10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арав дахь удаагийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалтыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголын Уул уурхайн Үндэсний Ассациацийн Хүндэт ерөнхийлөгч П.Очирбат нар нээж, илтгэл тавьсан юм.
“Discover Mongolia” чуулга уулзалтын гол зорилго нь Монголын эрдэс баялгийн салбарыг гадаадад сурталчлах, салбарын талаарх бодит мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэх, дотоодын уул уурхайн компаниуд болон лиценз эзэмшигчид хөрөнгө оруулагчаа олоход нь туслах явдал байдаг. Тиймээс дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд өргөнөөр оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, зочид төлөөлөгчдөд танилцуулахаар дэлгэсэн байлаа.
“Discover Mongolia” чуулга уулзалт дэлхийн уул уурхайн хуанлид бүртгэлтэй бөгөөд энэ жилийн хувьд нийт оролцогчдын 80 хувийг гадаадын төлөөлөгчид эзэлж байсан нь ямархуу цар хүрээтэй, нэр хүндтэй хурал болж өргөжсөнийг харуулсан юм.