Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Хайлуур жоншны  165 орд,  122 сая тонн нөөц бүрэн батлагдаагүй

“Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, судлаачдын төлөөлөл оролцсон юм.  Дэлхийн хайлуур жоншны нийт нөөц баялгийг 500 сая тонн орчим гэж үздэг. Монгол Улс дээрх нөөцийн 9%-ийг эзэлж байгаа ч томоохон экспортлогч болж чадахгүй байгаа юм. Жонш нь олон улсын биржээр арилжаалагддаггүй металл бус ашигт малтмал хэдий ч жоншны салбарыг урт хугацаанд дэмжих зохицуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх шаардлага тулгарч байгааг УУХҮЯ-ны холбогдох албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. 

Хөтөлбөрийг 2019-2024 онд бусад төсөл хөтөлбөрүүдтэй бодлогын уялдаатай хэрэгжүүлэхээр тодорхойлж, 4 зорилтыг дэвшүүлжээ.  УУХҮЯ-ны Ажлын хэсгийнхэн хөтөлбөр хэрэгжсэнээр хайлуур жоншны салбарт бизнесийн орчин сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх чадвар, худалдааны эргэлт нэмэгдэн, фторын хүчил, фторт хөнгөн цагаан үйлдвэрлэгч, экспортлогч улс болох аж. Гэвч хэлэлцүүлэгт оролцогчид хөтөлбөрийн төслийг зөвхөн энэ зорилгод хүрэхээр тодорхойлсон нь учир дутагдалтай хэмээн шүүмжилж байв. Ялангуяа уг төсөлд жоншны нөөцийн татварын асуудал бүрхэг тусгагдсан, энэ асуудлыг шийдвэрлэж байж хайлуур жоншны олборлолт, экспортод тулгардаг бэрхшээлүүд багасна хэмээн байр сууриа илэрхийлэх хүмүүс цөөнгүй байлаа. 

2013 оноос  жоншны салбарын мэргэжлийн холбоодын зүгээс “Монгол жонш” хөтөлбөрийн төслийг дэвшүүлж, холбогдох яамдад танилцуулж байсан бөгөөд энэ удаагийн төсөлд өмнө нь санал болгож байсан зүйлүүд маш дутмаг тусгагдсан байна хэмээн “Монголын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Эрдэнэ онцолсон. Харин УУХҮЯ-ны мэргэжилтнүүд 2015 онд Хууль, тогтоомжийн тухай хууль батлагдсанаар жоншны хөтөлбөрийг илүү тодорхой зорилттой, хэрэгжих үе шатаа оновчтой тусгасан байдлаар боловсруулахаас аргагүй болсон хэмээж байв. 

Геологи, хайгуулын ажил  үйлдвэрлэлээсээ дор хаяж 10 жилээр түрүүлж явагдах учиртай. Гэтэл энэ хөтөлбөрт геологи, хайгуулын ажлын талаар дөнгөж дурдагдсан байна, Монгол Улсад бүртгэгдээд байгаа жоншны 163 орд, 545 илрэл, 122 сая тонн хүдрийн буюу 48.3 сая тонн эрдсийн нөөцийн хэмжээ ч бүрэн батлагдаагүй тоо. Иймд нөөц тогтоох чиглэлээр илүү нарийвчилсан ажлуудыг төр бодлогоор зохицуулж хийх хэрэгтэй гэдэг дээр оролцогчид  байр сууриа илэрхийлсэн юм.  Ялангуяа жоншны орд бэлтгэх асуудлыг хөтөлбөрт тодорхой тусгаж, далд аргаар олборлох шаардлага тулгарчээ. 

“2025 оноос фторт бүтээгдэхүүний жилийн экспортын орлого 350 сая ам.долларт хүрч хөтөлбөрийн зорилго биелэгдэнэ” хэмээн  “Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн төсөлд тусгасан. Тэгвэл уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд тээвэрлэлтийн асуудлаас гадна Химийн үйлдвэрийг Монгол Улсад байгуулах шаардлага зүй ёсоор  тавигдана. Энэ бүхнээс харвал олон асуудлыг цогцоор нь шийдэхээс аргагүйд хүрч байна гэдгийг хэлэх мэргэжилтнүүд ч байв. 

Монгол орны хайлуур жоншны флотацийн болон металлургийн баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ 2010 хүртэл тогтвортой өсч, жилийн хүдэр олборлолт 600 мянган тонн, металлургийн буюу бүхэллэг жоншны үйлдвэрлэл 402 мянган тонн, флотацийн баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ 161 мянган тоннд хүрчээ. Өнөөгийн байдлаар, “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэр, “Монголчехметалл” ХХК-ийн Чулуутцагаан дэл,  Тэвшийн баяжуулах үйлдвэр болон Айраг, Хажуу-Улаан,   Өргөн зэрэг хайлуур жоншны 20 үйлдвэр байгаагаас 9 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, бусад аж ахуйн нэгжүүд зөвхөн баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулаад байгаа юм.  

Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу Дорноговь, Дундговь, Хэнтий, Дорнод аймгийн 16 сумын 1086 га бүхий 49 талбайд бичил уурхайн дүгнэлт гараад байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ. 

Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортын хэмжээ 2010-2015 онд буурсан боловч 2016 оноос сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Тухайлбал, 2016 онд 248.9 мян.тонн жонш экспортод гаргаж, улсын төсөвт 5.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2017 онд 319.3 мян. тонн жонш экспортлож, улсын төсөвт 10.2 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. 


Г.Идэр