Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Сэргэлтийн шийдэл” 

The Mongolian Mining Journal /Nov.2020/

Э.Оджаргал

Хүн төрөлхтөн шинэ вирусын тахалд нэрвэгдэн дэлхийн эдийн засаг хямарсан, Монгол Улсын шинэ парламент, засаг бүрдсэн онцгой цаг үед 18 дахь удаагийн “Дисковер Монголиа” хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдлаа. Сүүлийн жилүүдэд манай улсад гадаадын хөрөнгө оруулалт саарч буй. Гэтэл урьдчилан таамаглаагүй Ковид-19 сорилттой тулгарч уул уурхайн экспорт бараг 40%-иар буураад байна. Цаашдаа дотоодод санхүүгийн хямрал гүнзгийрэхээс сэргийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээж нэмэгдүүлэх, төр засгаас ямар бодлогоор хөрөнгө оруулагчдыг дэмжих, олон улсын худалдаа бизнесийн шинэ тутмын өөрчлөлтүүдийн хандлагыг хэлэлцэхээр энэ удаагийн чуулган  зорьж, “Сэргээлтийн шийдэл” уриаг дэвшүүлжээ. 

Эхний хагас жилийн байдлаар, Монгол Улсын ДНБ-ний 18%, экспортын 94%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73%-ийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Эхний есөн сард, улсын төсвийн 7.3 их наяд төгрөгийн орлогын 20%-ийг зөвхөн уул уурхайгаас төвлөрчээ. Эдгээр үзүүлэлтээс  уул уурхайн салбар нь   Монголд гол орлого бүрдүүлж, хөрөнгө оруулалт  татахад асар чухал үүрэг гүйцэтгэж буйг илэрхийлнэ. 

Геологи хайгуулын тухай ойлголт Монголд үгүй болох эрсдэл

Чуулганы “Засгийн газрын цаг” хэлэлцүүлгийн үеэр, Монгол Улсын эрдэс баялгийн нэгдсэн мэдээлэлд бүртгэлтэй ашигт малтмалын нөөц буурч байгааг УУХҮЯ-ны төлөөлөгч яриандаа дурдсан нь олны анхаарлыг татсан юм. Энэ нь уул уурхайн салбарын ирээдүй “бүрхэг”   гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эх орны эрдэс баялгийн нөөцийг ахиулах геологи хайгуулын шинэ мэдээллүүд шаардлагатай. Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн ердөө 20%-ийн ашигт малтмалын нөөцийн мэдээлэл  байна.   
2013 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ашиглалтын­хаас нэг дахин буурсан байна. УИХ-аас (2014.07.01) Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-оор зохицуулсан. Энэ дагуу 2015-2018 онд Засгийн газраас 5 удаагийн тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах эрдсийн хуримтлалтай талбайг баталжээ. Хамгийн сүүлд 8.4 сая га талбайг сонгон шалгаруулалтаар олгохоор баталсан байна. 2015 оны аравдугаар сараас 2020 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд 2.4 сая га талбайд 45 удаагийн сонгон шалгаруулалтаар 376 талбайг зарлаж, нийт хайгуулын 171 тусгай зөвшөөрлийг олгожээ. 
 
2019 оны “Дисковер Монголиа” чуулганы үеийн статистик мэдээлэлтэй харьцуулахад, өнгөрсөн  нэг жилийн хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өсч, харин хайгуулынх мэдэгдэхүйц буурсан байна.  Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа ойрын 2-3 жилд дуусахад геологи хайгуулын тухай ойлголт Монголд үгүй болох эрсдэлтэй. 1959-2008 онд геологийн суурь судалгааны 11 цогц ажлын дүнд Оюутолгой ордыг нээсэн байдаг. Өдгөө Оюутолгой нь манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын 70-аас илүү хувийг дангаар бүрдүүлэхийн зэрэгцээ дэлхийд Монголын уул уурхайн чадавхийг таниулж, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг торгоож буй цөөн төслийн нэг. Тавантолгой ордыг ашиглалтад оруулахад 40 жил шаардагдсан. Геологийн судалгааны салбар уул уурхайгаас 20-30 жилээр түрүүлж явахын учир энэ. Хайгуулын ажил хийгдэж байж  ордуудыг нээх боломж бүрдэнэ, уул уурхайн дараа дараагийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Монголчуудын олон жил ярьж буй экспортыг тэлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, эдийн засгаа солонгоруулах бодитой ганц боломж нь уул уурхай, тэр дундаа хайгуулын салбарын хөрөнгө оруулалт.


Монголын төр гадны хөрөнгө оруулагчидтай “нэг цонхоор” харилцахгүй байна

Хөрөнгө   оруулалтын тухай хууль бэлгэд­лийн шинж чанартай, олон хөнгөлөлт чөлөө­лөлт байдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Гэтэл уг хуультай танилцаж хөрөнгө оруулагч Монголд орж ирдэг, төсөл эхлүүлдэг. Уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлөөр олгосон үйл ажиллагаа явуулахад орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгардаг. Эцсийн дүндээ хөрөнгө оруулагчид хуульд заасан үйл ажиллагаагаа явуулж чаддаггүй. Цаг хугацаа, хөрөнгө санхүүжилт, эрх ашгаараа хохирч Монголоос дайжихад хүрдэг. Тэсч үлдсэн нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад орон нутгийн харилцаанд түвэгтэй, зарим талаар ойлгомжгүй зүйлс цөөнгүй тулгарч байна. Зөвхөн нэг жишээ дурдахад, “орон нутаг” гэдэг нь аймаг уу, сум уу? Орон нутагтай хамтын ажиллагааны гэрээг Дорнод аймагтай, бас сумтай давхар байгуулдаг. Хэнтий гэхэд сумтай нь, Сүхбаатарт зөвхөн аймагтай нь гэрээ хийдэг. Тэр байтугай, зарим нь “уул уурхайгүй аймаг” гэж зарлаж газар нутагтаа үйл ажиллагаа явуулахгүй, оруулахгүй гэсэн атлаа улсын төсөвт оруулсан уул уурхайн салбарын орлогоос авдаг нь тун сонирхолтой. Орон нутгийн хөгжлийн санд тусгай зөвшөөрлийн төлбөрөөс, уул уурхайн компаниудаас цугласан татвар, хураамжийн хөрөнгийн талаар нутгийн иргэд огт мэдээлэлгүй байна гэх зэрэг шүүмжлэлтэй асуудлыг хөндөж байлаа. 

УИХ-ын гишүүн, парламент дахь “Уул уурхайг дэмжих лобби” бүлгийн дарга Г.Дамдинням “Монгол Улсын эдийн засгийн суурь бол уул уурхай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байгалийн баялгийн бодлоготой (mining policy) улс болох ёстой. Уул уурхай нь хөрөнгө оруулалт татаж байгаа гол салбар. Монголын төр хөрөнгө оруулагчид, гадаадын төлөөлөгчидтэй “нэг цонхоор” харилцахгүй байна. Гадаад худалдаа нь Гадаад хэргийн яаманд, хөрөнгө оруулалт нь Сангийн яаманд харьяалагдахын зэрэгцээ Үндэсний хөрөнгө оруулалтын газар гэж байдаг. Гэтэл төрийн энэ гурван институцийн дунд хөрөнгө оруулагчид “учраа олж” явахад туйлын бэрх. Тиймээс УИХ шинээр байгуулагдсанаас хойш дөрвөн сарын хугацаанд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих Түр хороог байгуулахаар ажиллаж байна. Энэ асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-аар оруулна. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах байнгын үйл ажиллагаатай агентлаг, аль эсвэл хороо  байгуулна гэсэн үг. Орон нутгийн тухайд, нэг чигтэй ойлголт,  мөрдөгдөж буй заалт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй байна.  Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд “ард, нийтийн өмч” гэдгийг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой зааж, нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй.  УИХ дахь “Уул уурхайг дэмжих лобби” бүлэг уул уурхайн салбартай холбоотой хуулийн төслүүдийн шинэчлэлд идэвхтэй оролцоно” гэсэн мэдээллийг  хөрөнгө оруулагчдад өглөө.  Зөрүүтэй ойлголтыг нэг болгох, зарим хуулийн давхардал хийдлийг арилгах зорилгоор Ашигт малтмалын тухай хууль, Газрын тос болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр товложээ.

Уул уурхайн олборлолтоос боловсруулалтын үе шатанд шилжих 4 жил

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох зорилтыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд УУХҮЯ-наас геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн хоорондоо харилцан уялдаатай дөрвөн том салбарт хөрөнгө оруулалт татах, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Төрөөс баримтлах баримт бичгүүдэд тусгасан геологийн салбарыг хөгжүүлэх зорилтыг бодитой ажил болгож Үндэсний геологийн албыг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлснийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон дурдав. 

Хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны зарчмаар олгох олон улсын туршлагыг салбарын яамнаас судалж байна. Дотооддоо өртөг нэмэх чиглэлээр газрын тос, зэсийн баяжмал боловсруулах, нүүрс баяжуулах болоод төмөр, гангийн үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөж, үүнтэй уялдуулан зарим дэд бүтцийн ажлыг эхлүүлснийг онцоллоо. Тиймээс ирэх дөрвөн жил бол уул уурхайн салбарын олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих үе гэдгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал тодотгов. 

Нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдэр, газрын тос гэсэн уул уурхайн гол бүтээгдэхүүнд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг салбарын яамнаас 2024 онд дараах төсөөлөлтэй байна. Нүүрс, Монгол Улс 50 сая тонн, үүнээс 30%-д нь баяжуулсан нүүрс экспортолно. Одоогийн нийт экспортын 13.7%-ийг бүрдүүлж буй баяжуулсан нүүрсний хэмжээг нэг дахин нэмэгдүүлнэ. Энэ нөхцөлийг хангахад хоёр чиглэлд төмөр зам тавихаас гадна  “Эрдэнэс Тавантолгой” компани Баяжуулах үйлдвэр байгуулсан байна. Зэс, өдгөө улсын хэмжээнд Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэрээс нийт 1  сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа бол зэсийн баяжмал боловсруулсан 99.99 сорьцтой цэвэр катодын зэс үйлдвэрлэл 6200 мянган тонн байна. Ирэх жилүүдэд Цагаансуваргын ордыг ашиглалтад оруулахын зэрэгцээ Оюутолгойн зэсийн баяжмалыг ашиглах Зэсийн боловсруулах үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд байгуулснаар 2024 он гэхэд 2.5 орчим сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг  болно. Мөн үед 152 мянган тонн цэвэр катодын зэс (Оюутолгойг тооцоогүй) үйлдвэрлэлээс 1 тэрбум ам.долларын орлого олохоор тооцжээ. Катодын зэсээ ашиглан кабель, зэс утас зэрэг эцсийн бүтээгдэхүүний жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 

Төмрийн хүдэр, манай улс жилд 500 мянган тонн ган бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд арматур буюу ган төмрийн 278 мянган тонн хэрэглээний 16.5%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Тэгвэл дөрвөн жилийн дараа  барилгын арматурын 80%-ийг дотоодоос хангахуйц ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн байх аж. 
Газрын тос, жилийн 1.3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүний импортын 98.4% нь дан ганц ОХУ-аас авдаг. Дөрвөн жилийн дараа Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор импортын бүтээгдэхүүний 55%-ийг хангахаар тооцжээ. Түүнчлэн, нефтийн үйлдвэрийг дагалдах бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрүүд хөгжих төсөөлөлтэй байна. 
Алт, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой  энэ онд дэлхийн зах зээл дээр алтны ханш 25 орчим хувиар өсчээ. Цаашдаа алтны ханш дээд хэмжээгээ хадгалах таамагтай байна. Тиймээс УУХҮЯ-наас алтны салбарт ихээхэн ач холбогдол өгч, дараагийн жилүүдэд үндсэн ордуудыг ашиглалтад оруулахад бодлогоор дэмжихээр зорьжээ. Одоо “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд 11 аж ахуйн нэгж нийт 107 тэрбум төгрөгийн урт болон дунд хугацааны зээл авсан байна.


Алтны салбарт ач холбогдол өгсөн нь

Дэлхийн алтны уламжлалт зах зээлийн 40-50%-ийг гоёл чимэглэлийн эдлэл эзэлж байсан бол Ковид-19 -ийн нөлөөллөөр 30 гаруй хувиар хумигдаж, харин зоос, гулдмай хэлбэрээр алтыг хадгалах хэрэглээ өсч, мөн санхүүгийн хэрэгсэл болгож ашиглах сангуудын худалдан авалт асар ихээр нэмэгджээ. Алтны хэрэглээний бүтэц өөрчлөгдсөн ч эрэлт хэвээр байгаа юм.
Монгол Улсын алтны нөөцийг бүрдүүлэх 2000 тонноос 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт, 200-300 тонн нь шороон орд, үлдсэн нь үндсэн ордынх. Улсын хэмжээнд хүчин төгөлдөр алтны 538 тусгай зөвшөөрлийн 21% нь үндсэн ордод хамаарч байна. Эхний арван сард Монголбанк 19 тонн алт   худалдан авснаар 750 сая ам.доллараар гадаад валютын нөөц нэмэгджээ. Энэ онд Төв банк 20 тонн алт худалдан авч 1 тэрбум ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх  зорилттой байна.  Дэлхийн зах зээл дээр алтны ханш өссөнөөр Монголд анх удаа алтны салбар 1 тэрбум ам.долларын орлого бүрдүүллээ. Тухайн салбарын орлого 400-800 сая ам.долларт хэлбэлзэж ирсэн. Цаашид ханшаас үл хамааран алтны салбар өнөөгийн амжилтаа хадгалахад олборлолтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд 2 тэрбум ам.долларын салбар болох боломж бүрэн бий гэж “Алт: эдийн засгийг дэмжих нь” хурлыг даргалсан “Кью Эм Си” компанийн Гүйцэтгэх захирал М.Дагва  онцоллоо.


Эдүгээ Монголын алтны салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан, ирээдүйд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц төслүүд Баянхонгор аймгийн алтны дүүрэгт бий. Монгол Улсад геологи хайгуулын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ууган компани “Эрдэнэ Ресурс Девелопмент” өөрийн хөрөнгөөр орд нээн илрүүлж, ашиглалтад оруулах гэж байна. 

Тус компани 2005 оноос Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт төвлөрөн ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 16 жилд нийт 115 тусгай зөвшөөрөл авснаас ердөө 5 тусгай зөвшөөрлийн талбайд эрдэсжилт илрүүлжээ. Харин 110 тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул, судалгааны тодорхой үр дүн гараагүй учир төрд буцаан өгчээ. Одоогийн эзэмшилтэй 5 тусгай зөвшөөрлийн талбайд алтны “Баян Хөндий”, “Алтан нар” орд,  зэс-молибдений “Зуун мод” болон эрдэсжилттэй бусад талбайг нээн илрүүлсэн юм. Эхний ээлжид “Баян Хөндий“ ордоос 2022 онд алт олборлоно. Энэхүү төсөл нь дэлхийн дундаж алтны ордоос гурав дахин өндөр агуулгатай. Тонн тутамдаа 3.7гр алтны агууламжаараа хөрөнгө оруулагчдыг татаж байна. Орд нь 16 орчим тонн алтны геологийн нөөцтэй. Үйлдвэрлэлийн 14 тонн нөөцийг нарийвчилсан ТЭЗҮ-ээр (2020.07.20) тодорхойлжээ. Зүүн хойноос баруун урагш 800м сунаж тогтсон хүдэр үндсэн 3 бүсээс бүрдэх ба баруун бүсээс ил уурхайн аргаар олборлох аж. Монгол Улсад алтны шинэ уурхай нээх учир шинэ технологиудыг нэвтрүүлэн, нутагшуулах юм байна. 

Алт салгах үйлдвэр 6л/сек ус ашиглах ба энэ нь ижил төстэй үйлдвэрүүдийн усны хэрэглээтэй харьцуулахад 12-15 дахин бага байх жишээний. Мөн анх удаа ил уурхайн эрчим хүчний эх үүсвэрийн 24%-ийг нарны эрчмээр хангана. Олборлолтын үйл ажиллагаа 6 жил, уурхайг нээх хаах хугацааг тооцоод нийт 8 жил хэрэгжих “Баян Хөндий” төслийг эхлүүлэх анхны хөрөнгө оруулалт 59 сая ам.доллар. Жилд 2 тонн алт олборлож Монголбанкинд тушаана. Төсөл   одоогоор  барилгын нарийвчилсан зураг төслийн түвшинд хэрэгжиж байна. Ирэх онд төслийн санхүүжилтийг босгож барилгын ажил бүтэн жилийн турш өрнөж, 2022 оны нэгдүгээр улирлаас алтны олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Төслийн талбайд алтны өндөр агууламжтай илэрцүүд нэмэгдэж байгаа учир “Баян Хөндий”-н нөөц өсөх, уурхай өргөжих боломжтойг баталсан байна. 

Тодруулбал, тухайн ордоос хойш илэрсэн “Хар морь”, “Алтан сум” талбайн тодорхой судалгаануудын дүн “Баян Хөндий”-гөөс харьцангуй том болохыг харуулжээ. Дэлхийн зах зээл дээр унц алт 1900 ам.доллар байгаа бөгөөд дунджаар 1400ам.доллараар тооцоход “Баян Хөндий” төслийн өнөөгийн үнэ цэн 100 сая ам.доллар. Хамгийн анх 2012 онд “Алтан нар” ордыг нээж, гурван жилийн дараа “Баян Хөндий” ордыг илрүүлсэн учир “Алтан нар” ордод хангалттай хайгуул судалгаа хийж чадаагүй байна. Эрдэсжилтийн 5.6км суналттай “Алтан нар” ордод хайгуулын 18 талбайг тодорхойлсноос хоёрт нь 500 орчим мянган унц алтны нөөц одоогоор илрүүлжээ. 

“Баян Хөндий” ордоос гадна шинэ  илэрцийн талбай, “Алтан нар” зэрэг төслүүд ашиглалтад орох юм бол 6 жил бус 12 жил алтны үйлдвэрлэл явуулах юм байна. Өнгөрсөн онд “Эрдэнэ Ресурс Девелопмент” корпораци 5 сая ам.долларын зээл ЕСБХБ-наас авсан юм. Энэхүү зээлийг хөрвүүлж хувьцаа болгосноор ЕСБХБ нь тус компанийн хувьцаа эзэмшигчийн нэг болжээ. Мөн долдугаар сард Канадын алтны томоохон хөрөнгө оруулагч эрхэм Эррик Спротт 15 сая ам.долларын хөрөнгө  оруулсан. Эдгээр хөрөнгө оруулалт нь “Баян Хөндий” төслийн анхны санхүүжилтийг босгоход томоохон түлхэц болно гэж корпорацийн  Дэд Ерөнхийлөгч А.Билгүүн үзэж байна. “Эрдэнэ Ресурс Девелопмент” нь Монголын болоод Канадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй анхны компани юм. 
Баянхонгор аймгийн алтны дүүр­гээс гадна Дорнод аймгийн ну­тагт хоёр ч төслийг “Степ голд” компани хэрэгжүүлж байна. 


Монгол Улсад 2016 онд байгуулагдсан тус компани “Алтан Цагаан-Овоо”, “Уудам Хөндий” төслүүдийг худалдан авсан юм. Өнгөрсөн онд Канадын хөрөнгийн бирж дээр анхдагч хувьцаа гарган 25 сая орчим канад доллар босгожээ. 2019 оны арванхоёрдугаар сард Дорнод аймаг дахь “Алтан Цагаан-Овоо” төслийн жилд 60 мянган унц алт олборлох хүчин чадалтай уурхайг ашиглалтад оруулсан. Уурхайн эхний   үе шатанд нуруулдан уусгах технологитой үйлдвэр ажиллаж байна. Хоёр дахь үе шатанд нэмж үйлдвэр байгуулах ба уурхайн алтны олборлолтын хэмжээг 150 мянган унцид хүргэнэ. “Алтан Цагаан-Овоо” төслийн уурхайн бодитой нөөц 5 тонн, боломжит нөөц 12 тонн аж. Цаашид нөөцийг өсгөх зорилтоор өрөмдлөгийн ажлуудыг тасралтгүй хийж байгаа бөгөөд шинэ илрэл нь орд болох боломжтой гэсэн эхний үр дүн гарчээ. Тус илэрцийн нөөц болон ерөнхий судалгааны тайланг 2021 оны нэгдүгээр улиралд зарлах юм байна. Энэ оны нэгдүгээр сард Монголын Үндэсний хөрөнгө оруулалтын сангаас санхүүжилт авч, Канадаас 15 сая долларын стратегийн хөрөнгө оруулалт татсан тухай компанийн Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх захирал Т.Батаа танилцууллаа. “Степ голд” компани эхний долоон сард 15 мянган унц алт олборлож Монголбанкинд тушаажээ.

Баянхонгор аймгийн нутагт алтны үндсэн ордыг Монголд анх удаа гүнийн аргаар олборлож буй компани бол “Наран мандал“ юм.  

Компанийн Гүйцэтгэх захирал Майкл Фишер “Газрын гүн дэх алтны үндсэн ордыг Монголд анх удаа ашиглахаар ажиллаж байгаа тухай танилцууллаа. “Наран мандал“ төслөөр, үндсэн ордын газрын гүн дэх хүдрийн биетийг илүү сайн ашиглах тал дээр оновчтой арга зүйг нэвтрүүлж байгаа нь  алтны салбарт шинэ  технологийг нэвтрүүлэх эхлэлийг тавьсан. Тиймээс ирэх жилүүдэд Монголын алтны салбарт томоохон ахиц гарна“ гэж үзэж байна.

Элчин сайдууд юу хэлэв?


Монголд томоохон төсөл хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын улс орнуудын Элчин сайд нар “Дисковер Монголиа 2020” чуулганы “Монгол Улсын худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” хуралд оролцсон юм. Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар байгуулахаар хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж байгаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Ковид-19-тэй  холбоотой  хоёр улсын худалдаа бага зэрэг саарсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 21%  буурахаар байна. Энэ онд хоёр улс худалдааны эргэлтийг 2 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцож байсан юм. 
Ямартай ч сүүлийн есөн жилийн хугацаанд хоёр улсын худалдааны эргэлт 1 тэрбум ам.долларт хүрч чадсан. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээ өргөжиж байгааг тэмдэглэх  ёстой. Юуны түрүүнд, УБТЗ-ыг дурдах нь зүйтэй. Төмөр замын ачаа эргэлт 30 сая тоннд хүрэх гэж байгаа бол чингэлгийн тээвэр 2000 болсон байна. 2013 онд би анх Монголд ирж байхад, жилд 8 чингэлгийн тээврийн ачаа эргэлттэй гэсэн тоог хэлж байсантай харьцуулахад амжилттай ахиц гарсан. Гэхдээ одоо УБТЗ-д шинэчлэл хэрэгтэй. Тиймээс хоёр талаас шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Коронавирусын нөхцөл байдалтай холбоотой, УБТЗ-ыг шинэчлэх төсөлд ажиллах гадаадын инженер, техникчид Монголд ирж чадахгүй саатлууд гарсан. Гэхдээ одоо ирээд 21 хоногийн карантин, мөн 14 хоногийн гэрийн хорио гэсэн дэглэмийг мөрдөн төслийн ажилдаа орсон. Бидний төлөвлөснөөр 2023 он гэхэд төмөр замын ачаа эргэлтийг 52 сая тоннд хүргэх боломжтой” хэмээв. Мөн тэрээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах, ашиглалтад оруулах төслийг онцоллоо. Энэ төмөр замыг ашиглалтад оруулснаар Монголын сайн чанарын нүүрсийг Энэтхэг улсад экспортлох бололцоо Оросын Транссибирь, БАМ-ын төмөр замын сүлжээнд холбогдсоноор нээгдэнэ. Эдгээр замыг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байгаа учир Алс Дорнодын чиглэлд ачаа тээвэр хүндрэлгүй болно гэдгийг хэлсэн юм.

Их Британи, Умард Ирландын НВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малоун “Их Британи-Австралийн хамтарсан “Рио Тинто” компани Оюутолгой төслийг Монголд хэрэгжүүлж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт нарны цахилгаан станцын төсөл Их Британийн хөрөнгө оруулалттай явагдаж байгаа. Газрын тосны чиглэлээр “Петро Матад” компанитай хамтарсан төсөл эхэлсэн. Мөн төмөр замын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Пандрол” компани Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслийн хэрэгжилтэд оролцож байна. Түүнчлэн, боловсрол, хүнс, аудитын үйлчилгээ, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийсэн компаниуд бий. Хоёр улсын худалдааны эргэлт өсөлттэй бөгөөд тэр дундаа Монгол Улсын импортоос илүүтэй экспорт нь давамгайлсан нь сайн хэрэг. Их Британийн хөрөнгө оруулагчдад Монголд үйл ажиллагаа явуулахад   бизнес эрхлэх нөхцөлийг урьдчилан таамаглаж болохуйц, ил тод тунгалаг, эрх зүйн орчин тогтвортой байх нь хамгийн чухал. Мөн шүүхийн тогтолцооны хүрээнд бизнесийн маргааныг шийдвэрлэх үйл явц ил тод, оновчтой, зарчмын дагуу хэрэгждэг байхыг харгалздаг” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Аливаа хөрөнгө оруулагчид их хэмжээний хөрөнгө уул уурхайн салбарт л оруулдаг. Тиймээс энэ салбарын инновацид хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Экспортын үйлдвэрлэл явуулж бизнесийн зах зээлийг өргөжүүлэх хөрөнгө оруулагч Монголд чухал бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Орос, Хятадын том зах зээл болон бусад орнууд руу гаргах боломж бий хэмээн Элчин сайд Филип Малоун харж байна.

Тэгвэл Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд Засгийн газрын хөнгөлөлттэй зээл олгосон БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх “Хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь Энэтхэг улсын хувьд хөгжлийн туслалцааны чиглэлээрх хамгийн том төсөл юм. Энэхүү үйлдвэрийн хүчин чадал нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний бараг 80%-ийг хангах төдийгүй улсад чамгүй хөрөнгө хэмнэх боломжтой. Төслийн хүрээнд талуудын анхны хурал (2019.10.08) болсон. Тухайн үед Энэтхэгийн Засгийн газраас төслийн санхүүжилтийг баталж, санхүүжилт Монголд орж ирсэн. Энэ оны гуравдугаар сард инженерийн худалдан авалтын ажил эхэлсэн. Аравдугаар сард Энэтхэг улсаас эхний баг Монголд ирээд байгаа бөгөөд одоо карантилагдаж байна. КОВИД-19-ийн улмаас гадаад нөхцөл байдал амаргүй учир төслийн олон улсын тендерийг зарлах ажил удаашрах бэрхшээл тулгарч байна. Үйлдвэрийн барилга байгууламжийг байгуулсны  дараа 1 жилийн засвар үйлчилгээг Энэтхэгийн Засгийн газраас хариуцна” гэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нэг чухал ажил бол түүхий эд дамжуулах хоолой юм. Энэ асуудлыг Монголын Засгийн газраас, ялангуяа Шадар сайд ахалсан Ажлын хэсэг, мөн Сангийн яамнаас анхаарч буй учир дамжуулах хоолойн санхүүжилтийг Монголын талаас хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлэв. Мөн Элчин сайд М.П.Сингх, Монгол Улс нь “3C” бүтээгдэхүүн буюу ноолуур (cashmere), нүүрс (coal), зэс (copper) экспортлоход манлайлах боломжтой гэсэн санааг дэвшүүлсэн юм. Энэ салбарт оновчтой үйл ажиллагаа явуулахын тулд тээврийн дэд бүтцийн нөхцөлөө улам боловсронгуй болгох учиртайг ч тодотголоо.


2024 оны Дэд бүтцийн төсөөлөл

Дэд бүтцийн хөгжил нь “Дисковер Монголиа” чуулганыг анхлан зохион байгуулагдсан цагаас хөндөгдөж ирсэн сэдэв. Тэр цагаас яригдсан төмөр болоод авто замын төслүүдээс   Гашуунсухайт авто замыг эс тооцвол  уул уурхайн тээврийг сайжруулахад ахиц төдийлөн гарсангүй. Өдгөө ч өнөөх төслүүд мөн л яригдсаар...

2024 он гэхэд Монгол Улсын зам тээврийн салбарт, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж дуусна. Сүлжээг өргөжүүлж Сайншанд-Баруун Урт-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барих ажил эхэлнэ. Төр-хувийн хэвшлийн түншлэлээр  Концессын BOT гэрээгээр Цагаан-Уул хилийн боомт хүртэлх 270 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 250 км, Тавантолгой-Ханги чиглэлд 478 км авто замын төслүүд  хэрэгжинэ. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод уул уурхайн бүтээгдэхүүний холимог терминал, Тавантолгойн холимог терминалын ложистикийн төвийг байгуулна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Алтанбулаг, Бичигт, Бургастай зэрэг боомтыг эхний ээлжинд шинэчилж, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн төсөөллийг салбарын төрийн байгууллагуудын төлөөлөгч нар танилцуулав.

Дан ганц нүүрсний экспортыг түшиглэн дэд бүтцийг барьж байгуулах нь өрөөсгөл гэдгийг  “Монгол нүүрс” ассоциацын Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал  тайлбарласан юм. Хятадын нүүрсний зах зээл хязгаартай, жилд 70 орчим сая тонн коксжих нүүрс импортолдог. Төмөр замаас гадна зэрэгцээ олон авто зам шинээр барьснаар Монголын нүүрсний экспорт огцом нэмэгдэхгүй гэлээ. Тиймээс уул уурхайн бусад бүтээгдэхүүнээ экспортлох хилийн гарц, боломжуудаа зөв тооцоолж дэд бүтцийн төслүүдээ тодорхой эрэмбэ, дэс  дараатай хэрэгжүүлэх нь оновчтой гэсэн байр суурьтай байна. Одоо Монголын нутаг дэвсгэр дээр Гашуунсухайт авто замаар тонн нүүрсийг 40 ам.доллараар тээвэрлэж байна. Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний тээврийн өртөг 8 ам.доллар болж буурна. Энэ чиглэлд авто зам өрсөлдөх чадваргүй болно. Тэгэхээр Гашуунсухайт боомт руу зэрэгцээ авто зам нэмж байгуулах  ашиггүй төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах төр засгийн бодлогод гайхаж буйгаа “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал илэрхийллээ. Хятадын төв болоод хойд нутгийн гангийн үйлдвэрүүдэд түүхий эдийг нийлүүлэх хамгийн ойр ложистиктой нь Монголын нүүрс. Харин Хятадын урд хэсгийн хэрэглэгчид болоод Япон, Энэтхэг орнууд Австралиас 5 ам.долларын үнэтэй нүүрс авах нь илүү ашигтай. Харин Гашуунсухайт боомтоор Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэхэд тээврийн зардал нэмэгдэх учир өрсөлдөх чадваргүй гэж тэрээр үзэж байлаа.  

Ийнхүү энэ жилийн “Дисковер Монголиа“ чуулганаар эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтыг өргөн хүрээнд хэлэлцсэн юм. Нэн түрүүнд манай улсын эдийн засгийн гол тулгуур уул уурхайн урт хугацааны хөгжлийг хангахад геологи, хайгуулын судалгаанд анхаарах зайлшгүй шаардлага тулгарчээ. Мөн өнгөрсөн хугацаанд эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ найдвартай экспортлох дэд бүтцийг бий болгож чадаагүйгээс цар тахлын нөхцөл байдал нь Монголын эдийн засагт хүчтэй цохилт үзүүллээ. Монголчууд бид хуучин асуудлаа шийдвэрлэх зуур дэлхийн улс орнууд цахим, дижитал шинэчлэлийг хурдацтай хийж, инноваци, технологи, дата мэдээллийн боловсруулалтыг шуурхай нэвтрүүлэн цар тахлын дараах шинэ үед шилжиж байна. Монголын нүүрсний гол зах зээл Хятад нь 2060 онд байгаль орчинд ээлтэй “carbon neutral” улс болох амлалтаа НҮБ-ын индэр дээрээс мэдэгдлээ. Харин Ковид-19 дараах дэлхийн худалдаа, бизнесийн цоо шинэ харилцаанд Монгол Улс бэлэн үү?