлхийн брэнд бүтээгдэхүүний сэлбэг хангамж, бэлэн байдал, шинээр нэвтэрч буй тоног төхөөрөмжүүдийн талаар цогц мэдээллийг авсан юм. Өдөрлөгийг   “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Аналитик болон Инновацийн газрын захирал С.Цэрэнням нээж үг хэлсэн юм. Тэрээр, “Вагнер  Ази” компани анхны булдозероо 1994 онд Шивээ-Овоогийн уурхайд нийлүүлснээс хойшхи хугацаанд үйл ажиллагаа өргөжсөөр өнөөдөр Монгол Улсын топ 20 аж ахуйн нэгж болсон гэдгийг тодотгож байлаа. 



Монголын нүүрсний салбарт нийлүүлэгдсэн  нийт тоног төхөөрөмжүүдийн  70% хувийг  Катерпилларын тоног төхөөрөмжүүд эзлэдэг байна. Тэгвэл  уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт техник, тоног төхөөрөмжүүдийн  30-40%-ийг мөн л Вагнер Азийн  тоног төхөөрөмжүүд бүрдүүлж байх жишээтэй. 

Өнөөдөр Катерпиллар брэндийн тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа  Монголын 84 уурхай бий. Эдгээр уурхайд 1016 ширхэг тоног төхөөрөмж ажилладаг гэсэн тоон судалгаа байна. Үүнээс нүүрс, зэс, төмрийн хүдрийн 29 уурхайд  CAT брэндийн 742 тоног төхөөрөмж  ажиллаж байгаа юм.

2018 оны хувьд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь Монголын зах зээлд эзлэж буй байр сууриа өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн томоохон ажил хийсний нэг нь хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлсэн,  3250 м2 талбай бүхий томоохон Агрегат үйлдвэрлэлийн төвийг ашиглалтад оруулсан явдал гэдгийг компанийн ажилтнууд онцолж байна. Уг төвийг нээснээр Монголд хийх боломжгүй байсан катерпилларын засвар үйлчилгээг яг стандартын дагуу, 100% хийж гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. 




Нөгөөтэйгүүр говийн бүсэд энэхүү сэлбэгийн агуулахыг  нээснээр  Тавантолгойн нүүрсний бүлэг ордод олборлолт  явуулж байгаа  компаниудын тоног төхөөрөмжийн найдвартай хангамж, бэлэн байдал, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уурхайнуудын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй болжээ. 

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдааны хэлтсийн Ерөнхий менежер А.Жанчив өдөрлөгийн илтгэгчдийн салхийг хагалж,  “Вагнер Ази өнөөдөр” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Тус компанийн  өнгөрсөн 22 жилийн хугацаанд Монголын уул уурхайн зах зээлд үлдээсэн түүхийг дурьдахдаа дэлхийн хамгийн шилдэг технологи, бэлэн байдал, үр ашигтай тоног төхөөрөмжүүдийн талаарх ойлголтыг харилцагчиддаа өгч чадсан хэмээн тодорхойлов.  
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн тоног төхөөрөмжүүд, ялангуяа CAT349D2L,  CAT 390FL болон сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох CAT D6, D8 бульдозеруудын талаар цогц мэдээллийг тус компанийн Худалдааны төлөөлөгч Т.Сансар өгсөн юм. Өдөрлөгийн үеэр Капитрон банкны  зүгээс хэрэглэгчиддээ онцгой урамшуулал бүхий хөнгөлттэй зээлийн нөхцлийг санал болгож буйгаа дуулгасан. 

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Худалдааны төлөөлөгч С.Сайнбилэг нүүрсний ачилтад зориулагдсан SEМ брэндийн тоног төхөөрөмжийн талаар  хэрэглэгчдэд түлхүү ойлголт өглөө.  Цагаан хадны нүүрс ачиж буулгах талбайд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй компани SEM-ийн дугуйт ачигчийг хэрэглэж байгаа аж. “Gobi Customer Care” өдөрлөгт  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн эрчим хүчний салбар хариуцсан  Худалдааны менежер Б.Цэрэнчунтын CAT цахилгаан үүсгүүр буюу генераторын тухайн танилцуулга хэрэглэгчдийн сонирхлыг мөн татаж байлаа. Монголын  генераторын хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг тэрээр цахилгаан үүсгүүрийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн томоохон төслүүдээ танилцуулсан юм.

Орон нутгийн Тавантолгой ХК  болон  тус компанийн нүүрсний талбайд гэрээт олборлолт явуулдаг үндсэн найман компани, мөн тэдний туслан гүйцэтгэгчээр  ажилладаг компаниудыг урьж оролцуулжээ.  Түүнчлэн   Баруун, Зүүн Цанхийн олборлолтыг хариуцан ажилладаг “Хишиг Арвин Индустриал”, "TTJVCo” болон “Энержи Ресурс” компанийн  Ухаа худаг, Баруун Наран ордод үйл ажиллагаа явуулдаг харилцагчид уг өдөрлөгт оролцсон юм. 

Г.Идэр