Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Д.Сумъяабазар: Оюутолгой төслийг гацаахгүй

Монголын бизнес зөвлөлөөс зохион байгуулдаг сар тутмын уулзалтад (10.17УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн илтгэл тавилаа.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг өөрчлөх туйлшрал явж байгаад би хувьдаа их харамсаж байна. Үндсэн хуулийн заалтаас хамаарч Монгол Улсын хөгжил удааширсан зүйл байхгүй. Бид бусад хуулиа муу боловсруулж гаргаснаас нийгмийн дунд бухимдал үүсч, гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг алдсан, эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадахгүй нөхцөл байдалд орсон. Эргээд энэ алдаандаа Үндсэн хуулийг буруутгаж байгаа нь дэндүү харалган явдал юм. Тиймээс Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг оролдож болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Одоо ч тэр байр сууриндаа хатуу байгаа.

Төрийн өмчийн компани анх удаа олон улсын зах зээл дээр хөрөнгө босгож, IPO  гаргах ажил хэрэгжээд явж байна. Банк, хууль, санхүү, маркетингийн зөвлөхөө сонгосон ба бүх зөвлөх ажилдаа орсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гарснаар төрийн өмчит компанийн засаглал, дагаад ил тод байдал, шилэн данс сайжирна гэдэг бол шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчнээр баг бүрдүүлэх үүд хаалга нээгдэнэ.

Төмөр зам болоод нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын санхүүжилтийн тодорхой хэсэг, уурхайн хүчин чадлыг тэлэх гэх мэт хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа. Жишээ нь 2020 онд Тавантолгой уурхайгаас 30 сая тонн нүүрс олборлох ёстой.

Тавантолгой-Ханги чиглэлийн авто замын төсөлд 520 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтын ажлыг Хятадын Концесст багтсан компаниудтай хийж эхлээд байгаа. Тус замыг нэг жилийн хугацаанд барина. Энэ нь олон улсын стандартад нийцсэн авто зам байх ба жилд 20 сая тонн нүүрс экспортлох бэлтгэл ажлаа хангаж байна. Тэгэхээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүнд даацын машин механизм хэрэгтэй болно. Үүнд 780 сая ам.долларын хөрөнгө оруулаад явж байгаа.

Хятадын зах зээлд Монголын коксжих нүүрс гол тоглогч байх ёстой. Тус улсын хойд болон зүүн хойд нутгийн үйлдвэрлэлийн бүсэд нүүрсээ нийлүүлэх хэрэгтэй. Тиймээс Монгол Улс зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүднээс төмөр зам, дэд бүтцийн асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухайд, эхний ээлжинд шаардлагатай 110 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компани хийж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Ойролцоогоор 24 сарын хугацаанд төмөр замын барилгын ажил дуусна гэж тооцож байна.

Монгол Улсад Энэтхэг улсын Газрын тосны сайд айлчлахдаа 30 сая тонн коксжих нүүрс импортлох хүсэлт тависан. Тэгэхээр Хятад жилд  800 сая тонн, Энэтхэг 2030 он гэхэд 300 сая тонн ган үйлдвэрлэдэг болно.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Хөрөнгө оруулагчид төслийг анхааралтай ажиглаж байна. Оюутолгой төслийн тухайд гарц бүрэн бий. Энэ төсөл гацахгүй. Тийм учраас эрчим хүчний шийдлүүд, зээлийн санхүүжилтийн  эх үүсвэрийг талууд хоорондоо ярилцаад шийднэ. Татварын асуудал, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн эх үүсвэрийн  шийдэл, Дубайн гэрээг хэрхэн засч сайжруулах талаар гаргалгаатай байгаа. Мэдээж, асуудлыг УИХ-ын түвшинд шийднэ. УИХ-ын Байнгын хорооноос дүгнэлт гарч Засгийн газарт үүрэг чиглэл өгснөөр хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Гэхдээ энэ үйл явцыг удааж болохгүй. Цахилгаан станцын төсөлд хугацаа алдаж байна. Бүтэн жил боллоо. Энэ асуудлыг хариуцаж байгаа эрчим хүчний салбарынхан үүнийг бодох ёстой асуудал. Засгийн газрын гишүүдийн дунд Оюутолгой төслийг гацаах сонирхол байхгүй. Ойрын хугацаанд шийдвэрүүд гарч, төсөл амжилттай хэрэгжих боломжтой гэж харж байна.

Оюутолгой ч, ялгаагүй гадаадын хөрөнгө оруулалттай бусад төсөлд ч Монголын тал хүндэтгэлтэй хандах ёстой гэж боддог. Төслүүдийг дагаад мянга мянган ажлын байр бий болж байна. Эдийн засаг, төсөв, татвараар дамжуулж уул уурхайн өгөөжийг Монголын ард түмэн хүртдэг. Орон нутгийн дэмжлэг, ханган нийлүүлэлтээс ч хүртэж байна. Тиймээс Оюутолгой төслөөс өгөөж хүртэхгүй байна гэдэг нь “популистууд”-ын яриа, нийгэм мэдээлэлгүй байгаагаас үүдэж байгаа юм.

Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд илэрцтэй 10 мянга гаруй талбай, том жижиг 2600 орчим ордыг Монгол Улсын үе үеийн геологичид нээн илрүүлжээ. Одоо манай улс Үндэсний геологийн албатай болж байна. 1990 оноос хойш улсын геологийн нэгдсэн байгууллагыг тарааснаас геологи, хайгуулын салбарын бүх ой санамж алдагдсан. Энэ ой санамжийг эргүүлэн бий болгохын тулд Үндэсний геологийн албыг байгуулж, эрдсийн төрөл бүрт төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох юм.

Өнөөдөр Монгол Улс 1 тэрбум 236 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Монголын өмнөд болон зүүн бүс нутаг, Дорноговь аймагт газрын тосны нөөц өсөх ирээдүй бий” гэлээ.  

Энэ удаагийн уулзалтад мөн УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр, МУУҮА-ийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн, АМЕ– 2 хөтөлбөрийн тэргүүн Кирстен Ливермор, MICC-ийн захирал Д.Ачит-Эрдэнэ, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн Тэргүүн дэд захирал Н.Мандуул, Эдийн засагч Ч. Отгочулуу, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жяан Паскал Нганоу нар хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцсон юм. Эдийн засаг өөдрөг байгаа ч уул уурхайн салбарын ерөнхий нөхцөл байдал сайнгүй. Цаашид төр засгийн зүгээс төсвийн бодлогоо үргэлжлүүлэн сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа. Эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд 5% буюу түүнээс дээгүүр түвшинд хадгалагдах ч амаргүй байх болно гэдгийг анхааруулав. Мөн цаашид хайгуулын тусгай  зөвшөөрөл олголтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байгааг тэмдэглэлээ.

 

Б.Төгс