Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд болсон юм. Уг ёслолын арга хэмжээнд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд Оюутолгойн төслийн асуудлаар өрнөж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд байр сууриа товч илэрхийлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн дунд хэлэлцээр хэрхэн өрнөж байна вэ?
Өнөөдөр хурцадмал асуудал үүссэн нь Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, төслийн хугацаа хойшилсонтой холбоотой. Гэрийнхээ тооныг тойрч сууж байгаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна. Мэдээж аль аль талд сэтгэл дундуур зүйл бий. Төслийн зардлын хэтрэлтийн тухайд хөрөнгө оруулагчийн зүгээс нэмж хөрөнгө оруулж, мөнгө зарцуулж байгаа гэдэг утгаараа ашиг нь ялгаа байхгүй хойшлогдсон. Үүний учир шалтгааныг талуудад зөвөөр ойлгуулж, мэдээллийг үнэн зөв хүргэх учиртай. Гүний уурхайн хөрсний сул хатуулаг чанараас шалтгаалж зардал нэмэгдэх үр дагавар үүссэн. Тэгэхээр талуудын хэлэлцээрийг одоо ийм тийм гэж ярихад арай эрт байна. Аль болох ойлголцох нь чухал. Зэсийн ирээдүйн эрэлт өссөнтэй холбоотойгоор “Рио Тинто” болон Монголын тал дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн төлөө ажлаа хамтдаа үргэлжлүүлнэ гэж бодож байна.
Оюутолгойн төсөл дээр Монголын Засгийн газар болж бүтэхгүй байна гэж байнга л ярьж ирсэн. Олон нийт өнөөдөр Засгийн газрын тайлбараар л асуудлыг харж байна. Та байр сууриа товчхон илэрхийлнэ үү?
Манай компанийн зүгээс олон нийттэй харьцахдаа асуудлаа зөв ойлгуулж чадахгүй байгаа дутагдал бий. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол Оюутолгойтой ч холбоотой биш. Ер нь дэлхий даяар “Рио Тинто” компанийн олон нийтэд мэдээллийг хурдан шуурхай өгөх тал дээр сайжруулах зүйлүүд байна. Уул уурхайн компани ихэнхдээ бизнестэй харьцдаг. Тиймээс олон нийттэй харьцах чадвараа хөгжүүлэх шаардлагатай. Маш олон инженер уул уурхайн компанид ажилладаг. Дэлхийн нэг номерын инженерүүд ч гэлээ хэвлэл мэдээллийнхний асуултад хариулах талдаа дутагдалтай байна. Монгол хүн “Рио Тинто”-гийн албанд томилогдсон гэдэг утгаараа өөрийнхөө ойлгосноороо орчуулагчгүйгээр та бүхэнтэй харилцахад нээлттэй байдаг. Гэхдээ би улс төрчийн биш, бизнесийн нүдээр энэ төслийг бүх талаараа ашигтай байх ёстой гэж боддог. Энэ ашгийг нэмэгдүүлэхийн төлөө хүч хөдөлмөрөө зориулна.
Оюутолгойн Далд уурхайн төсөл үнэхээр Монголд ашиг өгөх хугацаа нь хойшлоод байгаа юм уу гэдэг дээр л таны байр суурийг сонсох нь сонирхолтой байгаа юм. Энэ талаар ямар хариулт өгөх вэ?
Бизнес хийж байна гэж бодъё. Мэдээж орлого олно, түүнээсээ зардлаа хасна, цэвэр ашиг үлдэнэ. Цэвэр ашгаа ногдол ашгаар хуваана. Энэ бол нягтлан бодох бүртгэл буюу санхүүгийн тооцооллын аргачлалаар ашиг тооцох нэг хэлбэр. Тухайн бизнесийг босгох хугацаанд 12 мянган ажилтны цалингаас тэдний цаана байгаа 60 мянган иргэний амьдрал хамаарч байдаг юм. Монголын бэлтгэн нийлүүлэгчид, үүн дээр дэлхийн мэдлэгийг оруулж ирж байгаа гээд шууд бус ашиг бий. Хамгийн чухал нь татвар. Монгол Улсад бид жилд 250-300 сая ам.долларын татвар төлж байна. Энэ татвар төсвийн орлого болж, иргэдийн цалинд зарцуулагдаж байгаа. Ашиг гэдэг бол дээр дурдсанчлан эхний нэр томъёолол буюу борлуулалтын орлогоосоо зардлаа хасаад ашиг гарах болоогүй. Монгол талдаа ч хөрөнгө оруулагч талдаа ч ашиг олох болоогүй байна гэж хэлж болно. Бусад утгаараа бол Монгол Улсад шингэж байгаа эдийн засгийн үйл ажиллагаа, тухайлбал цалин, бэлтгэн нийлүүлэгчид гэх мэтээр ашгаа өгч байна. Үүнийг бид үр өгөөж гэж тодорхойлдог. Үндсэн хуулиараа бол Монгол Улсын газрын хэвлийн баялаг бүх монголчуудын өмч. Арай ойлгомжтой байдлаар хэлье. Нэг нь хоёр давхар, нөгөө нь 80 давхар байшинг газар түрээслээд барьж байна гэж бодъё. Ил уурхай бол хоёр давхар байшин. Ашиглалтад орсон энэ байшингаас хоёулаа түрээсийн орлогоо олж байна. Тэрхүү түрээсийн орлогоороо гүний уурхайн 80 давхар байшинд хөрөнгө оруулж байгаа хэрэг. Гэтэл тэр өндөр байшинг барихын тулд өнөөдөр бид 11 тэрбум ам.долларыг зарцуулж байна. Энэ бол ганцхан хөрөнгө оруулагчаас гарч байгаа зардал. Хөрөнгө оруулалт гэхээр хөрөнгө авч байгаа мэт ойлгож болохгүй. Хөрөнгө оруулалт бол манай компаниас гарч байгаа зардал. Банкнаас зээлж байна, өөрсдийн зүгээс мөнгө оруулж байна. Уурхайн дэд бүтцэд зарцуулж байгаа 11 тэрбум ам.долларын 3 тэрбум ам.доллар нь Монгол Улсад төлсөн татвар. Одоо бид барилгын 78 дахь давхрын ажилдаа орж байна. Гүний уурхайд эхний тэсэлгээгээ хийхээр бэлтгэж байгаа. Дараа жилийн хоёрдугаар сар гэхэд уурхайг нээхэд бэлэн болгоно. Уурхайн чулуулгын хатуулаг зэрэг чанараас болж зардал ихэссэнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Монголын тал ч бай, хөрөнгө оруулагч “Рио Тинто” ч бай ширээний ард хамтдаа сууж байгаад асуудлаа ярилцлах шаардлагатай.
Монголын тал Оюутолгой төсөлд эзэмшиж байгаа 34%-ийн эзэмшлээ зарвал ашигтай эсэх талаар улс төрийн хүрээнд яригддаг. Таны байр суурийг сонирхоё.
Тодорхой хэлье. Энэ бол монголчуудын хэлэлцэж шийдэх асуудал. Учир нь, УИХ-аас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын 34%-иас доошгүй хувийг эзэмшинэ гэсэн хуультай. Хууль батлагчид, гүйцэтгэх засаглал, олон нийт энэ талаар ярилцах ёстой. Ганцхан санааг хэлэхэд зэсийн үнэ магадгүй 10 жилийн дараа хоёр дахин өсвөл 34%-ийг ийм хямдаар өглөө гэвэл хэн хариуцлага хүлээх вэ. Тийм учраас ирээдүйд болох үйл явдлын таамаглал, төсөөллийг хэт туйлшрахгүйгээр эдийн засагчид нь тооцооллоо хийгээд ямар байдлаар ашигтай байх вэ гэдгийг монголчууд нийтээрээ хэлэлцэж шийднэ.
Г. Идэрээ