Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч “Иннопром” үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн ээлжит арга хэмжээг ОХУ-ын Екатеринбург хотноо (2021.07.6-9) нээх бэлтгэл ажил эхэлжээ. Тус үзэсгэлэнд олон улсын компани, бизнес эрхлэгчид өөрсдийн шинэ технологи, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, цаашлаад бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой томоохон үзэсгэлэн юм. Энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой Монголын аж ахуй нэгжүүд танилцуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний мэдээллээ УУХҮЯ-нд хүргүүлэх аж.
“Иннопром” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагддаг чуулганы нэгдсэн хуралдаан, дугуй ширээний уулзалт, бизнес уулзалт ба хэлэлцээр зэрэг арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид, шинжээчид, эрдэмтэд өргөнөөр оролцдог онцлогтой.
2010 онд анх “Иннопром” үзэсгэлэнг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас зохион байгуулсан бөгөөд 2012 оноос тус улсын Засгийн газрын шийдвэрээр Холбооны статус, 2013 онд олон улсын статустай болсон байна.
Л.Номин