Ордын геологийн түүх 1966 оноос эхтэй. Тухайн жил 1:500.000 масштабтай геологи-гидрогеологийн эрлийн ажил гүйцэтгэсэн бол 1971 онд 1:200.000 масштабтай эрэл, зураглалын ажлаар хайлуур жонш илрүүлжээ.
1990, 2014 онд тус тус геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил явуулсан байна. 2019 онын тавдугаар сард төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг үүсгэн байгуулж, хоёр сарын дараа Салхит-2887.85 га талбайтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн гурван сарын дараа ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авчээ.
Тус компани таван жилийн хугацаанд 750 тонн мөнгө олборлож, цэвэршүүлэн Монголбанканд тушаах зорилготой ажиллаж байгаа юм.
Салхитын уурхайн төсөл нийтдээ 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ч төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүй, зөвхөн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх механизмаар ажиллаж байгаа нь менежментийн сонирхолтой хэлбэр юм.
2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна.Энэ орд бол монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Жаргалсайхан: Мэдээж Салхитын алт, мөнгөний орд бол том биш. Гэхдээ олборлолтоо зөв явуулбал тэр хэрээрээ үр өгөөжөө өгдгийн жишээг манай уурхай харуулж байна. Тиймээс аливаа ордыг жижиг гэж хэлж болохгүй.
Жил гаруйн өмнө одоогийнх шиг ийм орчин үеийн технологи бүхий үйлдвэр байгаагүй гэдэг. Уурхайн өмнөх эздийн үед үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд тоногдож хэрэглэхийн аргагүй болжээ.
386 тонн баяжмалын үлдэгдэлтэй баяжуулах үйлдвэрийг жилийн өмнө хүлээж авахад ихэнх тоног төхөөрөмж нь ажиллагаагүй, өвлийн улиралд үйл ажиллагаа нь зогссоноос болж шугам хоолой, худаг, усны бүх дэд бүтэц нь эвдрэл гэмтэлтэй, бүрэн хөлдөлттэй байсныг монгол инженерүүд хоёр сар хүрэхгүйн хугацаанд сэргээн засварлажээ. Наян хувийн эвдрэлтэй үйлдвэр өнөөдөр бүрэн хүчин чадлаар хэвийн горимоор ажиллаж байна. Засварын ажилд 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ.
Уурхайн карьераас төдий холгүй жилд 300 мянган тонн мөнгө, алтны хүдэр баяжуулах үйлдвэр ажиллаж байна.
Хоногт 25-30 тонн бүтээгдэхүүн баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр “Эрдэнэт”, Оюутолгойн баяжуулах үйлдвэрүүдтэй нэгэн адил хөвүүлэн баяжуулах технологитой.
Баяжуулах үйлдвэр нь вакум филтерүүдтэй ба хүдрээс гарсан шаврыг шингээж авч, усаа буцаагаад гурван усан сан бүхий эргэлтэд оруулдаг учраас 85%-ийн ус ашиглалттай, байгаль орчинд ээлтэй.
Ууталсан баяжмалыг борлуулахаар бэлтгэжээ. Нэг уутандаа дунджаар 1.5 тонн килограмм баяжмал агуулдаг аж.
Нэг тонн баяжмалд ойролцоогоор 1 кг мөнгө, 3 гр алт, 1 кг гаруй зэс, цайр агуулагддаг байна.
“Эрдэнэс Силвер Ресурс” компани “Баяжуулах үйлдвэр-2”-ийг өөрийн менежментээр 100% санхүүжүүлж байгаа аж. Ковид-19 цар тахлын улмаас үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил жаахан удааширсан ч энэ оны тав, зургадугаар сард ашиглалтад оруулна гэдэгт компанийн ажилтнууд итгэлтэй байна.
“Эрдэнэс Силвер Ресурс” компанийн ажилтнуудын хэлж буйгаар, үйлдвэрийн хаягдлын санг 89 мянган м3-1.5 сая мз эзэлхүүнтэй болгон өргөтгөх ажлыг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж нэгдүгээр ээлжийн ажлаа дуусгажээ.
Үндсэндээ тог цахилгааны дутагдалтай асуудал байхгүй учраас шинэ үйлдвэр таван жилийн турш хэвийн ажиллаж, хүдрээ боловсруулаад байх боломжтой гэдгийг эндхийн мэргэжилтнүүд ам бардам хэлж байна.
Салхитын алт, мөнгөний уурхай бол том том нүсэр байгууламжгүй, зардал төсөвтөө тохирсон, ордын найдвартай үйл ажиллагааг хангах объектуудыг байгуулсан харагдана. Бүтээн байгуулалт өрнөж байгаа уурхай гэж хэлж болно.