Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг өрөмдлөгийн эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал ирэх жил тохиох ШУТИС-ийн 60, геологийн салбар үүсч хөгжсөний 80, энэ онд зохион байгуулагдсан усны аж ахуйн 80 болон өрөмдлөгийн “Эрдэнэдрийлинг” компанийн 15 жилийн ойн хүрээнд боллоо. “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний ХХ бага хурлыг энэ жил Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ”Эрдэнэдрийлинг” ХХК хамтран арванхоёрдугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулсан юм.
Хурлын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, доктор, дэд профессор Л.Пүрэв, МУӨХ-ны Гүйцэтгэх захирал, техникийн ухааны доктор (Рh.D), профессор Ж.Цэвээнжав нар үг хэллээ. Хурлын эхэнд Гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав “Бидний хамтран зүтгэгчид” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, бага хуралд оролцогчдын асуултад хариулав. Тэрээр, өрөмдлөг нь геологи-хайгуулын, усны аж ахуйн, уул уурхайн, газрын тосны зэрэг бүхэлдээ эрдэс баялгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгдэхээс гадна барилга зам, эрчим хүч, ахуй болон анагаахын зориулалтаар ч өргөн хэрэглэгддэг, эрэлт ихтэй үйлчилгээ (service-служба), үйлдвэрлэл юм “хэмээн тодотгосон.
Энэ удаагийн бага хурал өрөмдлөгийн мэргэжил, шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх их үйлст ихээхэн хувь нэмэр оруулсан доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Л.Төвхөө, шинжлэх ухааны доктор, профессор, туйл судлаач, онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Л.Дүгэржав, өрмийн магистр багш, усны зөвлөх инженер Д.Ганлхагва нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэж, хойч үедээ таниулахад чиглэсэн гэдгийг мөн Ж.Цэвээнжав профессор онцолж байсан.
“Өрөмдлөг-2018” хурлын эхний хэсэгт тус холбооны үйл ажиллагааны замнал, өнөө ба цаашдын хандлага сэдвээр танилцуулга хийж, шинээр элссэн гишүүн байгууллагуудын гэрчилгээ гардуулалт зэрэг үйл ажиллагаагаар өрнөв.
Монгол Улсын өрөмдлөгийн холбоо нь зөвхөн мэргэжлийн, тогтвортой, сургалт-судалгаа, мэдээлэл, соён гэгээрүүлэх, үлгэрлэн манлайлах чиглэлд үйл ажиллагаагаа хандуулж ирснийг тус холбооны удирдлагууд товч танилцуулгадаа дурдлаа.
“Корпорейт конвеншн” төвийн “Улаанбаатар танхим”-д мөн “Хайгуулын өрөмдлөг” сэдэвт хэлэлцүүлэг болж, энэ хэсэгт “International drilling Mongolia” ХХК-ийн захирал, өрмийн мэргэшсэн инженер Ц.Банзрагч “Хайгуулын өрөмдлөгийн стандарт боловсруулах, батлуулах нэвтрүүлэх асуудал”, доктор, профессор Л.Төвхөө нарын “Эрдэнэтийн Овоо” ордын чулуулгийн өрөмдөгдөх чанарын судалгаа, үр дүн, зөвлөмж”, “Эрдэнэдрийлинг” ХХК-ийн төлөөлөл Б.Нарангэрэл “Өрөмдлөгийн цооног төлөвлөх, явцын хяналт хийх, чиглэлийг удирдах боломж” зэрэг сэдэвт илтгэл тавьсан юм.
Өрөмдлөг нь газрын гүний ашигт малтмалыг эрж хайх, судлах, олборлож ашиглах үндсэн аргуудын нэг. Өнөө үед дэлхий нийтээрээ газрын гүнд орших газрын тос, байгалийн хий, уран, занар, нүүрс зэрэг ашигт малтмалуудын эрэл хайгуул ашиглалт олборлолтын үед хэвтээ болон чиглэлтэй өрөмдлөгийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгааг хуралд оролцогчид онцолсон. Ялангуяа хэвтээ өрөмдлөгийн техник технологийн судалгаа шинжилгээний ажил нэлээд өргөн цар хүрээтэй хийгдэж байгаа аж.
Монгол улс нүүрсний арвин их нөөцтэй. Сүүлийн жилүүдэд нүүрсний давхаргын метан хийг ашиглах талаар багагүй судалгаа хийгдэж байгаа бөгөөд метан хийг хэвтээ цооногоор олборлох нь эдийн засгийн, экологийн хувьд үр ашигтай болжээ.
Хэвтээ өрөмдлөг нь нэг үндсэн цооногоос салаалж, олон мөргөцөгтэй болгох, цооногийн чиглэлийг дурын чиглэлд өөрчлөх зэрэг давуу талуудтайгаас гадна ашигт үе давхаргын өгөлтийг нэмэгдүүлэх, геологийн хүнд тогтоцтой орд газрыг нээж ашиглах зэрэгт чухал ач холбогдолтой болж буй юм.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн магистр Б.Мөнх-Эрдэнийн “Өрөмдлөгийн технологийн үзүүлэлтүүдийг мэдээлэх, дамжуулах программ хангамж нэвтрүүлэх судалгаа” сэдэвт илтгэл бага хуралд оролцогчдын анхаарлыг ихээхэн татлаа. Монгол орны ихэнх бүс нутагт цахим сүлжээ нэвтэрсэн өнөө цаг үед МDМТ төхөөрөмж болон үүнтэй ижил төрлийн төхөөрөмжүүдийг өрөмдлөгт нэвтрүүлэх нь өрөмдлөгийн мэдээллийг цаг алдалгүй шуурхай хянах, хадгалах, солилцох олон давуу талтай гэдгийг тэрээр илтгэлдээ дурдсан.
МDМТ төхөөрөмжийн программ хангамж нь өрөмдлөгийн бодит мэдээллийн өгөгдөлд ашиглагддаг байна. Тухайн цаг хугацаанд алсын удирдлагын багаж хэрэгслээр өрөмдлөгийн технологийн үзүүлэлтүүдийг харах боломж олгосноор МDМТ төхөөрөмж нь тухайн төсөлд оновчтой зохицуулалт хийх боломжийг олгодог ажээ.