Монгол Улсад АНУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески анх удаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн салбарын төлөөллүүдтэй хийсэн уулзалт өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд боллоо. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (Ам Чам Монгол) зохион байгуулсан тус уулзалтын үеэр ноён Элчин сайд Америк-Монголын эдийн засаг, бизнесийн харилцааны сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудын талаар товчхон дурдаад цаашид ажиллах өөрийн байр сууриа илэрхийлэв.
Монгол- Америк улс Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг (Ил тод байдлын хэлэлцээр) 2013 оны есдүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо байгуулсан юм. Талууд уг хэлэлцээрийг 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болгох баримт бичигт гарын үсэг зурсан. Уг гэрээ өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Элчин сайд М. Клечески энэхүү гэрээний ач холбогдлыг онцлон дурдлаа. Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт шинээр хууль тогтоомж хэрэгжихээр болбол уг хуулийн төслийг батлагдахаас зургаан сарын өмнө Америкийн талд мэдээлж харилцан санал солилцох асуудал ч уг хэлэлцээрт тусгагдсан юм. “Ам Чам Монгол” танхимын зүгээс ч энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилладаг гэдгийг уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүс онцолж байсан.
“Ам Чам Монгол” танхим мөн АНУ-ын Конгрессын гишүүдийн боловсруулсан Монгол Улсын гурав дахь хөршийн худалдааны тухай хуулийн төсөлд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа юм. Уг төслийг энэ оны намар Конгрессоор хэлэлцэж батлах хүлээлттэй байгааг Элчин сайд М. Клечески хэлж байна. Сүүлийн үед дэлхийн зэс- алтны томоохон төсөл хэрэгжүүлж буй “Оюутолгой” ХК, Монголын Засгийн газрын хооронд байгуулсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг (Дубайн гэрээ) шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар эцэслэн хэлэлцэх гэж буй. Элчин сайдын хувьд Оюутолгой төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй, олон мянган хүмүүсийг ажлын байраар хангаж, ханган нийлүүлэлтийн томоохон сүлжээг бий болгосон зэрэг өндөр ач холбогдолтой хэмээн байр сууриа илэрхийлэв.
АНУ-ын Төрийн департаментаас жил бүр улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны талаар мэдэгдэл гаргадаг. Энэхүү баримт бичиг удахгүй батлагдана гэдгийг ч тэрээр мөн онцолсон.
Г.Идэр