Газрын тосны салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Oil and Gas-2019” (Газрын тос-2019) эрдэм шинжилгээ, онол практикийн хурал энэ сарын 22-нд Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурал нь ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.
Хурлын эхэнд ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбарын Зөвлөх профессор, доктор, профессор Ж.Цэвээнжав “Газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, дадлагажилт, ажил эрхлэлт” сэдвээр илтгэлээ. Монгол Улсын газрын тосны салбар 78 жилийн түүхэн замналтай. 1960 оноос газрын тосны мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ 100 гаруй дээд, 450 орчим дунд мэргэжилтэн энэ хугацаанд төрөн гарчээ. “Газрын тосны салбарын мэргэжлүүдээр шат шатны мэргэжлийн хүний нөөц хангалттай бэлтгэгдсэн, гагцхүү тэдгээрийг дадлагажуулах, ажлын байраар бодлоготойгоор хангах шаардлагатай байна” хэмээн доктор, профессор Ж.Цэвээнжав тодотгосон. Хурлын үеэр газрын тосны салбарын өнөөдрийн нөхцөл байдал, судалгаа шинжилгээнд тулгуурласан илтгэлүүд тавигдаж, хэлэлцсэн юм.
Монгол Улсын Эрдэс баялгийн нөөцийн нэгдсэн санд Зүүнбаян, Цагаан элс, Тосон-Уул, Тамсагийн газрын тосны ордуудын нийт 332.6 сая тонн (түүнээс ашиглалтын 43.2 сая тонн) баталгаат нөөц бүртгэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан “Газрын тосны баялгийн менежмент” сэдвээр холбогдох албаны мэргэжилтнүүд танилцуулга хийлээ. 1990-ээд оноос хойш Монгол Улсын геологи, газрын тосны салбарт БНХАУ болон гуравдагч орнуудаас хөрөнгө оруулах сонирхол ихэссэн юм. Гэсэн хэдий ч дотооддоо газрын тос, хийн олон улсад дагаж мөрддөг баялаг, нөөцийн ангилал, тэдгээртэй холбогдсон албан ёсны баримт дутагдаж буйг илтгэгчид онцолсон.
Монгол орны хэмжээнд нийт 14 аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 33 талбайг ялгаж, 27 талбайд нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулжээ. Эдгээр гэрээнээс 1 талбай болох (Буйр XXIII)-н БХГ дууссан байна. БХГ-т 17 талбайд газрын тосны хайгуулын, 3 талбайд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явагдаж буй. Тухайлбал, БХГ-ь 1 талбай (Талбай XV)-н гэрээг шүүхийн шийдвэрээр сэргээх шатандаа яваа бол БХГ-т 5 талбай болох (Зүүнбаян XIII, Цагаан элс XIV, Төхөс X урд, Борзон VII, Цайдам XXVI)-н гэрээг дуусгавар болгох шатандаа байна. Түүнчлэн газрын тосны хайгуулын БХГ-т Номгон IX талбайд нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр шинээр гэрээ байгуулагджээ.
Харин хайгуулын бусад 6 талбайнд хувьд Хонгор VIII, Чойр XXV талбайд БХГ байгуулах шатанд, Нэмэгт VI талбайн ихэнх нь Тост, Тосон бумбын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай, Давст XXXI нээлттэй боловч орон нутаг зөвшөөрөөгүй байгаа гэдгийг чуулганы үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох хүмүүс мэдээлж байсан.
Манай улс жил бүр 1-1.2 сая тонн түүхий тосыг Зүүнбаян, Тамсаг, Тосон-Уулын ордуудаас олборлож БНХАУ-д экспортлож байгаа. Эдгээр ордын олборлолтын хэмжээ 2021 он гэхэд 1.6 сая тоннд хүрч, 2040 он хүртэл энэ түвшинд байх төлөвтэй байгаа аж. Гэхдээ энэхүү тос нь парафины агууламж өндөртэй, парафинт, өтгөн хүндэвтэр тосны ангилалд багтдагийг судлаачид илэрхийлж байна. Өнөөдрийн байдлаар олборлолт явуулж буй ордуудын ойролцоох “Буйр XVIII), Өмнөговь аймгийн нутагт орших “Галба XI” талбайнуудаас газрын тос илрээд байгаа бөгөөд нэмэлт судалгааны ажлууд хийгдсэнээр шинээр газрын тосны орд бий болж, нөөц нэмэгдэх магадлалтай байгаа юм.
“Эрдэмтдийн тооцоолсноор хүн төрөлхтөн өдөрт 82 сая баррель (11,0 сая тонн) газрын тос хэрэглэдэг байна. Эдүгээ дэлхийд нээгдээд байгаа газрын тосны баталгаат нөөц 950-1100 тэрбум баррель. Энэ нөөц нь дэлхийн хэрэгцээг 40-50 жил хангана” хэмээн судлаач А.Баасанжаргал тодотголоо. Дэлхийд нээгдэх газрын тосны 90% нь нээгдсэн бөгөөд цаашид 150 тэрбум баррель нөөцтэй орд нээгдэх боломжтой гэдгийг тэрээр мөн хэлж байсан юм. Газрын тосны ордын нийт нөөцийн 20 орчим хувийг авч чаддаг байсан бол технологийн дэвшлийн үр дүнд өнөөдөр 35% хүргэх боломжтой болжээ. Гэхдээ ойрын ирээдүйд энэ хэмжээг 40-50%-д хүргэх техникийн боломж бий гэдгийг ч судлаачид онцолж байлаа.
Судлаачдын тооцоолсноор Монгол Улсад 68 тэрбум м3 нүүрсний метан бий. Одоогоор нүүрсний ордын метан ашиглах талаар манайд туршигдах шатандаа л яваа юм.
Г.Идэр