Монголын уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойд зориулан УУХҮЯ, АМГТГ болон Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл (УУМХЗ) хамтран “Уул уурхай салбарын зөвлөгөөн-2018” онол практикийн бага хурлыг өнөөдөр ШУТИС-ийн Номын санд зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагааг нээж Монгол Улсын гавьяат уурхайчин, Монголын уул уурхайн мэргэжлийн холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хурлын салхийг хагалж “Эрдэс баялгийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүй” сэдвээр илтгэхдээ эрдэс бодис буюу байгалийн баялгийн эрх зүйн асуудал тойрсон асуудлуудыг хөндөж, Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан байгалийн баялагтай холбоотой эрх зүйн асуудлууд, тэр дундаа хуулийн доторх зөрчилтэй зүйлүүдийг онцлон дурдлаа.
Дэлхийн улс орнуудын Үндсэн хуульд зааснаар бол уул уурхайн ордуудыг төр нь өмчилдөг бөгөөд үүнд барилгын зориулалттай газрын гадаргуу дахь шавар, элс чулуулаг, материалуудаас бусад бүх орд, металл агуулсан элс, давс, нүүрс, нүүрс ус төрөгчийн ордууд ч хамаардаг байна. Байгалийн баялгийн хайгуул, ашиглалтыг шүүхийн шийдвэрээр аливаа этгээд, компанид уул уурхайн концессын журмаар ашиглуулдаг гэдгийг Д.Цогбаатар доктор онцолсон юм.
Монгол Улсад уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэл нь тулгамдсан асуудал болж байгаа аж. Зөвхөн хуулиудаар уул уурхайн салбарын эрэх, хайх, ашиглах, олборлох, үйлдвэрлэх, аюулгүй байдлыг хангах бүхий л үйл ажиллагааг иж бүрнээр зохицуулах боломжгүй. Харин ч хуулиар хэтэрхий нарийвчлан зааж баталбал цаашдаа салбарын хөгжилд чөдөр тушаал болно гэсэн байр сууриа Монголын уул уурхайн “Дээвэр” холбооны тэргүүн илтгэлдээ дурдсан.
Иймд үйл ажиллагааны хэм хэмжээ, дэс дараалал, явц, хяналт, бүртгэл, зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүн, мэргэжлийн шаардлага зэрэг асуудлыг тусгасан эрх зүйн тогтолцоо буюу уул уурхайн салбарын дүрэм журмын иж бүрэн систем бий болох шаардлагатай болжээ.
Хурлын дараагийн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчинд гарч буй өөрчлөлт гэсэн сэдвээр тавилаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 300 дугаар тогтоолоор Нарийнсухайтын нүүрсний орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд, Багануурын хүрэн нүүрсний орд, Цагаансуваргын зэс, молибдений орд, Бүрэнхааны фосфоритын орд, Эрдэнэтийн зэс, молибдений ордын хил хязгаарыг нарийвчлан тогтоосноо ярилаа. Мөн шинээр улаан хас чулуу, цахиур, гантиг зэрэг ашигт малтмалын баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орж буйг илэрхийлсэн нь онцлох мэдээ байв.
Түүнчлэн уурхайн ашигт малтмалын нөөцийн үнэлгээний асуудлаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул уурхайн төсөл судалгааны төвийн захирал, доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер С.Цэдэндорж илтгэсэн. Орд уурхайн ашиглалтын үе шатуудад ашигт малтмалын үйлдвэрлэлийн нөөцийн үнэлгээ зайлшгүй чухал бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн суурь өгөгдөхүүний нэг болох аж. Томоохон уурхайн нөөцийн үнэлгээ нь зөвхөн тухайн үйлдвэрлэгчийн ашиг сонирхлын хүрээний асуудал биш харин салбар, улс орны эдийн засгийн хүрээнд хамаатай асуудал болжээ.
Баяжуулах үйлдвэрийн технологийг сайжруулах орчин үеийн техник, технологийг нутагшуулах тал дээр төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлж байна. Гэвч зарим төсөл судалгааны хувьд өөр улс оронд ашиглагдаж байсан тоног төхөөрөмжийг шууд шилжүүлэн суурилуулах хэлбэр гарч байгаа аж. Энэ нь аливаа ордын нөхцөлд тохирсон технологийг боловсруулж, тоног төхөөрөмжид нийцүүлэн технологио явуулах нөхцөл байдлыг үүсгэж байгааг Монголын Ашигт малтмалын баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч, доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Чинзориг онцлон тэмдэглэлээ.
Г.Идэр