Ковид-19 нөхцөл байдал Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад нөлөөлж, урьдчилж тааварлаагүй хүндрэлүүд гарч байгаа ч ажил урагшилсаар байна. Тухайлбал, хөл хорио тогтоож хил хаасны улмаас төсөлд ажилладаг гадаадын олон мэргэжилтэн Монгол Улсад ирэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч Монгол мэргэжилтнүүд орлон гүйцэтгэж албан тушаалын түвшин ахисан нь 2020 оны том амжилт гэдгийг “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон онцоллоо. Ийм томоохон өөрчлөлтөд ч далд уурхайн бүтээн байгуулалтын явц буураагүйг тэрээр тодотгов. Оюутолгой төслийн эдийн засгийн ач холбогдлоос гадна Монголын шинэ цагийн боловсон хүчин дэлхийд үнэлэгдэхүйц туршлага, ур чадвар хуримтлуулж байгаа нь үнэ цэнтэй үр өгөөж билээ. Олон улсын энтэй үйлдвэрлэлийг дагасан шинэ тутмын дэвшилтэт техник технологи Монголд нэвтэрч, орон нутгийн залуус тив дэлхийн мэдлэгт суралцаж явна.
“Дэлхийд блокчлон олборлох аргыг ашиглах зэсийн хамгийн том, басхүү гүн уурхай Оюутолгой болно. Үүгээрээ Монгол Улс дэлхийд гайхагдах уул уурхайн өндөр стандартын төв болж, гадаадын олон хөрөнгө оруулагчийг Монголын эрдэс баялгийн салбарт татах бас нэг үзүүлэлт, давуу тал байх юм. Хамгийн гол нь энэ төсөл бол монголчуудынх гэсэн сэтгэлгээ, хандлага чухал” гэдгийг “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдсэн удаатай.
Сэтгүүлчдийн баг Оюутолгойн далд уурхайтай танилцсаны маргааш Монголд коронавирусын халдвар дэгдсэний улмаас улсын хэмжээнд анх удаа хатуу дэглэмийн хөл хорио тогтоож 20 гаруй хоног үргэлжилж буй. Энэ эгзэгтэй цаг үед эх орны эдийн засгийг авч яваа уул уурхайн салбар, тэр дундаа уурхайчид зогсох эрхгүй ажиллаж байна.