Г.Идэрхангай
”Ус авчрах” гэж говийнхон ярьдаг. Алсын зайнаас ус дамжуулан татах аварга төслийг тэд нутгийнхаа хэллэгээр энгийн хэрнээ даруухнаар илэрхийлсэн нь энэ. Говийнхон ус ирэхийг хүлээж байна. Нэг талаас уул уурхайн үйлдвэрлэл хүч түрэн эрчимжиж, нөгөө талдаа гүний усны нөөц жил ирэх бүр багассаар буй өнөө цаг говийн зон олны сэтгэлийг улам ч эмзэглүүлжээ. Товчхондоо уул уурхайн үйлдвэрлэлийг нутгийн ард үгүйсгээгүй ч усаа хайрлан гамнах, хойч үедээ үлдээх үүрэг хариуцлагаа тодоор илэрхийлдэг болсоор олон жилийг ардаа орхижээ. 2025 оноос говь нутаг усны хомсдолд орно гэдгийг эрдэмтэд сануулдаг. 2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөсөө давж хэтэрнэ гэсэн судалгаа ч бий. Тиймээс одооноос устай холбоотой бүх асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, зөв бодлого явуулах ёстой гэсэн ганцхан байр суурин дээр нийгмийн бүх тал тогтож байна.
“Усны засаглал” гэх цоо шинэ нэршил, бодлогын нэгдмэл чанар бүхий ойлголт хүчтэй орж ирж байна. Төрөөс усны чиглэлээр чамгүй олон бодлого, зорилт дэвшүүлж ирсэн. Гагцхүү хэрэгжилт, үр дүн нь хаана байна вэ гээд асуухаар хэн ч бүрэн дүүрэн хариулт өгч чаддаггүй. “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Ус” үндэсний хөтөлбөр, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого-2030”, орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын Бүсчилсэн хөгжлийн бодлогууд гээд дурдвал хангалттай. Тооны олноос чанар гэгчээр эдгээр баримт бичиг, хууль тогтоомжуудын уялдаа холбоо сул, хийдэл давхардал ихтэй заалтууд усны бодлогыг урагшлуулах биш ухрааж, бас гацааж байгаа. Цаашлаад усны асуудал бүр дээр өөр өөрийн гэсэн амбицтай, бодлого нь хоорондоо эвлэлддэггүй төрийн болон төрийн бус байгууллагуудын дуу хоолой нийгмийг чирэгдүүлж байна.
Үүний нэг жишээ гэвэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ажил өнөө л усны хэрэглээн дээр очоод гацсан. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ үйлдвэрийн төслийн талаар лавтай, бодитой туссан зүйл харагдсангүй. Эрчимтэй явсан энэ ажил усан хангамжаас л болов уу гэж зарим судлаачид харж байна. Монголчуудын олон жилийн мөрөөдөл байршаа сольж явсаар ийнхүү замхрах вий. “Оюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэр (өдгөө жилдээ 918 л/с ус хэрэглэж байна) далд уурхай ажиллахын цагт 1200 л/с ус ашиглана гэсэн судалгааг мэргэжилтнүүд хийж байна. Эдүгээ “Энержи Ресурс” жилдээ 210 гаруй л/с ус хэрэглэж байгаа бол мөдхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Нүүрс баяжуулах аварга үйлдвэр ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ээ батлаад байна. Араас нь хэрэгжих том төслүүд мэдээж бий.
Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл усны асуудлыг засаглалын нэг хэлбэрт оруулж, хяналтын тогтолцоог бий болгох зорилгоор Засгийн газрын бүтэц дотор Усны газрыг шинээр байгуулан ажиллаж эхэлсэн. Тэгэхээр төслүүд хэрхэн хэрэгжсэнээр Усны газрын ажлын үр дүн харагдах юм. Тав, арван жилийн дараа гадаргын усаа говь руу урсгаж, гүний усны нөөцөө хамгаалж чадахгүй энэ хэвээр байвал усаа засаглаж чадаагүй юм байна гэсэн дүгнэлтэд олон нийт хүрнэ. Ямартаа ч одоо хэр ТЭЗҮ нь бэлэн болж батлагдаагүй “Орхон говь”, “Хэрлэн говь” зэрэг гадаргын ус ашиглах бүх төслийг нэгтгэн “Хөх морь” нэртэй болгож, нэг бодлогод зангидаж эхэлж байгаа нь сайн алхам. Тус тусдаа амбицтай, нийлж нэгдэж чаддаггүй, урт удаан настай том жижиг төслүүдийг төрийн бодлогоор нэг тогоонд оруулж хянах боломжтой болж байх шиг байна.
Усны засаглалыг бий болгохын тулд эхлээд хуульд өөрчлөлт оруулж тусгайлсан Ажлын хэсэг байгуулан нэн яаралтай арга хэмжээ авч ажиллах, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхийг Төрийн тэргүүн холбогдох албаны хүмүүст даалгажээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Усны тухай хуулийн 9.1-д “Усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны Үндэсний Зөвлөл байна” гэсэн заалт бий. Усны үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх учиртай. Энэ зөвлөлийн өнөөдрийн дэвшүүлж байгаа бодлого чиглэл гадаргын усыг ашиглах ёстой гэдэг дээр хүчтэй байр суурьтай ажиллаж байгаа нь анзаарагддаг. Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа гадаргын болон гүний усны нөөцөөс гадна газар тариалангийн гол бүс нутаг ирэх жилүүдэд нэлээд хуурайшиж, тариалангийн талбайнууд өмнөхөөсөө ч хумигдана гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Үндэсний статистикийн хороо Монгол Улсын хүн амыг 2030 онд 3.5 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Өсөлтийн хурд энэ чигээр байвал 2050-аад онд хүн амын тоо 6 саяд хүрэх бололтой. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өмнө тавигдаж байгаа нэг асуудал бол газар тариалангаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт илүүтэй төвлөрч байна. Ямартаа ч өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Усны тухай хуульдаа өөрчлөлт оруулснаар усны салбарыг зохицуулах бодлогын тулгуур бичиг баримтууд гарч ирэх юм. Концепцын яг ямар өөрчлөлт хийх гэж байгаа нь одоогоор тодорхой бус.
Говийн бүсийн стратегийн ашигт малтмалын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Усны тухай хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд ихээхэн түлхэц болсон нь үнэн. Түүний хүчинд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, том төслүүд хөдөлж эхэлсэн. Гэхдээ ус бол салбарын дундыг зохицуулсан маш нарийн сэдэв учраас одоогийнх шиг хоёр хуулиар зохицуулаад усны засаглалаа тогтооно гэвэл бүтэхгүй. Нэг хуулиар нэг шугамаар хэрэгжүүлэх ёстой. Зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт нь шийдэгдлээ гэхэд улс төрийн хариуцлагатай шийдвэрүүд нэг утгаар хурдтай гарч байх шаардлагатай. “Хөх морь” төсөл гэхэд маш их хугацаа, төсөв хөрөнгө шаардана. Тэр болгонд салбар хариуцсан яам хоорондын ажлын уялдаа холбоо, хурд хүч хэрэгтэй. Орон нутаг нь гүний усаа уул уурхайд ашиглуулахгүй гэсэн тогтоол шийдвэр гаргаад хэдхэн сар болж байхад нь Засаг хүчээр хүчингүй болгодог өнөөдрийн тогтолцоогоор явбал усны салбарт олон хүндрэл гарсаар байх болно. Гол нь Монголын онцлогт тохирсон, салбарын хэмжээнд томоохон шинэчлэл хийсэн усны засаглалыг Үндэсний аюулгүй байдлын түвшинд хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр талууд санал нэгдэж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ажлууд өрнөж эхэллээ.