Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Далд уурхай дахь монгол чадвар

Э.Оджаргал /Оюутолгойн далд уурхай. 2020.11.09/ 


Хүн төрөлхтөн бүрэлдэхээс сая сая жилийн тэртээ үл төсөөлөм орчин оршин байсныг гэрчлэх үлэг гүрвэлийн олдвор, ул мөрийг өнөөг хүртэл хадгалж ирсэн Өмнийн говь нутаг цаанаа л нууцлаг, ертөнцийн сонин орон зай гэмээр. Говийн уудам талд тэнгэр газрыг зааглан сунайх Ханбогд хайрханаас арван бээрийн газарт бас нэгэн гайхам тогтоц буй нь Оюутолгой орд. Тэрхүү баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйлдвэрлэлийн суурин тусгай зөвшөөрлийн 9х10км талбайд цогцлон байна.

Зөвлөлтийн геологич  зэсийн илэрцтэй хэмээн геологийн зураглалд анх тэмдэглэснээс хойш тухайн газар нарийн судлагдаагүй 1990 он хүрчээ. Тэр цагаас судалгааны ажил идэвхтэй явуулснаар орд нээсэн түүхийг Т.Мөнхбат геологич өгүүлнэ. Оюутолгой ордыг нээсэн анхны геологичдын нэг энэ эрхмээр ордын үүх түүх, төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг тайлбарлуулах завшаан энэ удаагийн томилолтоор тохиосонд олзуурхаж явлаа. Түүний ярьснаар, гадаргуу дээр ямар нэгэн байдлаар зэс, алтны илрэл үгүй. Газраас доош 20м, зарим хэсэгтээ 80м зузаантай шаврын үеийг нэвтлэх хайгуулын багаж гэж байхгүй. Тухайн үед чамгүй хугацаа зарцуулан олон улсын геологичдын баг зөв технологи ашиглан, электродуудыг оновчтой байршуулж газрын гүнд тусгай кабелаар 10 мянган кВ цахилгаан дамжуулснаар чулуулгуудын гажилтыг мэдэрсэн байна. Тэр үндсэн дээр ил уурхайгаас хойд чиглэлд ихээхэн зардлаар өрөмдлөг хийж зэсийн өндөр агуулгатай хүдрийн биетийг 1300м гүнд илрүүлжээ. Хойшоо шурган гүн рүү орших тогтоцтой тэрхүү хүдрийн биет нь Оюутолгойн бүлэг ордод багтах Хюго Даммет орд юм. Аварга хүдрийн биетийн гадаргууд хамгийн ойр хэсгээс эхэлж олборлохоор бэлтгэж байгаа нь далд уурхайн өнөөгийн бүтээн байгуулалт билээ.  

2015 онд далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсанаар бүтээн байгуулалт эхэлсэн юм. Өнгөрсөн жилийн өдийд ашиглалтад орсон “Чандмань” төвөөс далд уурхайд явагдаж байгаа барилга, малталтын бүх үйл ажиллагааг удирдаж, уурхайчид болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хянаж байна. 

Сэтгүүлчдийн баг аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцан далд уурхайн зориулалтын иж бүрэн хувцас, хэрэгслээр хангагдаж 1300м гүн рүү ороход бэлэн болов.  Газрын гүнд зорчих явцад галын аюул, чулуулаг нурах, цахилгаан тасарснаас агааржуулалт дутагдах, хөнөгийн тээвэр доголдох, орчны агаарын даралтын улмаас бие тавгүйрхэх зэрэг түгээмэл тохиолдож болзошгүй эрсдэлүүдийг анхаарууллаа. Далд уурхай руу буухаар хөнөг (цахилгаан шат, өргүүр) хүртэл явах замд ханан дээр Монгол орны онцлог, ёс заншлыг дүрслэн зурсан нь гоёмсог, басхүү чамин юм. Контемпорари чиглэлээр туурвигч С.Заяасайхан зураачийн бүтээл аж.

Газрын гадаргууг далд уурхайтай холбох гол гарц бол “Босоо ам-2”. Одоогоор “Босоо ам 1, 2, 5” гэсэн гурван гарцаар бүтээн байгуулалтын өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байгаа бол “Босоо ам 3, 4” болон “Налуу ам”-ыг барьж байна. Хамгийн гүнзгийд тооцогдох “Босоо ам 2“ нь тэнгэр баганадан 96м өндөр сүндэрлэнэ. Газрын 1500м гүн рүү “шунгах” энэ нүсэр байгууламж нь гүний уурхайгаас хүдрийг газрын гадаргууд гаргаж Баяжуулах үйлдвэрийг хангах зориулалттай. Үүгээр хаягдал чулуулаг, бусад материал, техникээс гадна хүн тээвэрлэнэ. Хоёр хэсэг хөнөгийн нэг нь 300 хүний багтаамжтай бол нөгөөхөөр өдөрт 90 мянган тонн чулуулаг зөөвөрлөх хүчин чадалтай. Бид “Босоо ам 2”-оор далд уурхай руу орсон юм. 

...Бүгчим, нүргэлсэн их дуу чимээтэй орчин угтав. Жижиг оврын автобусанд тухлан далд уурхайтай танилцах 3 цагийн аялалд гарлаа. Өдөр шөнөөс үл хамааран ажил тасралтгүй явагдаж байна. Хонгилоор үлэмж техникууд нааш цааш завсаргүй холхин энд ч малтаж, тэнд ч дуут дохио хангинуулан төсөөлснөөс хөл хөдөлгөөн ч  их юм. Далд уурхайд одоогоор 300 орчим техникийг ашиглаж байгаа гэнэ. Сэтгүүлчдийн автобус гуравдугаар давхрын хонгил руу явах замд 20 гаруй минут түгжрэлд саатав. Уурхайн бүтээн байгуулалтын энэ үед олон тооны техник машин ажиллаж Улаанбаатартай адил замын түгжрэл үүсэх болсон нь тэр. 

Далд уурхайд сүлжсэн олон салаа хонгилуудаас бүрдэх таван түвшний (5 давхар) нарийн инженерчлэлтэй байгууламжийг хүдрийн биет рүү нэвтрэн байгуулж байна. Ингэж гүний хүдрийн биетийг доороос нь нурааж блокчлон олборлох юм. Инженерингийн зураг төслийг Австралийн “Jacobs” компани гардан хийжээ. Чили улсад 100 жил ажилласан хамгийн гүний том уурхайнууд, уул уурхайн компаниуд төвлөрдөг тэрхүү бааз суурийг түшиглэн тус компани Чили, Австрали дахь оффисоороо дамжуулан Оюутолгойн далд уурхайн зураг төслийг боловсруулжээ.

Давхар бүрт хөндлөн хонгилуудыг малтах ажил ид явагдаж байна. Нийт хонгилуудын урт 200км байх юм. 110км хүрч анхны хүдрийг олборлож эхэлнэ.  Хонгилыг малтахдаа эхлээд өрмийн машинаар хэд хэдэн цэгт өрөмдөж, дараа нь тэсэлгээ хийж сул шороог тээвэрлэн газрын гадаргууд гаргана. Хөндийлсөн тэрхүү хонгилд кабель татан агааржуулалт өгнө. Шороон ханыг ялтастай цементээр шүршиж, торлож бэхэлнэ гээд тодорхой шат дамжлагатай юм. Ингэж хонгилын замаас бусад хэсгийг бэхжүүлж 3м зузаантай даацын хана босгоно. Хонгилыг 6м орчим малтаж, ханыг бэхжүүлэхэд 2-3 өдрийг зарцуулдаг байна. Ажлыг бодитоор харж зогсохдоо малталтын ахицын талаарх компанийн мэдээллийг төдийлөн ойшоодоггүй байснаа санаж, асар хүнд энэ ажил мм-ийн нарийвчлалтай урагшилна гэдэг ямар чухал болохыг ойлгосон билээ. Далд уурхайн гол нэвтрэлтүүд, малталтын ажлыг Монгол, Канадын хамтарсан “Даян Контракт Майнинг” компани нугалж байна. 

Далд уурхайгаас олборлосон хүдрийг туузан дамжуулагчаар (конвейер) газрын гадаргууд Баяжуулах үйлдвэр рүү хүргэнэ. Газрын 395м гүнээс өдөрт 95 мянган тонн хүдэр тээвэрлэх туузан дамжуулагчийг “Эм Си Эс  констракшн” компани суурилуулж байна. Нийт 10км үргэлжлэх туузан дамжуулагчийн үйл ажиллагаа доголдож, тасалдах эрсдэлийг тооцож зэрэгцээ нөөц дамжуулагчийг мөн байгуулах аж. Тэгвэл далд уурхайг хос туузан дамжуулагчаар Баяжуулах үйлдвэртэй холбох “Налуу ам”-ыг хоёр талаас нэгэн зэрэг угтуулан малтаж байна. Хоорондоо холбогдоход 1.8км үлджээ. 2021 оны эхний хагаст малталтыг дуусгах “Налуу ам”-ны ажлыг Монголын “Хишиг Арвин”,  Австралийн “Тийс” компаниуд хамтран гүйцэтгэж байгаа юм.

Өдгөө далд уурхайн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай өрнөж байна. Далд уурхайг  ашиглалтад  оруулахад  нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж анх тооцоолсон ч 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдсэн талаар “Рио Тинто” группээс (2019.07.16) мэдэгдсэн билээ. Улмаар ашиглалтад орох хугацаа 16-20 сараар хойшлохоор болсон юм. Бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах Тусгай хороог байгуулахаар ТУЗ-өөс (2020.11.30) шийдвэрлэлээ. Гүний хүдрийн анхны тэсэлгээг хийхэд Монголын Засгийн газар болон төсөл хэрэгжүүлэгч “Рио Тинто” групп нэгдмэл, тодорхой шийдэлд хүрсэн байх ёстой. Олон улсын банкуудаас авсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл учир үйл ажиллагаа хойшлох тусам асар их алдагдал аль аль тал хүлээх эрсдэлтэй.

Хуваарийн дагуу 2021 оны гуравдугаар сард гүний хүдрийн анхны тэсэлгээг хийхээр төлөвлөжээ. Тухайн оны хоёрдугаар хагас гэхэд Баяжуулах үйлдвэрийг хүдрээр тогтмол хангах хэмжээнд хүрнэ. 2023 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтвортой ажиллагаанд шилжиж, ашиглалтад орох төлөвтэйг геологич Т.Мөнхбат хэлж байна. Бүрэн хүчин чадалдаа хүрч өдөрт 95 мянган тонн хүдэр гүний уурхайгаас олборлох үеэс Баяжуулах үйлдвэрт хүдрийн 5-10%-ийг ил уурхайгаас хангана. Олборлолт буурснаар ил уурхайн ашиглалтын хугацаа 35-40 жил болж уртсах аж. Далд уурхайгаас 20 жилийн хугацаанд нийт 440 сая тонн хүдэр олборлож 2043 онд олборлолтын үйл ажиллагаа дуусна. Үүнээс 7 жилийн дараа ил уурхайн олборлолт өндөрлөнө. Тэгэхээр 2051 он хүртэл хэрэгжих өнөөгийн төсөлд зөвхөн Оюут ил уурхай болон далд уурхайн “Хюго Дамметын хойд бүсийн давхарга 1” хамаарч байгаа юм. Энэ үе шатнаас л Монголын Засгийн газар, “Рио Тинто” групп хувь ашиг хүртэнэ гэсэн үг. Дараа дараагийн үе шатуудад шинээр хөрөнгө оруулалт яригдана. Өөрөөр хэлбэл, бусад ордыг ашиглах эсэх нь  талуудын тохиролцооноос хамаарна. 

Зэс, алт, мөнгөний нөөцтэй Оюутолгой нь Хюго Даммет, Өмнөд Оюу (Оюут), Херуга   ордуудаас бүрддэг. Бүлэг ордоор нь ашиглах хугацаа 94 жил гэсэн тооцоо бий. Ордуудын ашиглалтыг ерөнхийд нь хэд хэдэн үе шатанд хувааж ойлгох учиртай. Долоон жилийн өмнөөс Оюут ордыг ил уурхайгаар олборлож эхэлснээр Оюутолгойн үйлдвэрлэл манай улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж ирсэн. Удахгүй Хюго Даммет ордын хойд бүсийг далд уурхайгаар олборлохоор бүтээн байгуулалт өдгөө өрнөж байна. Тус ордын өмнөд бүсийг 25-27 жилийн дараа олборлохоор нарийн судалгааны ажлууд эхэлжээ. Харин Херуга ордыг ойролцоогоор 40-45 жилийн дараа олборлох төлөвлөгөө буй.

Эдүгээ Монгол Улсад орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80% нь дан ганц Оюутолгой төсөлд хамааралтай. Тэр дундаа   ам.долларын  орлогын урсгалын 90% нь гүний уурхайтай холбоотой санхүүжилт, хөрөнгө оруулалт гэхээр манай улсын эдийн засагт асар чухал төсөл болохыг илтгэнэ. Оюутолгойгоос 2010-2020 оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.долларын татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Одоо улс төрийн түвшинд, компанийн хувьд ч далд уурхайн ашиглалтын  тун хариуцлагатай үе ирж байна.  Өнгөрсөн аравдугаар сараас Оюутолгойн ил, далд уурхайн төслүүд нэгдсэн удирдлагаар ажиллаж байгаа юм.  Монгол Улсын хууль, журмын дагуу 2020 онд төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг шинэчилж, мөн нэмэлт цооногуудаар илэрсэн эрдэс баялгийн тооцооллыг ордын нөөцийн 2014 оны тайланд тодотгож дууссан, ЭБМЗ-өөр батлуулахаар хүлээгдэж байна.

Ковид-19 нөхцөл байдал Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад нөлөөлж, урьдчилж тааварлаагүй хүндрэлүүд гарч байгаа ч ажил урагшилсаар байна. Тухайлбал, хөл хорио тогтоож хил хаасны улмаас төсөлд ажилладаг гадаадын олон мэргэжилтэн Монгол Улсад ирэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч Монгол мэргэжилтнүүд орлон гүйцэтгэж албан тушаалын түвшин ахисан нь 2020 оны том амжилт гэдгийг “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон онцоллоо. Ийм томоохон өөрчлөлтөд ч далд уурхайн бүтээн байгуулалтын явц буураагүйг тэрээр тодотгов. Оюутолгой төслийн эдийн засгийн ач холбогдлоос гадна Монголын шинэ цагийн боловсон хүчин дэлхийд үнэлэгдэхүйц туршлага, ур чадвар хуримтлуулж байгаа нь үнэ цэнтэй үр өгөөж билээ. Олон улсын энтэй үйлдвэрлэлийг дагасан шинэ тутмын дэвшилтэт техник технологи Монголд нэвтэрч, хөдөө нутгийн залуус тив дэлхийн мэдлэгт суралцаж явна.

“Дэлхийд блокчлон олборлох аргыг ашиглах зэсийн хамгийн том, басхүү гүн уурхай Оюутолгой болно. Үүгээрээ Монгол Улс дэлхийд гайхагдах уул уурхайн өндөр стандартын төв болж, гадаадын олон хөрөнгө оруулагчийг Монголын эрдэс баялгийн салбарт татах бас нэг үзүүлэлт, давуу тал байх юм. Хамгийн гол нь энэ төсөл бол монголчуудынх гэсэн сэтгэлгээ, хандлага чухал” гэдгийг “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдсэн удаатай.

Сэтгүүлчдийн баг Оюутолгойн далд уурхайтай танилцсаны маргааш Монголд коронавирусын халдвар дэгдсэний улмаас улсын хэмжээнд анх удаа хатуу дэглэмийн хөл хорио тогтоож 20 гаруй хоног үргэлжилж буй. Энэ эгзэгтэй цаг үед эх орны эдийн засгийг авч яваа уул уурхайн салбар, тэр дундаа уурхайчид зогсох эрхгүй ажиллаж байна. 

Сэтгэгдэл (4)

  • Санаа зовогч (139.5.218.80)
    ОТ ордыг нээсэн анхны Геологчдын нэг Т. Мөнхбат шүү. Г овогтой биш шүү, Э.Оджаргал гуай.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (69.174.91.42)
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (70.39.129.109)
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Бямбажав. Б (202.9.46.61)
    Үнэхээр нүдээр үзэж мэргэжлийн хүнээс чихээрээ сонссоноо тов тодорхойч бичжээ. Тийм удахгүй бид ОТ н бренд бүтээгдэхүүнийг гүний уурхайгаас олборлож эхэлнэ. Энэ том төсөлд гар бие оролцож яваа гаараа бахархаж явдаг шүү...
    2020 оны 12 сарын 16 | Хариулах