Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Дисковер Монголиа 2019”: Монгол Улс нөөц боломжоо таниулахын тулд хайгуулын ажил чухал

Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах, хөрөнгө оруулалт татах зорилготой “Дисковер Монголиа” чуулган 17 дахь жилдээ есдүгээр сарын 27-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан юм. Чуулган хоёр өдөр үргэлжилдэг уламжлалтай. Энэ жилийн чуулган өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлог болов. Эхний өдөр хөрөнгө оруулагч нарт зориулсан хаалттай арга хэмжээний талаар чуулганыг даргалагч Камерон Макрей товч мэдээлсэн юм. Хөрөнгө оруулагчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны (УУХҮЯ) удирдлагууд, Төрийн ордонд Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэгийн тэргүүн УИХ-ын гишүүн А.Ундраатай уулзсан бол Монголбанкны удирдлага хүлээн авч, банкны музейтэй танилцахаас гадна эдийн засагч Ч.Отгочулуутай эрдэс баялгийн чиглэлээр санал солилцсон байна. Дараагаар нь Ерөнхий сайдын дэргэдэх Олон улсын зөвлөлийн хуралдаанд УУХҮЯ, Элчин сайдын яамд, уул уурхайн компаниудын Гүйцэтгэх захирлууд оролцсон аж.

Зураглаач М.Энх-Амгалан

Чуулганы хоёр дахь өдөр Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах шаардлага, мега төслүүдийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин болоод бэрхшээл, дэлхийд үр ашигтай тооцохуйц ямар төслүүдийг ирээдүйд Монголд хэрэгжүүлэх боломж,  уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээлийн чиг хандлага зэрэг асуудалд төвлөрч хэлэлцлээ.

Чуулганд УУХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал уул уурхайн салбар дахь төрийн бодлого, чиглэлийн талаар үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч нарт ээлтэй, нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бий болгох чигтэй ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуульд 20-30 удаа өөрчлөлт оруулсан. Тэгэхээр Үндсэн хуулиа заавал өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Хууль эрх зүйн орчин тогтвортой байлгах шаардлагатай. Тогтвортой орчныг дагаад аяндаа ашигт малтмалын үр өгөөж бий болно. УУХҮЯ-ны зүгээс аль болох хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх бодлоготой. Монгол орны асар уудам нутгийн хаана, ямар эрдэс баялгийн нөөц байгааг мэдэх хэрэгтэй. Одоогоор нийт газар нутгийн 20%-ийн нөөц баялгийн мэдээлэлтэй байна. Хөрөнгө оруулагч нар тодорхойгүй байдалд дургүй. Тэгэхээр Монгол Улс нөөц боломжоо таниулахын тулд хайгуулын үйл ажиллагааны үр дүн сайн байх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

“Дисковер Монголиа 2018” чуулганаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас бодитой дэмжлэг авч активаа тэлснийг “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлов. Засгийн газрын шууд удирдлага дор ажилладаг онцлогтой “Эрдэнэс Монгол” нь өнөөгийн байдлаар 15 охин компанитай болсон байна. Энэ жилийн хувьд, ураны буюу цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мон Атом” компанийг 100% эзэмшилдээ авсан. Нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр Тавантолгойн бүлэг орд газарт Австралийн хөрөнгө оруулагчтай хамтран хайгуулын төслийг эхлүүлсэн бөгөөд өрөмдлөгийн ажлын эхний үр дүн гарч бодитой нөөц илэрчээ. Энэхүү үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэний дараагаар олон нийтэд мэдээлэх аж. Алтны “Эрдэнэс Алт ресурс”, мөнгөний ордуудад төвлөрсөн “Эрдэнэс Силвер ресурс” зэрэг төрөлжсөн охин компаниуд байгуулсан. Хамгийн сүүлд, Засгийн газрын тогтоолын дагуу газрын ховор элементийн судалгааны нэгжийг УУХҮЯ болоод “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага дор байгуулсан. Жилд 300 мянган тонн ган, 500 мянган тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр байгуулах “Эрдэнэс стийл” компани, “Бэрэн” группын 50:50%-ийн хамтарсан төслийн ТЭЗҮ-ийг батлуулжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн санг бий болгохоор яригдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол”-ын зүгээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг бэлэн болгоод буй аж. Хөрөнгө оруулалт татах төслүүдээр “Эрдэнэс Алт ресурс” компанийн алт цэвэршүүлэх үйлдвэр, хүрэн нүүрсний Багануурын орд газарт цахилгаан станц, холимог металын Асгатын ордыг дурдсан юм. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн ТЭЗҮ бэлэн болсон бол Асгатын ордыг дэд бүтцийн хамт цогцоор нь хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийж байна. Металын бүх төрлүүд нэг компанид төвлөрч байгаа учир аливаа төслийг иж бүрнээр нь гадны хөрөнгө оруулагчтай хамтран хэрэгжүүлэх, шийдвэр хурдан гаргах давуу талтайг П.Ганхүү захирал тодотгов. Дэд бүтцийн сул байдал бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, группын үйл ажиллагаанд төрийн оролцоо их гэсэн бэрхшээлийг ч нуусангүй. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ төр, төрийн өмчит компани, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байж одоогийн хүндрэл, бэрхшээлийг  даван туулна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буй Оюутолгой төсөл нь хүний нөөцийг чадавхжуулах, технологийг ашиглалт, хариуцлагатай уул уурхайн стандартыг нутагшуулах, бүс нутгийн эдийн засгийг сайжруулахад хувь нэмрээ оруулж байгаа талаар “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес илтгэлээ эхлүүлсэн юм. Тус компани нь шууд бусаар 45 мянган ажлын байр бий болгосон бөгөөд 700-800 ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна. 2019 оны байдлаар, Монголын бизнесүүдээс 2 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн, татварт 2.4 тэрбум ам.долларыг төлсөн гээд Монгол Улсын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Гэрээ байгуулах замаар Оюутолгойн гүний уурхай төсөл 2.8 тэрбум ам.долларыг Монголын бизнесүүдэд хөрөнгө оруулжээ. Төсөл хэрэгжиж байгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын ойролцоох дэд бүтцийн хөгжилд 2010 оноос хойш нийт 180 сая ам.долларыг зарцуулсан байна. Тус аймгийн бизнес эрхлэгчдэд 0.5 тэрбум ам.долларын ажил, үйлчилгээг бий болгосон. Түүнчлэн  орон нутгийн эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байгаа юм. “Дэлхийн хэмжээний Оюутолгой төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд улс төржүүлэхгүй байх учиртай. Өмнөх хурдаа сааруулахгүйгээр гүний уурхайг ашиглалтад оруулахад төвлөрч ажиллах нь чухал байна. Бизнесийн болоод түншлэн ажиллах соёлдоо тулгуурлан гүний уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах хэрэгтэй. Хувь эзэмшигч талуудын хамтын ажиллагааг сайжруулснаар Оюутолгойн үр өгөөжийг тогтвортой байлгахад нөлөөлнө” гэсэн байр суурийг илэрхийлэв. Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орсноор одоогийнхоос 3 дахин илүү олборлолт хийнэ. “Блок кейв”-ийн аргаар олборлолтын үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ аргыг ашиглаж байгаа дэлхийн зэсийн хамгийн том, басхүү хамгийн гүн уурхай болох юм. Үүгээрээ Монгол Улс дэлхийд гайхагдах уул уурхайн өндөр стандартын төв болно. Ингэснээр гадаадын олон хөрөнгө оруулагчдыг уул уурхайн салбарт татах бас нэг үзүүлэлт, давуу тал. Ирээдүйд төслийн үр ашиг нэмэгдэхийн хэрээр нүдэнд харагдахуйц, орон нутгийг тогтвортой хөгжүүлэхэд хэрэгцээтэй хүчин зүйлс бий болно. Хамгийн гол нь энэ төсөл монголчуудынх гэсэн сэтгэлгээг бий болгох нь чухал гэдгийг тодотгосон юм.      

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн Стратеги, Хөгжлийн газар хариуцсан Дэд захирал Т.Цогбаяр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн дараагийн санхүүжилт болох 700 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн бөгөөд уг төмөр замын бүтээн байгуулалтад зориулан дотоодын зах зээлд 20 жилийн хугацаатай хаалттай өрийн бичиг буюу 0.75-1 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаас худалдана. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын ISO стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, аудитын шалгалтаар Чанарын менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо болон Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн үндсэн 3 стандартыг бүрэн хангаж сертификат авчээ. Олон улсын  хөрөнгийн бирж дээр IPO гаргахтай холбоотойгоор компанид бүтцийн өөрчлөлт хийж, энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-н 70%-ийн эзэмшилтэй  “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулсан. Охин компанийг одоогоор Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргах зорилттой ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нүүрсний нийт борлуулалт 55.8 сая тоннд хүрсэн байна. Есдүгээр сарын 27-ны байдлаар 13 сая тонн нүүрс олборлож, 12.8 сая тонн нүүрс борлуулжээ. Энэ жил нүүрсний олборлолтыг 15 сая тонн, ойрын жилүүдэд 30 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Компанийн засаглалд олон улсын стандартыг мөрдөж үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгохоор зорьж буй.

Канадын Торонто болон Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент”, Овоотын коксжих нүүрсийг Орос болоод Хятадын зах зээлд экспортлох  зорилттой “Аспайр Майнинг”, Монголд багагүй хугацаанд тууштай ажиллаж өрөмдөлгийн ажлаа эхлүүлсэн “Кинкора Коппер” зэрэг компаниуд өөрсдийн төслийн явцын талаар илтгэл тавилаа.

Чуулганаар зах зээлийн шинжээчид олон улс дахь зэс, алт, нүүрсний ханшийн чиг хандлага, эрэлт нийлүүлэлтийн сүүлийн үеийн мэдээлэл хийв. 2021 он хүртэл Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтийн өсөлт хадгалагдах бөгөөд тус улсын далайн тээврийн нүүрсний импорт буурч байгаа нь Монголын нүүрсний боломжийг нэмэгдүүлж байна. Гэхдээ Монголын дэд бүтцийн сул байдал нүүрсний худалдааг хязгаарлах эрсдэлтэйг “Фэнвэй Эрчим хүч мэдээллийн үйлчилгээ лимитед” компанийн Ерөнхийлөгч Чанг Юү Жин илтгэлдээ дурдсан. Харин дэлхийн зах зээл дэх зэсийн тухайд ирэх 4 жилд үнэ өсөх хандлагатай, дунджаар 7100 ам.долларт хүрэх өөдрөг таамгийг CRU группын суурь металын Ерөнхий шинжээч Крэг Ланг хэлж байна. Монголын хувьд Оюутолгойн гүний уурхай, Цагаансуварга зэрэг томоохон төслүүд ашиглалтад орвол маш том боломж юм.

Монгол Улсын өнөөгийн гадаад харилцааны талаар Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай “Ковер Монголиа” үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл нар сонирхолтой илтгэл тавьсан.   
Уламжлал болсон “Диковер Монголиа” чуулганыг 17 дахь жилдээ зохион байгуулахад УУХҮЯ, Монголын бизнесийн зөвлөл, МУУҮА хамтран ажиллав.

Э.Од