Жил бүр зохион байгуулагддаг “Нэн түрүүнд ХАБ” бага хурал энэ жил “Ковид-19 ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд” уриан дор ШУТИС-ийн хурлын танхим цахим хэлбэрээр болж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус бага хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн талаарх шинэлэг мэдээллүүд, ХАБ-ын хүрээнд шийдвэрлэж байгаа тэргүүн туршлагаас суралцах, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд чиглэж буйгаараа онцлог хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Завхан, Архангай, Баян-Өлгий аймгуудын ХАБЭА хариуцсан албаны хүмүүс цахимаар холбогдон мэдээлэл солилцож байна. Энэ удаагийн хурлыг МОШПА /Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо/, ШУТИС, МҮЭ-ийн холбоо болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.
Бага хурлын нээлтэд МОШПА-гийн Ерөнхийлөгч Ц.Нацагдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮЭХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр халдваргүйн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах орлоготой байх нөхцлийг бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн. Мөн олон улсад “VISION ZERO” буюу ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ХАБЭА-н бодлого хэрэгжилт, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн өнөөгийн байдал, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо бодлого зэрэг сэдвийг хурлаар хөндөн хэлэлцэж байна. Бага хурлын хоёр дахь өдрийн хуралдаанаар ХАБЭА-н ажил олгогчдын манлайлал, “Ковид 19 ба аюулгүй ажиллагаа манлайлал” илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжлэх юм.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн эрх зүйн орчин, хяналтын тогтолцоо, аж ахуйн нэгж байгууллагуудын тэргүүн туршлага, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн түншлэгч байгууллагуудын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хууль, эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгоход санал, зөвлөмж гаргах юм.
Г.Идэр