Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Зах зээлийн сорилтыг технологиор давах Нарийнсухайтынхан

The Mongolian Mining Journal /009/2019/

Б.Төгсбилэгт  /Өмнөговь аймаг. Гурвантэс сум. 16-18.09.2019/ 

Зэс, коксжих нүүрсний томоохон уурхай орших Өмнөговь аймгийн баруун хаяанд 2.9 га  газар нутаг бүхий Гурвантэс суманд энэ жил зуншлага сайхан болжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний экспорт улсын нийт экспортын 40%-ийг бүрдүүлж, зэсийн урд алхах болсон. Тэгвэл Гурвантэс суманд орших нүүрсний уурхайнууд улсын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг.  Хүмүүс энд өрнөх нүүрсний уурхайдыг Нарийнсухайтын бүлэг орд  гэж нэрийддэг билээ. Гэхдээ эндхийн нүүрсний компаниуд зүгээр л экспортлох хэмжээгээрээ   бус чанараараа өрсөлдөх болсныг хийж буй ажлаараа тод харуулна. Энд “Монголын алт” (МАК), “Саусгоби Сэндс” (SGS), “Өсөх зоос”, “ЧинхуаМАКНарийнсухайт”, “Терра Энержи”, “Жавхлант Орд” зэрэг компани одоогоор нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

Эндээс олборлох нүүрс Тавантолгойнх шиг өндөр чанарын коксжих   биш, зөвхөн хагас коксжих нүүрс байдаг учир  магадгүй анхаарлын төвд орохгүй үлддэг   байж мэднэ. Гэхдээ эдгээр компани нүүрсээ  ердөө 40-50 гаруй  км  хүнд даацын хатуу хучилттай замаар тээвэрлэж, Шивээхүрэн боомтоор экспортолдог  нь томоохон давуу тал болдог. Мөн нүүрсний чанараа нэмэгдүүлэхээр баяжуулах үйлдвэр шинээр байгуулж буй нь эдгээр тоглогчдын давуу талыг тод харуулж байна. Өөрөөр хэлбэл сул талаа давуу тал болгож зах зээлд байр сууриа бататгах ажил энд өрнөх ажээ.  

Гурвантэс сумын ЗДТГ-ын дарга Ц. Дэлгэрмаатай уулзаж компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар болон бусад асуудлаар тодруулга авсан юм.


Манай сум  4937 хүн амтай, 182 мянган малтай. Засаг захиргааны нэгжийн хувьд таван багтай. Нүүрсний чиглэлийн зургаан компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнд SGS, МАК, “ЧинхуаМАКНарийнсухайт”, “Өсөх зоос”, “Жавхлан орд” зэргийг нэрлэж болно. Сумын хувьд уул уурхайн эрчимтэй үйл ажиллагаатай нутаг. Иймээс таван мянган хүн энэ салбарт нэмж ажилласнаар суманд ажиллаж амьдрах хүний тоо арван мянгад хүрдэг гэсэн үг. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал бусад сумыг бодвол их өндөр байдаг. Сумын зүгээс эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах тал дээр ихээхэн анхаардаг. Аймагтаа хоёрхон байдаг рентген оношлогооны аппаратыг Орон нутаг хөгжүүлэх сангаас санхүү­жүүлж суурилуулсан. Нүүрсний компаниудын хувьд суманд нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн өргөтгөл байгуулах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бага хүүтэй зээлийн санхүүжилт олгох, тэмээ үржүүлэх чиглэлээр “Ботгонд бонус” хөтөлбөр, оюутны тэтгэлэгт хөтөлбөр зэргээр хамтарч ажилладаг. Байгаль орчин хамгаалах чиглэлд зарим компани дүйцүүлэн хамгаалалтаар хэсэг нутгийг ойжуулах, нарны станцаар ажилладаг гүний худаг гаргах замаар ан амьтдад зориулсан уст цэг байгуулах зэргээр ажил хийж байна. Гэхдээ бид цаашид компаниудтай байгаль хамгаалах чиглэлд илүү сайн хамтарч ажиллахыг зорьж байна. Говийн булаг, шандыг хамгаалах чиглэлд хийх ажлууд бий. Бид байгаль хамгааллын түвшинг илүү сайн түвшинд гаргах хэрэгтэй. 

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийг заагийг БОАЖЯ өнгөрсөн наймдугаар сард өргөтгөж баталсан. Энэ талаар Та саналаа хуваалцахгүй юу?
Энэ хэсэгт байгалийн нөөц газрын хилийн заагийг эргүүлэн өргөтгөсөн нь зөв алхам болсон. Урьд нь “Сауд гоби коал транс” компанийн тусгай зөвшөөрөл бүхий газрыг оруулалгүйгээр Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг баталсан байсан нь тус компанид зориулж гаргасан шийдвэр байсан гэж хардаг. Уг нүүрсний уурхайн дэргэд баянбүрд, гол горхи байрласан байдаг. 
Сумын иргэдийн зүгээс нүүрсний уурхайн тоо хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа тул цаашид нэмж уурхай нээж, олборлолт хийхийг дэмжихгүй байгаа. 

Суманд тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
Манай сумын хувьд цахилгаан станц, замын дэд бүтцийн хөгжил хангалтгүй хэвээр байна. Учир нь энэ бүсэд цахилгаан дотоодоос биш, гаднаас хараат байгаа нь станц барих зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Одоогоор сумыг аймгийн төвтэй холбосон зам баригдаагүй байна. 

Сумын захиргаа компаниудын үйл ажиллагаанд санал дүгнэлтээ ийн илэрхийлсэн бол Шивээхүрэн боомтын удирдлага энэ оны нүүрсний экспорт нэмэгдэх тухайд төдийлөн өөдрөг биш байна. Өнгөрсөн онд Монголын талын Шивээхүрэн боомтоор 14.1 сая тонн нүүрс экспортолсон ч энэ онд уг хэмжээнд хүрэхгүй болов уу гэж бодож байгаагаа тус боомтын Шалган нэвтрүүлэх алба хариуцсан Орлогч дарга Б.Гансүх ярилаа. Үүнд Хятадын талын битүү талбайд буулгах журам болон импортын нүүрсний чанарын шаардлагыг чангатгасан нь нөлөөлж буйг тэрбээр хэллээ. 

Шивээхүрэн боомтын тухайд 1992 онд анх байгуулагдаж байсан бол 2012 онд уурхайн компаниудын хөрөнгө оруулалтаар нүүрсний  орох,  гарах  нийт найман гарцыг ашиглалтад оруулжээ. Чухам энэ үеэр Шивээхүрэн боомтын эргэлт сайжрах гол нөхцөл бүрдсэн байна.

Шивээхүрэн боомтоор  оргил үедээ өдөрт 1500 машин гарч байсан удаатай. Одоогийн байдлаар өдөрт 500-600 машин гарч байгаа ажээ. Уг хэсгээр үндсэндээ 80-100 тонн нүүрс ачсан машинууд гардаг байна. Энэхүү Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 49.5 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг 2014 онд “Моннис” компанийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулжээ. Харин уг боомтын нүүрсний гарцыг 2012 онд МАК өөрийн хөрөнгөөр барьж байгуулсны сацуу боомтын ажилчдын байр, өндөр хурдны интернэтийн шугам гэх мэт дэд бүтцийн ажлыг барьж  өгчээ. Есдүгээр сарын дунд үеийн байдлаар Шивээхүрэн боомтын нүүрсний экспортын хэмжээ 8.9 сая тоннд хүрээд байна. Хятадын талаас энэ оноос эхлэн тоосжилтоос хамгаалсан байгууламжид импортын нүүрсийг буулгах болсонтой холбоотойгоор өнгөрсөн оны экспортын амжилтад  хүрч  чадахгүй байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл битүү талбайд буулгах болсон нь   задгай талбайд буулгаж байсан үеийнхээс илүү удааширчээ.   Одоогийн байдлаар тус боомтоор  МАК, SGS, “Өсөх зоос”, “Терра Энержи”, “ЧинхуаМАКНарийнсухайт”, “Жавхлант орд” зэрэг  зургаан компани нүүрс экспортолж байгааг тэрбээр ярилаа. 
Гэхдээ эдгээрээс МАК, SGS, “Өсөх зоос” гээд компаниуд экспортоороо бусдыгаа хошуучилж байна. Тэд экспортын хэмжээгээрээ ч, технологи нэвтрүүлэлтээрээ ч нүүрсний салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсээр байна. 


МАК-ийн Нарийнсухайтын уурхайн дарга Д.Баярсайханы мэдээлж буйгаар тус компани нүүрсний ашиглалтын таван тусгай зөвшөөрөлтэйгээр Нарийнсухайтын уурхайд нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани уг уурхайд 300 метрийн гүнд нийтдээ 560 сая тонн нүүрсний нөөц тогтоосон байна. Уурхайн олборлолтын түвшин 120 метрийн гүнд хүрсэн бөгөөд   12 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Тус уурхайн үйл ажиллагаа 2008 оны зургадугаар сард эхэлсэн бөгөөд сүүлийн 11 жилд 40 гаруй сая тонн нүүрс экспортолжээ. Энэ дундаа өнгөрсөн онд 7.2 сая тонн нүүрс экспортолж, компанийн түүхэнд дээд амжилт тогтоосон байна. Олборлолтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ 800 мянган тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай хуурай баяжуулах үйлдвэрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Элдэвийн уурхайд ашиглаж байсан үйлдвэрээ шилжүүлэн угсарчээ. Гэхдээ хуурай үйлдвэрээс гадна Монголдоо тэргүүлэх зэрэгт орох хүнд орчны технологи буюу магнетит ашигладаг нойтон баяжуулах үйлдвэрийг МАК   ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр мөн нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай. Нойтон баяжуулах үйлдвэр нь нүүрсний үнслэгийн хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулдгаараа хуурай баяжуулах үйлдвэрээс давуу талтай. Жилдээ 100 мянган шоо метр ус ашиглах бөгөөд говийн гүний усны эх үүсвэрээс бус зөвхөн уурхайн шүүрлийн ус болон үерийн усыг хуримтлуулан үйлдвэртээ ашигладгаараа байгальд ээлтэй шийдэл болжээ. Энэхүү үйлдвэрт нэг тонн нүүрс угаахад 0.1 шоо метр ус зарцуулдаг бөгөөд тус үйлдвэр ашигласан усныхаа 90%-ийг эргүүлэн хэрэглэнэ. 
Тус компани цаашид дахин нэг хуурай баяжуулах үйлдвэртэй болохоор ажиллаж байна. 1.5 сая тонны хүчин чадалтай FGX-ийн технологи бүхий үйлдвэрийн барилгын ажил 60%-тай байгаа ажээ. Мөн тус компани 2 сая тонны хүчин чадалтай тунаах аргад суурилсан баяжуулах үйлдвэрийн судалгааны ажлыг эхлүүлжээ. 

МАК ийнхүү баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад оруулж, оруулахаар төлөвлөж байгаа нь Хятадын нүүрсний чанарын шаардлага нэмэгдэж буйтай холбоотой. Түүний тайлбарлаж буйгаар Хятадын талаас өмнө нь нүүрсний импортод таван үндсэн үзүүлэлтээр шаардлага тавьдаг байсан бол энэ оноос  фтор, фосфор, хүнцэл гэх мэт химийн таван хүнд элементийн үзүүлэлтээр шаардлага нэмэгджээ.  Энэ нь нүүрс экспортлогчдод баяжуулах үйлдвэр эрчимтэй барих гол нөхцөл болж байгааг тэрбээр онцоллоо. 

Энэ онд тус компани 8 сая тонн нүүрс олборлож экспортлохоор төлөвлөж байсан ч есдүгээр сарын дунд үеийн байдлаар 3 сая тонн экспортолсон   байна. Нүүрс угаах үйлдвэр нь 65%-ийн гарцтай бөгөөд одоогийн байдлаар 500 мянган тонн нүүрс баяжуулжээ. 
МАК-ийн Нарийнсухайтын уурхайн цахилгааны хэрэглээ одоогоор 5.6 МВт байна. Цаашид цахилгааны эх үүсвэрээ нэмэгдүүлж, уурхайн машин механизмыг цахилгаан горимд шилжүүлж олборлолтын өртгөө бууруулахаар зорьж   байна. Энэ нь уурхайн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. 
Гэхдээ уурхайд аль хэдийнэ цахилгаан экскаватор, цахилгаан өрмийн машин ашиглагдаад эхэлжээ. Ингэснээр шатахуун хэрэглэх горимтой харьцуулахад багагүй зардал хэмнэх ажээ. 

Харин дараагийн уурхай болох “Саусгоби Сэндс” компанийн Овооттолгойн хувьд “Нармандах”, “Наржаргах” гэсэн хоёр хэсэгт олборлолт явагдана. Тус компани “Нармандах”-аас олборлосон нүүрсийг шууд борлуулдаг бол “Наржаргах” хэсгийн дэргэд 1.8 сая тонн хүчин чадалтай нойтон баяжуулах (тунаах аргад түшиглэсэн) үйлдвэрийг өнгөрсөн оны долдугаар сард ашиглалтад оруулсан. Учир нь энэ хэсгийн нүүрс илүү сул чанартай юм. Энэхүү үйлдвэрт “Наржаргах” хэсгээс олборлосон чанар муутай нүүрс буюу F болон WF ангиллын нүүрсийг боловсруулж А болон B ангилалд хамаарах баяжмал нүүрс үйлдвэрлэнэ. Үйлдвэрт хэрэглэсэн нийт усны 92%-ийг эргүүлэн ашигладаг бөгөөд үлдсэн хэсгийг гүний худгаас  ашигладаг байна. Гүний худгаас сэлбэх усны хэмжээ өдөрт 480 шоо метрт хүрнэ.  Компанийн Байгаль орчин, орон нутгийн харилцааны хэлтсийн дарга Д.Ариунболдын тайлбарласнаар энэ нь ус ашиглалтын боломжит хамгийн сайн хувилбар ажээ. Тэрбээр мөн компанийн хувьд уурхайн хаалтын төслийг олон улсын түвшинд боловсруулж,   дүйцүүлэн хамгаалах чиглэлээр ажиллаж  буйг тодотголоо. 


SGS компанийн Ахлах инженер Э.Энхсайханы мэдээлж буйгаар компани энэ онд 5 сая тонн нүүрс олборлож экспортлохоор зорилт тавьсан бол одоогийн байдлаар 2.5 сая тонн нүүрс экспортолж, 3.8 сая тонныг олборложээ. Тус уурхайн угаах үйлдвэрийн гарц нь 53%-тай бөгөөд үлдсэнийг завсрын бүтээгдэхүүн, хаягдал эзэлнэ. Цаашид   компани “Нармандах” уурхайн дэргэд нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар зорьж байна. 

344 сая тонноор хэмжигдэх нүүрсний нөөцтэй Овооттолгойн уурхай нь 28 жил ил аргаар ашиглагдах боломжтой ажээ. 
Овооттолгойн уурхайн “Наржаргах” хэсгээс хойхно орших Хүрэншандын уурхайг “Өсөх зоос” компани ажиллуулна. “Өсөх зоос” компанийн хувьд сүүлийн жилүүдэд Шивээхүрэн боомтоор нүүрс экспортлогч томоохон компаниудын нэг болсон юм. Тус компани   2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Энэ жил  4 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байгаа бол есдүгээр сарын дунд үеийн байдлаар 2.8 сая тонныг олборложээ. Тус уурхайд нийтдээ 42.8 сая тонны нөөц тогтоогдсон бөгөөд цаашид 8 жил ил уурхай эрхлэх боломжтой гэж компани үзэж байгаа ажээ. Улмаар ил аргаар олборлолт дуусаад далд уурхайгаар олборлолт явуулах боломжтой гэж тооцоолж байна. Одоо компани уурхайн дэргэд  1.5 сая тонн  хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулж байгаа бөгөөд ирэх оноос ашиглаж эхлэхээр төлөвлөөд байна.  

Эдгээр гурван томоохон экспортлогчдыг хэмжээгээрээ гүйцэхгүй ч хамгийн анх Нарийн­сухайтын бүлэг ордын экс­пор­­тыг хийж байсан компани бол  “Чинхуа­МАКНарийнсухайт” юм. Тус компа­нийн Ерөнхий инженер Г.Тэгшээ­гийн мэдээлж буйгаар хамтарсан компани нь анх 2002 оны есдүгээр сард байгуулагдсан байна. МАК болон БНХАУ-ын Өвөрмонголын Чинхуа группийн 50:50%-ийн хөрөнгө оруулалттай. Компани 2003 оны дөрөвдүгээр сард анх нүүрсээ экспортолсон нь Нарийнсухайтын бүлэг ордын нүүрс борлуулагдах эхлэл цэг байсан гэж хэлж болно. Тус компани өөрийн эзэмшдэг Хүрэнтолгойн уурхайгаас одоогийн байдлаар нийтдээ 16.4 сая тонн нүүрс экспортолжээ. Үйл ажиллагаа эхэлснээс хойш улсын төсөвт нийт 136.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Уурхайд анх 5.6 сая тонн нөөц тогтоож байсан бол 2008-2010 оны гүйцээх хайгуулаар 28.6 сая тонн нөөц тогтоож ЭБМЗ-өөр батлуулж, ТЭЗҮ боловсруулсан байдаг. Одоо тус компани нь нэг сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд цаашид 16-20 жил ажиллана гэж тооцоолж байна. Уурхайн нүүрс А ангилал буюу сайн чанарынх гэж тооцогддог учир Хятадын худалдан авагчид ам сайтай байдгийг тэрбээр хэлсэн юм.  Хятадын   хоёр компанитай гэрээ байгуулан уурхайн ам нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна. Энэ оны хувьд   700 мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч он гарсаар 150 мянган тонн нүүрс экспортонд гаргаад байгаа ажээ. 

Гурвантэс суманд харьяалагдах дараагийн нүүрсний уурхайн компани бол “Жавхлант Орд” юм. Тус компани Зангат-Уулын нүүрсний уурхайд олборлолт явуулдаг. Уг уурхай нь баруун, зүүн гэсэн хоёр хэсэгтэй, нийтдээ 28.6 сая тонн нүүрсний нөөцийг ЭБМЗ-өөр батлуулсан байдаг. 2019 он гарсаар нийтдээ 148 мянган тонн нүүрс экспортолжээ. Уурхайг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн замтай холбох 18 км хүнд даацын хатуу хучилттай зам тавихаар ажлаа эхлүүлжээ. Компанийн хувьд олборлолтыг 2017 оны сүүлээс эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 270 мянган тонн нүүрс экспортолсон байна. Уурхайд одоогоор 64 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол цаашид нэмж 166.5 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулахаар тооцжээ. 

Гурвантэс суманд хамаарагдахгүй ч Шивээхүрэн боомтоор нүүрсээ гаргадаг нэгэн уурхай эрхлэгч бол Австралийн хөрөнгө оруулалттай “TerraCom”-ийн охин компани “Терра Энержи” юм. Тус компанийн хувьд Ноён суманд орших Баруун ноён уулын нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Уурхай нь Даланзадгадаас 230 км, Ноён сумын төвөөс 20 км  алсад оршино. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ буурч Монголын компаниудын үйл ажиллагаа хүндхэн байх үед буюу 2014 оны наймдугаар сард “Терра Энержи” нүүрсний экспортоо эхлүүлж байсан. Нөгөөтэйгүүр тус компанийн уурхайн олборлолтын нөхцөл амаргүй. Нарийнсухайтын бүлэг ордыг бодвол нүүрсний судал нь нимгэн байдаг учир хөрс хуулалтын коэффициент өндөртэй. Гэвч компани нөөцөө багагүй нэмэгдүүлжээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл эл уурхайд анх 19 сая тонны нөөцийг   баталж байсан бол тус компани одоогийн уурхайн зэргэлдээ талбайд нэмэлт хайгуулаар мөн хэмжээний нөөцийг нэмж тогтоожээ. “Терра Энержи” компанийн уурхай нь   жилдээ 1.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Одоогийн байдлаар 750 мянган тонн нүүрс экспортлоод байна. Компани анх экспортоо эхлэхдээ “Noble” группт борлуулалтын үйл ажиллагаагаа хариуцуулж байсан бол одоо нүүрсний худалдаагаа бие дааж явуулах болжээ. Тус компанийн уурхайд “Хишиг арвин индустриал” компани оператораар ажилладаг байна. Хэдийгээр толгой компани болох “TerraCom” нь Австралийн Квийнслэндэд нүүрсний уурхайтай боловч Монгол дахь үйл ажиллагаандаа илүү төвлөрч ажилладаг байна. 

Шивээхүрэн боомт нь Гашуунсухайт боомтын дараа орох хамгийн том нүүрсний гарц билээ. Гэхдээ  Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам барих зайлшгүй шаардлагатай болсон нь одоо илүү тодорхой болж ирж байна. Учир нь Хятадын Засгийн газрын “ногоон” бодлого хэрэгжихийн хэрээр цаашид энэхүү гол зах зээл  цэвэр зарчмаар, өндөр чанарын нүүрсийг худалдан авахыг илүүд үзэх болсон. Шивээхүрэн боомтоор нүүрс экспортлогч компаниудын   томоохон тоглогчид уурхайн дэргэдээ баяжуулах үйлдвэр нэмж байгуулахаар зорьж, олборлолтын өртгөө бууруулах чиглэлд ч идэвхийлэн ажиллаж байна. Энэ хүчин чармайлт нь Нарийнсухайтад  өрсөлдөх чадвараа сайжруулах компаниудын үйл явц өрнүүн байгааг илтгэнэ.  

.