Монгол Улсад ашигт малтмалын баяжуулалтын технологи, инженер бэлтгэсний 25, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Тус холбооны зүгээс ойн хүрээнд нийт баяжуулагчид болон эрдэмтэн судлаачдын дунд энэ сарын 7-нд чуулган зохион байгуулахаар болжээ. Уг чуулганаар бүх гишүүддээ холбооны 2018 оны үйл ажиллагааг тайлагнахаар төлөвлөсөн байна. “Рамада” зочид буудалд зохион байгуулагдах тус чуулганыг МАМБХ-ны Ерөнхийлөгч Б.Чинзориг нээж үг хэлэх бөгөөд Гүйцэтгэх захирал Н.Буян-Өлзий холбооны 2018 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах юм байна.
Мөн холбооны хяналтын зөвлөлийн тайланг тус холбооны Хяналтын зөвлөлийн дарга Т.Тунгалагтамир танилцуулж, хурлаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудын талаарх хэлэлцүүлж, санал хураалт явуулах аж.
Холбооны 20 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар баримтат кино үзүүлж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаагаар үргэлжилнэ гэдгийг холбооны удирдлагууд илэрхийллээ. Ашигт малтмалын боловсруулалтад хүч хөдөлмөр, оюун ухаанаа шингээдэг баяжуулагч хэмээх мэргэжлийн анхдагчдыг Монгол Улс 1960-аад оны сүүлчээр гадаадад бэлтгэсэн түүхтэй. 1970-1980 оны үед гадаадын их дээд сургуульд баяжуулагч мэргэжлээр монгол залуусыг олноор сургажээ. Харин дотооддоо 1993 онд хуучнаар Техникийн их сургуульд ашигт малтмал, баяжуулалтын мэргэжлээр анхны элсэлтээ авсан байдаг. 1996 оноос Эрдэнэт хотын Технологийн сургуульд ашигт малтмалын баяжуулагч мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн юм.
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо нь 1998 оны зургадугаар сарын 18-нд Эрдэнэт хотноо зохиогдсон “Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй” сэдэвт онол, практикийн бага хурлын үеэр баяжуулагчдын санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Мэргэжил нэгт хүмүүсийг нэгтгэж, гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгаа хийхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
Хуучин ЗХУ-д мэргэжлийн баяжуулагчаар төгсөж, улс эх орныхоо ашигт малтмалын салбарт ихийг хийж бүтээсэн Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч, уул уурхай, ашигт малтмалын баяжуулагч инженер, эрдэмтэн, техникийн ухааны доктор М.Дамдинсүрэн болон бусад нэр хүндтэй баяжуулагчид уг чуулганы хүндэт зочноор уригдан оролцох юм байна. М.Дамдинсүрэн нь 1998 онд үүсэн байгуулагдсан тус холбооны анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш арван жил энэ хүндтэй албыг хариуцлагатайгаар хашиж ирсэн юм.
Холбооны хоёр дахь Ерөнхийлөгчөөр Г.Шархүү ажилласан бол гурав дахь ерөнхийлөгчийн сонгуульт албыг Монгол улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Давааням хашсан юм. Өдгөө тус холбоог Геологи, уул уурхайн сургуулийн захирал асан, доктор (Ph.D), дэд профессор Б.Чинзориг удирдаж байгаа юм.
Г.Идэрээ