Б.Төгсбилэгт
/Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хот.
2019.04. 24-25/
Баялгийн засаглалын тухай дэлхий дахинд хүчтэй яригддаг авч энэхүү ойлголт нь улс орон бүрт яг нэгэн адил дүрмээр эсвэл жороор хэрэгжих боломжгүй билээ. Учир нь тухайн улс орон бүр өөр өөрийн гэсэн харилцан адилгүй онцлог шинж чанар, нөхцөл байдалд оршдог. Монголын хувьд бэлчээрийн мал аж ахуй, уул уурхай хэрхэн зэрэгцэн орших вэ гэдэг том асуулт тулгардаг. Дээр нь хоёр том хөрштэй хиллэдэг, далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай, ус харьцангуй хомс говийн бүс нутаг гээд асуудлууд бий. Энэ бол манай улсын ямар ч оронтой адилтгаж боломгүй өөр ондоо нөхцөлүүд. Гэхдээ байгалийн баялагтай орнууд баялгийн засаглалаа сайжруулахаар хичээж мэрийж байгаа бөгөөд тэд “шинэ түвшин”-д хүрэхээр оролдож байна. Баялгийн засаглалаа сайжруулах хүчин чармайлт нь ихэнх баялагтай орнуудад түгээмэл явагдаж буй үйл явц-үзэгдэл юм. Зарим нь манай улс шиг орлогын хуваарилалт дээрээ илүү анхаарч буй бол нөгөө хэсэг нь байгаль орчны асуудалд онцгой илүү анхаарал хандуулан, хууль эрх зүйн орчин, бодлогоо шинэчлэн боловсруулж байна.
Баялгийн засаглалын асуудлаарх сайн жишээ, тэргүүлэх туршлагуудыг хэлэлцсэн олон улсын семинар Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хотноо дөрөвдүгээр сарын 24-25-нд зохион байгуулагдлаа. Канадын эрдэс баялаг, хөгжлийн олон улсын хүрээлэн (CIRDI)-ээс зохион байгуулсан энэхүү семинарт Аргентин, Эквадор, Сенегал, Швед, Монгол, Гуяана, Чили, Этиоп, Вьетнам, Колумб, Кени, Канадын Засгийн газар, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Эдгээр улс орны зарим нь уул уурхайн салбарын хөгжлийн эхэн үедээ яваа бол зарим нь аль хэдийнэ дэлхийд үлгэр жишээ уул уурхайг хөгжүүлээд байгаа билээ. CIRDI (Тус байгууллага нь Бритиш Колумбын их сургууль, Монтрийлийн Политехникийн их сургууль, Саймон Фрэйзерийн их сургууль хамтран Global Affairs Canada буюу Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан) нь сүүлийн зургаан жилийн хугацаанд баялгийн засаглалыг сайжруулах чиглэлээр нийтдээ 22 улс оронд төсөл хэрэгжүүлсэн байна.
Монгол орны хувьд эдийн засаг ойрын 20-30 жилийн хугацаанд ашигт малтмалын салбарт түшиглэхээр байгаа юм. Улсын нийт экспортын 90 гаруй хувь нь уул уурхай, газрын тосны салбараас бүрддэг. Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхай, хайгуулын салбар руу чиглэж байна. Эдгээр статистик мэдээллүүд үргэлж мэдээлэгдэж, анхаарлын төвд байдаг ч ард иргэд уул уурхайн салбарын өгөөжид сэтгэл хангалуун бус байгаа юм. Түүнчлэн үүнд төрөөс анхаарал хандуулах нь ч харьцангуй сул хэвээр. Үүний гол шалтгаан нь уул уурхайн салбарын мэдлэг, боловсрол улстөрчид болон ард иргэдийн дунд хангалтгүй байгаатай холбоотой. Ийм байдлыг ашиглан популист улстөрчид болон судлаач нарт худал мэдээлэл цацахад илүү хялбар байдаг.
Монголд баялгийн засаглал тийм ч муугүй гэж зарим мэргэжилтнүүд хэлдэг ч ихэнх аймаг, сумын удирдлагууд ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод “үгүй гэж хэлцгээе” уриатай ажиллаж байгаа нь салбарт итгэх итгэлгүй байгааг илтгэж байна. Мэдээж энд байгалийн баялгийн орлогын хуваарилалтад сэтгэл дундуур байдаг нь нөлөөлдөг. Гэхдээ байгаль орчны менежмент, ард иргэдэд хүрсэн хамтын ажиллагаа дутмаг байдаг нь бас нөлөөлж байна.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн өнгөрсөн 2017 онд нийт 89 орныг шалгуураар жагсаахад манай улс 15 дугаарт эрэмбэлэгдэж “сайн” гэсэн үнэлгээ авсан.
Баялгийн засаглалаар манай улстай зуузай холбон жагссан улс орнууд бол Аргентин, Перу улс мөн. Тэдгээр улс орнуудын засаглалын үзүүлэлт манайхтай адил байгаа гэх боловч тэдний хувьд байгаль орчин, хүн амын нийгмийн нөлөөллийн асуудалд гүнзгий анхаарч, бодитой ажил хийж байна. Энэ нь баялгийн засаглалд хүмүүсийн сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлэх нөхцөл болж байна.
Монгол Улсын хувьд баялгийн зөв хуваарилалт дээр илүү анхаарал хандуулж ажилладаг, нийгмээрээ үүнд илүү анхаардаг. Гэвч энэ чиглэлд хангалттай сайн ажиллаж чадахгүй байгаа нь ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод орон нутаг ихэнх тохиолдолд зөвшөөрөл өгөхгүй байгаагаас тодорхой харагддаг. Гэхдээ Засгийн газрын зүгээс энэ байдлыг засахын тулд ирэх жилээс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 100%, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-ийг орон нутагт төвлөрүүлдэг болохоор холбогдох хуулинд өөрчлөлт оруулаад байгаа билээ. Мөн Олон улсын валютын сангийн тусламжийн хөтөлбөрийн хугацаа дууссаны дараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилах хэмжээг нэмэх төлөвтэй байгаа юм. Гэхдээ энэ бүгд нь орон нутаг дахь сөрөг хандлагыг өөрчилж, баялгийн хуваарилалтын тухайд тэднийг сэтгэл дундуур биш болгож чадах эсэх нь бас л эргэлзээтэй хэвээр байна.
Перугийн жишээг авч үзье. Тус улс нь зэсийн экспортоор дэлхийд хоёрдугаарт орох томоохон нийлүүлэгч (2018 оны байдлаар 12 тэрбум ам.долларын зэсийн баяжмал, 1.77 тэрбум ам.долларын цэвэр зэсийн экспорт хийсэн ) боловч тус улсын ард иргэд уул уурхайн салбарт тийм ч сэтгэл хангалуун байдаггүй. Гэхдээ тус улсад уурхайн төслийн усны менежментэд сэтгэл хангалуун байх зарим нэг сайн жишээ бий. Тус улсын Arequipa хотоос 30 гаруй км зайд Cerro Verde зэсийн уурхай бий. АНУ-ын Freeport McMoran компанийн хэрэгжүүлдэг уг төслийн өргөтгөлийн шатны үеэр уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай нэмэлт усны нөөцийн асуудалтай тулгарчээ. Гэхдээ энд нэгэн зөв шийдэл олсон нь орон нутаг болон компани хэрхэн харилцан ашигтай шийдэл гаргаж болохыг бодитоор харуулсан байна. Тодруулбал компанийн зүгээс төслийн нэмэлт усны эх үүсвэрийг бүрдүүлэхдээ Arequipa хотын бохир усыг цэвэршүүлэн, гарсан саарал усыг уурхайн хэрэгцээнд ашиглахаар болжээ. Ингээд 2015 оны арваннэгдүгээр сард 550 сая ам.доллараар 1.8 шоо метр/сек хүчин чадалтай “La Enlozada” ус цэвэршүүлэх байгууламжийг барьжээ. Цаашид хоёр удаа үйлдвэрийг хотын усны хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр үе шаттайгаар өргөтгөхөөр төлөвлөжээ. Тус байгууламж нь хотын нийт бохир усны 85%-ийг цэвэрлэх юм байна. Урьд нь хотын бохир усны дийлэнхийг цэвэршүүлж чадалгүй хотын дэргэдэх гол руу цутгадаг байсан нь голын ус бохирдох нөхцөл болж байсан нь ийнхүү шийдэгджээ. Голын ус бохирдолгүй болох нь хот орчмын аялал жуулчлал хөгжих нөхцөл болж, фермерчдэд ч ашиг тусаа өгч байна. Перугийн хувьд дан ганц байгаль орчны асуудал бус, уул уурхайн салбарт жендерийн асуудал, ялангуяа орон нутгийн эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна.
Бас нэг сонирхол татсан орон бол Аргентин улс юм. Тус улсын эдийн засаг манай улсыг бодвол нэлээд солонгорсон бүтэцтэй. 2017 оны байдлаар 60 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Хөдөө ахуйн бүтээгдэхүүн экспортын дийлэнхийг бүрдүүлдэг. Гэхдээ газрын тосны, эрдэс түүхий эдийн экспорт эдийн засагт нь багагүй хувь нэмэртэй.
Тус улсын Катамарка мужид орших Alumbrera зэс, алтны төсөл нь анхны томоохон хаалтын төлөвлөгөөтэй уурхай болж байгаа юм. Мөн Санта Крус мужид алтны Cerro Vanguardia, мөнгөний AngloGold Ashanti уурхай удахгүй хаагдах гэж байна. Засгийн газар нь эдгээр төслийн хаалтыг нийгэм, эдийн засаг, байгаль орчны хувьд маш сайн шийдэлтэйгээр хийхээр зорьсон байна.
Ингээд 2016 онд CIRDI-тэй техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн удаагийн сургалт, семинарыг оролцогч талуудын хамтаар байгуулсан байна. Ингэснээр уурхайн хаалтад тус улсын төрийн албаны мэргэжилтнүүдийг илүү сайн чадавхижуулж чаджээ.
Канад улсын тухайд уул уурхайн салбараа нэлээд өндөр хөгжүүлж чадсан. Гэхдээ энэ улсад уугуул иргэдийн асуудал чухлаар тавигддаг. Тиймдээ ч уугуул иргэдийн уул уурхайгаас хүртэх ашгийн тухайд нэлээд анхаарал хандуулж, ахицтай ажиллаж буй орон. Уугуул иргэдтэй гэрээ байгуулж хамтран ажилладаг ч, тэр нь заавал нэг стандарттай бус, харилцан адилгүй байж болдог. Гэхдээ Канад одоогийн уул уурхайн засаглалын түвшнээ улам ахиулсаар байгаагийн нэг илрэл бол хүлэмжийн хийн ялгаруулалтын татварын тогтолцоо юм. Тус улс энэ чиглэлд дэлхийд үлгэр жишээ орноор нэрлэгддэг. Бусад олон улс орон ч Канадын адилаар уул уурхайн салбарт хүлэмжийн хийн татварын тогтолцоог нэвтрүүлж эхлээд байгаа.
Баялгийн засаглалаа бэхжүүлэхээр ажиллаж буй бас нэг улс бол Этиоп юм. Тус улс нь Африк тивийн зүүн хойд хэсэгт орших бөгөөд далайд гарцгүй. Этиопийн хувьд уул уурхайн салбарын хөгжил эхэн үедээ яваа гэж хэлж болно. Тиймээс улсынхаа салбарын яамны чадавхийг сайжруулж, тогтвортой уул уурхайн урт хугацааны удирдамжийг хангаж ажиллахаар CIRDI-тэй хамтран 2016-2021 оны хооронд төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 80 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Гэхдээ эдийн засгийн дийлэнх хэсэг нь хөдөө аж ахуй, тэр дундаа кофе тариалалт, ойн аж ахуй, загас агнуур зэрэг салбараас бүрддэг. Уул уурхайн салбарт алт олборлолт, шохойн чулуу олборлолт эдийн засагт тодорхой хувийг эзэлдэг. Этиопийн Засгийн газар баялгийн засаглалаа сайжруулж салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дэлхийн түвшний гео шинжлэх ухааны мэдээллийн санг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Бусад оролцогч улс орны тухайд бичил уурхай, байгаль хамгааллын менежмент, аюулгүй ажиллагаа, хүний нөөц болон бусад асуудалд анхааран ажиллаж, баялгийн засаглалын асуудлыг онцгойлж, бодитой ахиц гарган ажиллаж байгаа нь сайшаалтай санагдаж байлаа.
Баялгийн засаглалын тухай ойлголт, хэрэгжүүлэх байдал нь улс орон бүрт харилцан адилгүй байж болно. Гэхдээ үүнд гол үүрэгтэй оролцдог тулгуур хэсгүүд буюу “язгуур махбодиуд” байдаг нь семинараас тодорхой ойлгогдож байсан юм. Энэ бол баялгийн сайн засаглалыг тухайн эрдэс баялгийг тогтвортой хөгжилд нийцүүлсэн арга барилаар олборлож буй эсэх, хүн ардад өгөөжтэй байгаа эсэх, тухайн үйл ажиллагаа нь ил тод байгаа эсэх явдал.
Байгалийн баялгийн засаглал нь дэлхий даяар тасралтгүй хөгжиж байна. Гэхдээ салбарыг шинэ зүйл угтан буй нь уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхий дээр ийм үйл явдал тохиож буй нь салбараас цаашид хүлэмжийн хийн ялгаруулалт аль болох багатай, илүү хариуцлагатай үйл ажиллагаа эрхлэхийг шаардаж байна. Түүнчлэн цэвэр технологи болох нар, салхины эрчим хүч, зай хураагуурын технологид шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийг тогтвортой шийдлээр хангахыг “үүрэг болгож” байна.
Үүний хажуугаар хиймэл оюун ухаан зэрэг технологийн хөгжил нь салбарт шинэ орчин нөхцөлийг авчрах болсон. Эдгээр үйл явцын нөлөөгөөр цаашид баялгийн засаглал илүү их баяжиж хөгжих нь гарцаагүй боловч энэ ойлголтод багтдаг “язгуур махбодиуд” цаашид хэвээр хадгалагдах болно. Чухамдаа тэдгээр суурь зарчмыг хэрэгжүүлж, уул уурхайн салбараа хөгжүүлэх нь эрдэс баялагт түшиглэсэн улс орнуудын тэргүүн зорилт болж байна.