“Discover Mongolia-2020” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган 18 дахь жилдээ болж байна. Энэ удаагийн хурал нь цар тахлын хүнд үеийг хэрхэн даван туулах тухайд чиглэж буйгаараа онцлог болж байна.
Хурлын эхний илтгэгч Монгол дахь Америкийн худалдааны танхимын дэд дарга Н.Мөнхнасан “Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал” сэдэвт илтгэлдээ “Хөрөнгө оруулалтын 70-80%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж, энэ дотроо БНХАУ болон Канад улсын хөрөнгө оруулалт давамгайлж байгааг онцоллоо. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчны уялдаа холбоо дутмаг, боловсон хүчний чадавх сул байгааг нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй” гэв.
Хурлын эхний хэлэлцүүлэг “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь: Хуулийн томоохон өөрчлөлтүүд ба ил тод байдал” сэдвээр өрнөлөө. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд уул уурхайн боловсрол олгох чиглэлд идэвхтэй ажиллах болно. Мөн УИХ-ын намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барина” гэдгээ илэрхийллээ. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр салбарын хуулиудын уялдаа холбоог сайжруулж, давхардал, хийдлийг нэг мөр шийдвэрлэж, эргээд хөрөнгө оруулагч нарт таатай орчин бүрдэнэ гэж сайд үзэж байна.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт зогссон байгааг үргэлжлүүлэх хэрэгтэй, олборлолт болон үйлдвэрлэлээс олж байгаа ашгийг тэгш хуваарилахад гол анхаарлаа хандуулах нь зүйтэй. Уул уурхайн салбар бол манай эдийн засгийн гол суурь гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Цар тахлын хүнд нөхцлийг уул уурхайн салбарын ачаар харьцангуй хөнгөн даван туулж байна” гэж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр мөн ойрын хугацаанд Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан түр хороо байгуулагдана гэдгийг хурлын үеэр танилцууллаа. Манай улсын хувьд гадаад худалдааны хууль байхгүй цөөн улсын тоонд орж буйг тэрбээр мөн шүүмжилсэн. Уг түр хороо байгуулагдсанаар төр засгийн зүгээс гадаадын хөрөнгө оруулагч нартай “нэг цонх”-ны зарчмаар харилцах нөхцөл бүрдэнэ гэж тэрбээр харж байна.
“Discover Mongolia” чуулганы эхний хэлэлцүүлгийн дараа “Хариуцлагатай уул уурхай нь эдийн засгийн сэргэлтийн гол хөдөлгүүр” хуралдаанаар үргэлжиллээ. “Уул уурхай ба оюун ухаан” сэдвээр Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану илтгэл тавьж, эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах чиглэлд анхаарах чухал санаануудыг дэвшүүлсэн.
Дараа нь “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа илтгэл тавилаа. Тэрбээр “Манай компанийн ашигтай ажиллагаа сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн оны байдлаар манай компанийн балансын хөрөнгө 5.78 тэрбум ам.долларт хүрснийг олон улсын хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон. “Эрдэнэс Монгол” компанид саяхан Засгийн газар алтны чиглэлийн 6 төслийг бүрэн хариуцуулахаар шилжүүлсэн. Энэ дунд 34.5 тонны таамаг нөөцтэй Хүрэнцав, 53 тонны таамаг нөөцтэй Овоот хяр төсөл багтаж байна” гэж тэрбээр дэлгэлээ. Тус компани нь одоогоор стратегийн таван ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй бөгөөд зэс, нүүрс, уран, байгалийн хий, үнэт метал, дэд бүтцийн чиглэлд үндсэн үйл ажиллагаа нь төвлөрч байна.
Мөн “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Цар тахал эдийн засагт хүндээр нөлөөлж байгаа ч төслийн үйл ажиллагааг цаг алдалгүй хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч, түүнд чиглэсэн арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй. Бизнесээ хэвийн үргэлжлүүлэхэд аюулгүй байдал хамгийн чухал байдаг. Өнөөгийн нөхцөл байдалд ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал юм” гэдгийг тодотгов.
Оюутолгой төслийн шугамаар сүүлийн 10 жилд нийт 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол руу хийгдсэн бөгөөд өнгөрсөн онд “Оюутолгой” компани улсад 350 сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлсэн тухай “Рио Тинто Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Даниел Воррал дуулгалаа.
Хурлын сонирхолтой илтгэлүүд “Делоитт Онч” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэнгийн “Ковид-19 цар тахлын дараагаар өсөн дэвжих нь: Уул уурхай, олборлолт болон холбогдох салбаруудын хөгжлийн хувилбарууд” илтгэлээр үргэлжилсэн. Мөн “Монголын бизнесийн зөвлөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан “Нийгэмд өгөөжтэй уул уурхайн үйлдвэрүүдийн загвар боловсруулах хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл таницууллаа.
Энэ онд алтны салбар эдийн засгийн хүнд үед ихээхэн тус дэм болж байгааг хүн бүр мэднэ. Тэгвэл “Discover Mongolia 2020” алтны салбарыг онцолж байна. “Алт: Төгрөгийг дэмжих нь” хуралдаан алтны салбарт төвлөрөв. Хуралдааны эхэнд Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Д.Бадрал “Уул уурхайн салбарт Голомт банкнаас 1 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний 45%-ийг "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл эзэлж байна. Голомт банк нь алт худалдан авч Монголбанкинд тушаах, мөн алтны хайгуул, олборлолтын компаниудад зээл олгох үндсэн хоёр чиглэлээр ажиллаж байна” гэв. Мөн тэрбээр алтны салбар энэ онд төгрөгийн ханшийн дарамтыг бууруулахад гол үүрэгтэй байсныг онцлов.
Энэ үеэр мөн Баянхонгор аймагт алтны төсөл хэрэгжүүлж буй “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Дэд ерөнхийлөгч А.Билгүүн “Өндөр агуулга бүхий шинэ алтны дүүргийг хөгжүүлэх” сэдвээр илтгэл тавьсан. Тус компани анх 115 хайгуулын лиценз авч хайгуул хийсний дүнд 110-ыг төрд буцааж, одоогоор 5 лицензэд төвлөрөн ажиллаж байна. Энэ дундаас “Баян хөндий” ордын алтны үйлдвэрлэлийг 2022 оны эхний улиралд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус орд нь 624 мянган унц буюу 16 тонн алтны нөөцтэй бөгөөд нийт хөрөнгө оруулалтын зардал нь 59 сая ам.доллараар илэрхийлэгдэж байгаа нь харьцангуй бага зардалтайд тооцогдоно. Уг ордын үйл ажиллагааны ус зарцуулалт нь 6 литр/сек гэдэг нь дэлхийн ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад даруй 15 дахин бага болохыг тэрбээр онцоллоо. Мөн уурхай, үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээний багагүй хэсгийг нарны эх үүсвэрээр шийдвэрлэх тухай дуулгасан нь сонирхол татлаа. “Эрдэнэ Ресурс Девелопмент” нь Монголын хөрөнгийн бирж болон Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй анхны компани юм.
Түүний дараа Алтан цагаан овоо төслийн олборлолтоо эхлээд буй “Степ голд” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “Үндэсний тэргүүлэх үнэт металл үйлдвэрлэгч” сэдвээр илтгэл тавьсан. Тус компани алтны үйлдвэрлэлээ гуравдугаар сард эхлүүлж, анхны борлуулалтаа тавдугаар сарын 11-нд Монголбанктай хийсэн байна. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар 15 мянга орчим унц алт олборлож борлуулсан үр дүнтэй ажиллажээ. Уг төсөл нь хоёр үе шаттай бөгөөд эхний шат нь жилд 60 мянган унц алт олборлох хүчин чадалтай бол хоёрдугаар үе шат нь ашиглалтад орсноор жилд 150 мянган унц алт үйлдвэрлэх боломжтой болох юм. Тус компани 2018 онд Торонтогийн хөрөнгийн биржид IPO хийж , олон улсын хөрөнгийн зах зээлд 25 сая канад доллар амжилттай босгож байсан.
“Discover Mongolia” чуулган “Монгол улсын худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” , “Тусгай зөвшөөрөл ба Орон нутгийн харилцаа” хуралдаанаар үргэлжилж байна.
Л. Номинцэцэг