Эхний өдрийн сургалтыг Ерөнхий сайдын зөвлөх, эдийн засагч Н. Энхбаяр “Дэлхийн эдийн засаг ба Монголын уул уурхайн салбар дахь нөлөөлөл” сэдэвт илтгэлээр эхлүүллээ. Тэрбээр илтгэлдээ түүхий эд экспортлогч орнуудын эдийн засаг ирэх жилүүдэд харьцангуй өсөлттэй сайн байх төлөвтэй байгааг дуулгалаа.
дэлхийн улс орнуудын эдийн засагт цаашид зөвхөн геополитик, худалдааны дайны асуудлууд нөлөөлөөд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл эрсдэл учруулах томоохон хүчин зүйл болж буйг тодотголоо.
“Эрдэс баялгийн эдийн засаг гэж юу вэ?” сэдвээр Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Галсандорж, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Д. Энхболд “Хариуцлагатай уул уурхай: Монголын эдийн засагт үзүүлэх өгөөж, нөлөөлөл” сэдвээр сонсгол тавилаа.
“Эдийн засаг дахь уул уурхайн салбарын хамаарал ба эдийн засгийг солонгоруулах нь” сэдэвт судлаач Ц.Бямбацогтын сонирхолтой илтгэлүүд бий.
Мөн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл болох Оюутолгойн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Тэргүүн Э.Лхагва компанийн төслийн эдийн засаг дахь нөлөөллийг танилцууллаа.
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зохион байгуулдаг “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалтад зөвхөн уул уурхай, эдийн засаг төдийгүй сэтгүүл зүйн чиглэлээр салбарын тэргүүлэх төлөөллүүд оролцож сэтгүүлчдэд хичээл заадаг уламжлалтай
сургалтын эхний илтгэлийг МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ “Сэтгүүл зүй олон нийтийн эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ” сэдвээр сонирхолтой илтгэл сонсголоо. Уг илтгэлээр сэтгүүлчид олон нийтийн сэтгэлгээ, эрх ашиг талаасаа юун дээр анхаарах ёстойг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
IKON.MN тэргүүлэх мэдээллийн сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа “Дата сэтгүүл зүйн чиг хандлага, туршлага” сэдвээр илтгэл танилцууллаа. Төрийн нууцлалд хамааралгүй дата мэдээлэл буюу нээлттэй өгөгдлийг харьцуулан боловсруулж, иргэдэд зөв мэдээлэл хүргэх талаарх түүний илтгэл орон нутгийн сэтгүүлчдэд өгөөжтэй, сонирхолтой байлаа.
Мөн “Ремо медиа” компанийн үүсгэн байгуулагч Б.Намнандорж “Хуурамч мэдээлэлд хэрхэн автахгүй байх вэ” сэдвээр сонсгол тавилаа. Тэрбээр хуурамч мэдээллийг танихдаа ямар цаг хугацаанд, ямар эх сурвалжаас мэдээлсэн байгааг анзаарах нь чухал болохыг тэмдэглэж, чанартай сэтгүүл зүйн талаарх үндсэн ойлголтуудыг өгсөн юм.
Энэ удаагийн сургалтын бас нэг онцлог нь Канадын Бритиш Колумбын Их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулиас бэлтгэсэн видео хичээл байлаа. Тус сургуулийн дэд профессор, “Global Reporting Centre”-ийн захирал Петер Клайны төсөлд хамрагдаж буй орон нутгийн сэтгүүлчдэд тусгайлан зориулсан видео хичээлийг хүргэсэн юм. Тэрбээр орон нутгийн сэтгүүлчид эдийн засаг, уул уурхайн чиглэлээр сурвалжлахдаа юун дээр анхаарах, сэтгүүл зүйн шинэ чиг хандлага нь орон нутгийн сэтгүүлчдэд ямар чадварт суралцахыг шаардаж буй талаар, мөн нийгмийн сүлжээний мэдээлэл газар авч буй өнөө үед сэтгүүлч юун дээр анхаарах вэ гэх мэт олон чухал асуултад хариулт өгсөн нь ихээхэн үр дүнтэй хичээл боллоо.
Сургалтын төгсгөлд MMJ-ийн сэтгүүлч нар орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхай, эдийн засгийн чиглэлээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхдээ анхаарах зүйлсийн талаар зөвлөмж хүргэсэн юм.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” төслийн сургалтад хамрагдсан сэтгүүлчид аймгуудын дөрвөн бүсэд хуваагдан сэтгүүл зүйн бүтээлийн сэдвээ сонгосон юм.
Энэ удаагийн төслийн сургалтыг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ амжилттай зохион байгууллаа.