Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Нэн түрүүнд ХАБ”:  Аюулгүй ажиллагааны олон чухал зүйлсийн  нэг нь манлайлал 

Жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Нэн түрүүнд ХАБ” бага хурлын энэ удаагийн чуулган өнөөдөр “Корпорэйт Конвеншн центр”-т эхэлж байна.  “Аюулгүй байдалд манлайлах нь” уриатай тус чуулганыг нээж    мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбооны  (МОШПА) Ерөнхийлөгч Ц.Нацагдорж үг хэллээ. Тэрээр,  8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ хурлыг уул уурхайн салбарт тэргүүлэгч, ХАБ-ын асуудлыг дэлхийн түвшинд хэрэгжүүлэгч “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олонд талархлаа илэрхийлье. Өнөөдөр  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа улс орны хэмжээнд хүнд хэвээр байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгон аюулгүй ажиллагааны соёлыг эзэмших ёстой. ХАБ-ын бусад норматив бичиг баримтуудыг боловсронгуй болгож, амьдралд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, зөв тогтолцоог бий болгох нь тулгамдсан асуудал болж байна” хэмээн тодотгон хэллээ. 
 
2018 оны бага хурлыг “Ослыг харах алсын хараа” хөдөлгөөнд нэгдэх уриатайгаар зохион байгуулсан билээ. Хэдийгээр олон байгууллага уг хөдөлгөөнд нэгдсэн ч энэхүү хөдөлгөөний мөн чанарыг ойлгох, нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай аж. Ялангуяа энэ хөдөлгөөний алтан 7 зарчмын тэргүүн зорилт болох манлайлагч байхад илүү ач холбогдол өгөх ёстой гэдгийг  МОШПА-ын Ерөнхийлөгч Ц.Нацагдорж   хэлж байна. 

Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон УИХ-ын гишүүн А.Ундраа “Аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал гэдэг бол зөвхөн хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахаас гадна өдөр тутмын соёл юм” хэмээн тодотгосон. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх тодорхой зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Энэхүү зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, ХАБЭА-ын үндэсний 5 дахь хөтөлбөрийг 2017 онд баталсанаас  хойш салбарын хэмжээнд багагүй зүйлүүд хийгдсэн юм.
 Монгол Улсын хувьд нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын 86% нь 1-9 хүний бүрэлдэхүүнтэй буюу  жижиг, дунд үйлдвэрлэлийн хэлбэртэй. Гэвч  эдгээр жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа боловсруулах үйлдвэрүүдэд гарсан осол аваарын тоо сүүлийн жилүүдэд буурахгүй байна. Тиймээс салбарын яам болон бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдийн зүгээс аль болох жижиг, дунд үйлдвэрлэгч рүү хандсан ХАБ-ын үйл ажиллагааг идэвхижүүлэх шаардлага зүй ёсоор тулгарчээ. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн хяналтанд 2018 оны байдлаар 3143 хүн хамрагджээ. Хяналтад байгаа хүмүүсийн 71% нь уул уурхайн салбарт ажиллагсад аж. 

Бага хурлын зочдын нэг “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес мэндчилгээндээ “Аюулгүйн ажиллагаанд олон зүйл чухал байдгийн нэг нь манлайлал юм. Манлайлагчид тухайн байгууллагын дотоод соёлыг тодорхойлоход маш өндөр  үүрэг гүйцэтгэдэг. Улмаар байгууллагын дотоод соёл нь аюулгүй ажиллагааны орчин нөхцлийг тодорхойлдог билээ. Хүмүүсийнхээ төлөө санаа тавьдаг удирдагч л аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж ажилладаг. Үүний ач холбогдлыг эд эсээрээ мэдэрсэн байх нь чухал юм” хэмээн  дурдлаа.

Бага хурал нь эхний өдрөө   “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлого, зорилт”, “Аюулгүй байдалд манлайлах нь” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд хуралдаж, харин хоёр дахь өдөр нь  аж ахуйн нэгжүүдийн ХЭМАБ-ын сайн туршлагаас хуваалцсан хэлэлцүүлэг өрнөх юм.  

 
Г.Идэр