Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Монголын Геологи, хайгуул-2019” чуулган маргааш эхлэнэ

Монгол Улсад  Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж буй  “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт маргааш “МПМ” цогцолборт эхлэнэ. 

11 дэх удаагаа болох тус чуулганд “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман ботийн зохиогч, редакторууд чуулганд бүтээлээрээ илтгэл тавьж хэлэлцүүлэхээр болсон байна. Мөн  чуулга уулзалтаар төрийн бодлого, хууль эрхзүйн шинэчлэлт, региональ судалгаа, хайгуулын арга аргачлал, ашигт малтмал судлал чиглэлээр хоёр өдөрт 50 гаруй илтгэл хэлэлцэгдэх аж. Өнгөрсөн жилийн чуулганы тухайд Төв аймгийн удирдлагуудыг урьж, тодорхой зүйлүүдэд төвлөрөн ярилцаж байсан бол энэ жил Өмнөговь аймгаас илтгэл хэлэлцүүлнэ гэдгийг чуулганы зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох албаны хүмүүстэй хамтарсан тусгайлсан уулзалтуудыг хийж орон нутагт хэрэгжүүлэх геологи хайгуулын төслүүдийн талаар ярилцаж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах аж.

“Хөрөнгө оруулалтын бизнес уулзалтыг чуулганы хоёр дахь өдөр зохион байгуулна.  Хайгуулын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой ч үйл ажиллагаагаа хэрхэн яаж, хаанаас эхлүүлэхээ мэддэггүй аж ахуйн нэгжүүд бий. Гэтэл хөрөнгө шаардлагатай хэрнээ  хөрөнгө оруулагчаа хэрхэн ямар арга замаар олж уулзахаа мэддэггүй  компаниуд ч байдаг. Тиймээс бид Хөрөнгийн бирж болон хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг судлаачдыг урьж оруулна” хэмээн “Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны Ерөнхийлөгч М.Очирбат  ярилаа.

Чуулга уулзалтын хүрээнд хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Геологийн инженерүүддээ зориулсан  нэг өдрийн мэргэшүүлэх сургалтыг Канадын SRK Consulting компанийн мэргэшсэн геологич, доктор James Siddorn “Хэрэглээний структур геологийг ашигт малтмалын хайгуулд ашиглах нь: Ордын хүдэр хянагч структурын тайлалт” сэдвээр хийхээр болсон байна. Тэрээр дэлхийн 1500 гаруй геологчдод сургалт хийж байсан асар их  мэдлэг, туршлагатай. Хоёр дахь сургалтыг  “Гео өгөгдлийн боловсруулалт, ордын загварчлал, нөөцийн тооцоолол” сэдвээр “Datamine” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч М.Батсайхан сургалт хийх аж.

ил бүрийн сургалтаар геологчдод мэдлэг оюуныг тэлэх, шинэ арга аргачлалд сургах тал дээр онцгойлон анхаарч байдгийг  “Геологи, хайгуул-2019” чуулганыг зохион байгуулагчид онцолсон юм. Салбарын ирээдүй болсон оюутнуудаа дэмжих зорилготой оюутны эрдэм шинжилгээний хурлаа хийжээ. Ерөнхий боловсролын сурагчдын дунд Ашигт малтмал бидний амьдралд сэдвээр гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг энэ жилээс хийж эхэлсэн байна. Цэцээ гүн гео-аялал, дээжний үзэсгэлэн, фото зургийн үзэсгэлэн, байгууллагуудын үзэсгэлэн зэргийг уламжлал ёсоор зохион байгуулж, хайгуул болон зураглалын шилдэг багуудаа шалгаруулах аж. Чуулга уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг нэгтгэн боловсруулж зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болжээ.


Г.Идэр