“Монгол-Хятадын экспо-2019” гурав дахь удаагийн арга хэмжээ есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх хот, Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Хятад-Монгол-Оросын “Эдийн засгийн коридор”-ыг байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриан дор болж байгаа юм. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч ажиллаж буйг зохион байгуулагчид тодотгон хэлж байв.
Энэ удаагийн экспод Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцож, мөн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.
Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж, Монгол Улсаас 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үйл ажиллагаагаа сурталчилж буй. Тус экспо нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд энэ жилийнх нь гурав дахь удаагийн гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Анхны арга хэмжээнд Монгол Улсаас 251 аж ахуйн нэгж нийт 1.2 сая юанийн борлуулалт хийсэн бол хоёр дахь удаагийнхд 400 аж ахуйн нэгж оролцон нийт 6.2 сая юанийн борлуулалт хийжээ. Харин гуравдахь удаагийн экспод 450 аж ахуйн нэгж, 1200 орчим зочид төлөөлөгч оролцож буй нь өмнөх жилээс давсан борлуулалт хийх боломжтой хэмээн зохион байгуулагчид хэллээ. Экспод Монголын төр засгийн удирдах албан тушаалтнуудаас гадна аймгийн Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс аж ахуйн нэгж, иргэдээ дэмжин оролцож байгаа нь экспог илүү өргөн хүрээнд болох нөхцлийг бүрдүүлжээ.
Монголын талын зочид төлөөлөгчид Улаанцав хотноо есдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол Улсын дүр төрхийн үзэсгэлэн” болон бусад 5 орны дүр төрхийн үзэсгэлэнтэй танилцлаа. Монгол улсын дүр төрхийг харуулахдаа Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар зохиомжилжээ.Үүний дараа “Зүүн хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум Улаанцав хотын хурлын төв ордонд эхэлж, ӨМӨЗО-ны намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жихөн нээлтийн үг хэлэх юм. Мөн БНХАУ-ын Худалдааны Яамны туслах сайд Рэнь Хунбин, Монгол Улсын ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зэрэг төр засгийн өндөр албан тушаалтнууд төлөөлөгчдөд хандан товч үг хэлнэ. Зүүн Хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны дээд форумын энэ хэсэгт Японы Ёс зүйн хүрээлэнгийн тэргүүн Маруяма Тошияки“Геополитик-ёс зүй” сэдвээр сонирхолтой илтгэл тавих аж.
“Монгол-Хятадын эскпо-2019” арга хэмжээ нь Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт”, Төслүүдийн хамтын ажиллагааны уулзалт, Монгол-Хонгконг-Макао-ӨМӨЗО-ны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хурал, Монгол-Хятадын стандартчиллын форум, Монгол-Хятадын худалдаа-эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум, Монгол-Хятадын хамтарсан технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн форум зэрэг олон салбар хуралдаанд хуваагдан зохион байгуулагдана.
Тухайлбал, Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт” чуулга уулзалтаар эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны томоохон төсөл танилцуулж, төсөлд гарын үсэг зурах ёслол болсон юм. Уг арга хэмжээнд Монголын талаас Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Гүн Минжу нар оролцон хоёр орны эдийн засаг, нийгмийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хөгжлийн гол чиглэл, төрийн бодлого ба авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөх юм. Мөн ӨМӨЗО-ны Байгаль орчны танхимын дэд дарга Ду Жюньфөн хөрөнгө оруулалтын орчин болон хамтын ажиллагааны гол төслүүд, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимын дэд дарга Юнь Айхоу хөрөнгө оруулалтын орчин болон хамтын ажиллагааны гол төслүүдээ тус тус танилцуулах юм.
“Монгол-Хятадын экспо” нь мөн Хөх хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаагаар үргэлжилж байна. Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн зохион байгуулалтыг Хятадын талаас Худалдааг дэмжих хороо, Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо ТББ нар хамтран зохион байгуулж байна.
Г.Идэрхангай
ӨМӨЗО-ны Улаанцав хот