Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих төсөл хэрэгжиж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн анхдугаар үзэсгэлэн тавдугаар 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо нээгдэх гэж байна.
Энэхүү арга хэмжээг Монгол дахь Энэтхэгийн Элчин сайдын яамны санаачилгаар УУХҮЯ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр Энэтхэгийн “TATA Projects”, “Afcons Infrastructure” болон “ISGEC Heavy Engineering” компаниуд оролцоно.
Үзэсгэлэнд газрын тос, байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Энэтхэгийн 35 компани оролцох бөгөөд нефтийн үйлдвэрийн инженерчлэлийн тэргүүн туршлага, хий дамжуулах хоолой болоод үйлдвэрийн бусад тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулна.
Э.Од